Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр /2018.11.06/ үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Мэдээллийг товчлон хүргэе.
-Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал эерэг таатай өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг дагаад зээлийн эрэлтүүд нэмэгдэж байгааг тоон мэдээллүүд харуулж байна. Ерөнхийдөө, Монгол Улсын хувьд зээлийн эрэлт өндөртэй улсуудын нэг. ББСБ-ын хувьд банкны үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа зээлийн эрэлтийг хангаж байгаа гэж нөгөө талаасаа ойлгож болно. Зээлийн эрэлтийг хангахад банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ чухал.
-2017 оны жилийн эхэнд буюу нэгдүгээр сард санхүүгийн зохицуулах хорооноос зээлийг хүүг бууруулах боломжтой гэдэг мэдэгдлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, ББСБ-ыг чадавхжуулж мэргэжлийн оролцогчдыг бий болгох шийдвэрүүд гарсан. Үүнд зээлийн хүүг аажмаар буулгах шаардлага ч мөн багтсан. 2020 он гэхэд зээлийн хүүг дунджаар 2.2 хувь хүртэл бууруулах боломж байгаа. Тэгэхээр зээлийн хүү шууд огцом хурдтайгаар буух боломжгүй. Зах зээлийнхээ жамаар алгуур боловч буурах эерэг хандлагууд ажиглагдаж байна.
-Гуравдугаар улирлын тоон үзүүлэлтийг харахад хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 26 хувиар өссөн байгаа. 2016 онд ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг 2.5 тэрбумд 2021 он хүртэл үе шаттайгаар нэмэх тогтоолыг санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан. Энэ тогтоол жил болгон ББСБ-ууд үе шаттай хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмж явсаар 2021 онд, 2.5 тэрбум төгрөгт хүргэнэ гэсэн ойлголт. Энэ хүрээнд ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгөд орж ирж байгаа хөрөнгө дээр хатуу хяналт шаардлага тавьдаг. Тухайлбал ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмнэ гэхэд тухайн хөрөнгө нь ямар хэмжээний татвар төлдөг, хэрхэн олсон мөнгө вэ гэдэг дээр хатуу хяналт тавьдаг. Энэ хяналтыг даваад ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгө рүү зээлийн болон бусад бохир мөнгө орох боломжгүй.
-Банкнаас бусад санхүүгийн салбар үндсэндээ дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг эзэлсэн байна. Энэ нь санхүүгийн салбарт гарч байгаа ахиц дэвшил. Өнөөдөр 54 үнэт цаасны компани зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн гуравдугаар улирлын санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг харахад нийт хөрөнгийн хэмжээ өссөн дүнтэй харагдаж байгаа боловч санхүүгийн хорооноос тавьсан хөрөнгийн шаардлагын доод хэмжээнд хангаж ажиллаагүй газрууд бий. Хөрөнгийн зах зээлийг дэмжиж ажиллахын тулд үнэт цаасны салбарт ажиллаж байгаа компаниудын чадавх сайн байх ёстой. Хөрөнгийн зах зээл дээр олон улсын хоёр байгууллагатай хамтарсан төслийн ажил 2019 оны нэгдүгээр улирлаас эхэлнэ. Үүнд компанийн бондын асуудлыг түлхүү хөгжүүлэх хэлбэрээр ажиллана. Хоёр дахь нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох төлбөр тооцооны хадгаламжийн төв арилжааны төв хөрөнгийн биржүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах хүрээнд хэрэгжих төсөл юм.
-Санхүүгийн зохицуулах хорооны гол үндсэн үүргүүдийн нэг нь санхүүгийн зах зээл дээрх хэрэглэгч харилцагч нарын эрх ашгийг хамгаалах. Энэ хүрээнд хяналт шалгалтуудыг байнга хийдэг. Монгол Улс мөнгө угаах терроризмтой тэмцэх хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын байгууллагын хар жагсаалт руу халтирах эрсдэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд Монголбанк , Сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо хамтраад олон ажил хийж гүйцэтгэлээ. Ер нь банкнаас бусад санхүүгийн салбарын хяналт зохицуулалтын ажиллагааг хийдэг хороонд хамгийн том ачаалал ирсэн. Учир нь тоогоор нь харахаар санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нь цөөхөн мэт харагддаг болов ч түүнд оролцогчдын тоо хязгааргүй их. Үндсэндээ 2000 гаруй хуулийн этгээдүүдэд хяналт тавьж байна гэсэн үг. Энэ нь зөвхөн мөнгө угаах терроризмтой тэмцэх чиглэлээр шүү. Дээрх ажлын хүрээнд 4-7 сарын хооронд хөдөө орон нутагт ажилласан. Олон улсын байгууллагууд бидний хийсэн ажлыг үнэлсэн учраас Монгол Улс хар жагсаалт руу орох аюул тодорхой хэмжээнд буураад байна. Хугацааг нь сунгаад дараа жилийн долдугаар сарын 1-н хүртэл бидэнд хугацаа өгсөн. Энэ бол бидний нөр их хөдөлмөрийн үр дүн гэж харж байна.
Эх сурвалж СЗХ