“Монголын нууц товчоо”-г судлах, цуглуулах ажил дэлхийн хэмжээнд эрчтэй өрнөж буй. Өдгөө Монгол, Япон, Америк, Герман, Хятад зэрэг 60 гаруй улс орон “Нууц товчоо” -ны олон бар хэвлэлийг цуглуулан хадгалж байгаа билээ. “Монголын нууц товчоо” зохиол шинэ хэвлэл, хялбаршуулсан хувилбар, хураангуйлсан товч, үндсэн эхээс нь галиглан буулгасан хувь, цахим хувилбар, сонсдог эх гэх мэт олон янз бий.
Торгон дээр урласан Монголын нууц товчоо
Монголын нууц товчоог бүрэн эхээр нь 180 метр торгон дээр зүү ороох болон хонин холбоос оёдлоор оёжээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан ээж Т.Сумъяа, охин Гуамарал, охины найз Хэрлэн нар оёж дуусгахаар төлөвлөсөн байсан ч хугацаандаа амжаагүй тул энэ жилийн “Үндэсний бичиг соёлын өдөр” –өөр олонд дэлгэн үзүүллээ. Бүтээлд нийт 12.500 цагийг зарцуулсан бөгөөд ажлын өдөрт шилжүүлбэл нийт 5 жилийн хөдөлмөр ажээ.
Монголын нууц товчооны 12 бүлгийг 12 жилийн зээгт наамлаар бүтээж, гарчгийг зүү ороох оёдлоор, номыг хонин холбоос оёдлоор, есөн эрдэнийн өнгийн утсаар бүрэн эхээр нь оёж дуусгасан байна. Монголын нууц товчоог торгон дээр урлахыг сэтгүүлч, зохиолч Х.Энхбат санаачилсан байна. Урлагч Т.Сумъяа цэцэрлэгийн багш мэргэжилтэй, түүний охин Гуамарал МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн байна.
Алт, мөнгөн үсэгт, эрдэнийн шигтгээт Монголын нууц товчоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт Монголын нууц товчоо цор ганцыг бүтээж Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 2009 оны 2 дугаар сарын 24-нд залсан байна.
Монголын нууц товчоо – Комикс
Германд амьдардаг монгол зураач Э.Отгонбаяр “Монголын нууц товчоо”-г комикс хэлбэрээр бүтээжээ. Тэрбээр 13 жилийн турш комикс, монгол зураг болон Монголын түүх судалсны үр дүнд 600 гаруй хуудастай уг номоо дуусгасан байна. “Монголын нууц товчоо” комиксыг миниатюр зургийн аргаар бүтээж, герман хэлээр тайлбарласан байна. Тэрбээр Берлин хотод “Монгол” нэртэй галерейг ажиллуулж, нутаг нэгт уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтыг зохион байгуулдаг ажээ.
Тэрбээр уг бүтээлийнхээ талаар “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ. Монгол зураг бол номын зураг, тэр тусмаа комик зурганд их тохиромжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, Монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог, мөн залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийнхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно” хэмээн ярьсан байна.
Эсгий дээр ширсэн Монголын нууц товчоо
Хэнтий аймгийн нэгэн гэр бүл “Монголын нууц товчоо”-г 100 метр урт эсгийн дээр зээг оёдлоор хатгаж, ширж Гиннесийн номд бүртгүүлэхээр ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сараас энэ бүтээлээ эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар ажиллаж байгаа ажээ. Уг бүтээлд ямар нэг үг үсэг орохгүй, бүх утга агуулгыг эсгий дээр дүрсэлж, түүнийгээ зохицох өнгөөр будна гэдгийг оёдолчин Г.Нарантуяа онцолсон байна. Сийлбэртэй монгол гэр, тавилга үйлдвэрлэдэг тус гэр бүл “Хан Хэнтийн гар урчууд” компаниа ажиллуулаад 10 орчим жил болж байгаа бөгөөд 7 ажилчинтай байна.
Эх сурвалж: Ц.АНУЖИН