Зэвсэглэсэн эр Камеруны Баменда хотын нэгэн сургуулийн 79 сурагчийг хулгайлсан тухай даваа гаригт /2018.11.05/ CNN агентлаг мэдээлжээ.
Хотын захиргааны төлөөлөгчийн мэдээлж байгаагаар, сэжигтэн “Presbyterian” сургуулийн дотуур байр руу дайран орж, хамгаалагчид хүч хэрэглэн хүүхдүүдийн унтаж байсан ангийг заалгасан байна. Ингээд хүүхдүүдийг барьцаалан сургуулийн автобусаар явах гэсэн боловч автобусны жолооч автобус нь эвдэрсэн мэтээр дүр эсгэсэн учраас сэжигтэн тэднийг барьцаалан явган явжээ.
Гурван өдрийн өмнө тус сургуулийн захирал болон багш нарыг хулгайлсан гэв. Камеруны тусгай хүчнийхэн болон цагдаагийнхан хүүхдүүд болон бусад хүмүүсийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлж, нисдэг тэргээр хайж байгаа юм байна. Хүүхдүүдийг хэсэг бүлэгт хуваан авч явсан байж болзошгүй гэж хотын захиргаа үзэж байна. Цахим сүлжээнд хулгайлагдсан хүүхдүүдийн бичлэгийг цацжээ.
Бичлэг дээр хөвгүүдийг жижиг өрөөнд оруулан хаанаас ирсэн болон нэрээ хэлэхийг шаардаж байв. Хөвгүүд “Би өчигдөр шөнө сургууль дээрээсээ “Амба” бүлгийнхэнд хулгайлагдсан. Одоо хаана байгаагаа мэдэхгүй байна” гэж хэлжээ. “Амба” гэдэг нь Амбазониа буюу Камеруны англи хэлтэй салан тусгаарлагчдын байгуулахыг зорьж буй улсын нэр юм байна. Үүнтэй төстэй хэрэг есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх үед Бафут хотод гарч байжээ.
ЕБС-ийг есөн сурагчийг барьцаалж, сурагчдыг гэр бүлийнхэн нь нэг сая франк төлж гурав хоногийн дараа эсэн мэнд буцаан авч байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны сүүлээр Германы колони байсан Камеруныг ялагч талууд болох Франц, Британи улсууд хувааж авсан юм. Камерун улс нь Канадаас гадна дэлхий дээр Франц, Англи хэлийг хоёуланг нь албан ёсны хэлээ болгосон цорын ганц улс юм.
Гэвч тус улсын хүн амын 20 хувийг англи хэлтнүүд бүрдүүлдэг. Улсыг 35 жилийн турш захирч байгаа ерөнхийлөгч болон бусад дээгүүр зиндааны хөрөнгөтнүүд нь бүгд Франц хэлтэн аж. Англи хэлтнүүд өөрсдийг нь хүчээр франц соёлд уусгаж, олон жилийн турш франц хэлтэн олонход дарлуулж байгаа гэж үздэг бөгөөд тэдний бухимдал 2016 онд дээд цэгтээ хүрсэн юм. 2016 оны сүүлээс эхлэн Камеруны англи хэлт цөөнхийн амьдардаг мужуудад хүчирхийлэл газар авсан байна. Анх тэднийг эсэргүүцлийн тайван жагсаал хийхэд нь засгийн газрын зэвсэгт хүчин гал нээж, тосгодыг нь шатааж байжээ.
Эх суррвалж: CNN