НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалах дөрвөн жилийн төсөлд 15.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна. 2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд Засгийн газрыг дэмжиж ажиллах ажээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Цаг хугацаа шаардлагатай. Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг асуудал шийдэгдтэл хамгаалах шаардлага бий. Тиймээс хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүд өртөхийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарна” гэжээ.
Хамтарсан хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, бодит тоо баримт гаргах, сургуулийн өмнөх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрсдэлийг бууруулах, үндэсний хэмжээний бодлого боловсруулах ажлыг хийх юм.
Хөтөлбөрийг дээрх хоёр байгууллагаас гадна Их Британийн Ватерлогийн их сургууль, Азийн хөгжлийн банк, Нийслэлийн ЗДТГ, Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Өвлийн улиралд Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5 өдрийн цагт 687 мкг/куб.метрт хүрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн стандартаас 27 дахин их байгаа үзүүлэлт юм. Хүүхэд дөнгөж эхийн хэвлийд бий болсон мөчөөс агаарын бохирдлын сөрөг нөлөөнд өртөж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь уушгины үрэвсэл болж буй юм. Судалгаагаар Улаанбаатар хотын төвд амьдарч буй хүүхдүүд хөдөө амьдарч буй хүүхдүүдээс уушгины хэвийн үйл ажиллагаа 40 хувиар сул гэж гарчээ.