Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр хариу өгчээ. Хариунд “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй.
Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно. Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” гэжээ.
“ХАРИУ ӨГӨХ ТУХАЙ” АЛБАН БИЧГИЙГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ
Танаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу 2016 онд явагдсан Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн.
Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ээлжит болон ээлжит бусаар нийт 8 удаа чуулж, Байнгын, дэд, түр хороод 583 удаа 529 орчим цаг, нэгдсэн хуралдаан 152 удаа 648 орчим цаг хуралдаж, улс орны чанартай эдийн засаг, нийгмийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд бие даасан 87 хууль, 549 хуульд өөрчлөлт оруулах тухай, 29 гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, 52 хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон Улсын Их Хурлын 248 тогтоол, нийт 965 хууль, тогтоол батлан гаргаад байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас төсвийн сахилга батыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасаж, орлогоо нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг шинэтгэх чиглэлээр батлан гаргасан бодлого, шийдвэр амжилттай хэрэгжиж байна.
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр 2016 оны гуравдугаар улиралд -1.4 хувьд хүртэл буурч байсан эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувьд хүрч өссөн. Үүнээс уул уурхайн бус салбарын эдийн засаг 7.5 хувьд хүрч өсжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 9 сарын байдлаар 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2018 оны эхний 9 сард 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөцийн хэмжээ өмнөх оноос 2.3 дахин өсч, 3.0 тэрбум орчим ам.долларт хүрээд байна.
Олон Улсын Валютын Сангаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 5 дахь шатны үнэлгээг хийж, эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан төдийгүй, зорилтот бүх тоон үзүүлэлт, шалгуурыг бүрэн хангасан гэж дүгнэсэн.
Монгол Улсын Их Хурлаас эдийн засаг, банк санхүүгийн салбараас гадна өрхийн орлого, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар онцгой анхаарч, 2018 оноос эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135.0 мянга орчим ээжид сар бүр 50 мянган төгрөг, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлсэн. 2018 оны хаврын ээлжит чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэр гаргасан бол 9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлээд байна.
Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 720 орчим тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан. 2017 оны намрын чуулганаар Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн албанд анх орох болон дэвшин томилогдох шалгуур үзүүлэлтийг өндөр болгож, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх журмыг нарийвчлан тогтоон, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгасан. Эдгээр зохицуулалтууд 1 сар гаруйн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Таны саналд дурдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, дутагдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс шийдвэрлэж, улмаар албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр заасныг анхаарах нь зүйтэй байна. Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс