Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ өчигдөр намын гишүүнд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргав. Сахилгын шийтгэл авсан хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа болов.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулган болсон бөгөөд тус чуулганыг Баянгол дүүрэг дэх АН-ын намын байранд нууцаар зарлаж ардчилсан намын гишүүн эмэгтэйчүүдийг оруулахгүй байна гэсэн бэсрэг бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тарсан.
Харин АН-ын дарга энэ бужигнааныг Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг зохион байгуулсан гэж үзсэн бололтой. Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр (2018.11.05) Д.Пүрэвдавааг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнээс хөөж, “үймээний эзэн”-ний хөлийг тушив.