Мажигийн ТУНГАЛАГ
Нийгмийг хөдөлгөдөг бүх л салбарт тодорхой хэмжээний гажиг үүсээд удлаа. Гэсэн ч энэ нь хэт популист үйлдэлд дурласан шийдвэр гаргагчдад онцын хамааралгүй, хөндлөнгийн зүйл мэт санагддаг бололтой. Шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд энэ сэдвийг сөхөн хөндөхдөө туйлын хойрго, хөндсөн ч өнгөц хандах нь өөрөө удирдах албан тушаалтнуудад нүүрлээд байгаа бас нэгэн төрлийн гажиг юм.
Нийгэмд нүүрлэсэн гажиг, системийн хямрал ингэхэд чухам юунаас үүсээд байна вэ. Өнөөдөр бид үүнийг л хамгийн түрүүнд олж харж, гарах шийдлээ зөв тодорхойлох ёстой болоод байна. Харин тэрхүү гажиг хаана нуугдана вэ?
Юуны өмнө бидний хамгийн түрүүнд анхаарал хандуулах салбар бол боловсролын салбар гэж бодож байна. Системийн хямралд өндөр хувь нэмэр оруулж байгаа салбар бол энэ салбар. Сургалтын чанар, чадвартай боловсон хүчин, Монгол Улсын, улс орны хөгжлийг түүчээлэх иргэдийнхээ тархийг зохих ёсоор цэнэглэх учиртай энэ салбарынхан амин хувийн бизнесээ хөөгөөд нийгмийн гэрэл гэгээ, улс орны ирээдүй гэдэг юмыг хөсөр хаяад удлаа.
Саяхаан, 1980-аад онд МУИС-ийн математикийн ангийг төгссөн сэхээтнүүд уулзалдаад энэ сэдвийг сөхөн хөндсөн талаар товч өгүүлье. Хотын дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд захирал хийдэг нэгэн “Манай сургууль бага ангийн багш ажилд авна” гэсэн зар өгөхөд багшийн дипломтой 20 гаруй хүн ирж бүртгүүллээ. Бүгдийг суулгаад цээж бичгийн шалгалт авахад хамгийн бага нь 11 алдсан. Тооны багш өгүүлбэртэй тавдугаар ангийн бодлогоо бодож чадахгүй сууцгааж байна хэмээн яриад халаглаж байв.
Улаанбаатараар дүүрсэн, хотын түгжээ, хүн амын өсөлтөд нэмэр өгөхөөс өөр гавъяа нэмээгүй хувийн их дээд сургуулиуд бол өнөөдөр бидний нэн түрүүнд ярих ёстой сэдэв мөн юм. Хөдөө хөхөрч, гадаа гандаж хэдэн малаа өсгөж байгаа эцэг эхчүүд хөөрхий хүүхдүүд нь их дээд нэртэй ямар сургуулийн босгыг алхаж байгааг үл мэднэ. Хүүхдүүд сураад дээд боловсролтой болж л байвал боллоо гэсэн эцэг хүний, эх хүний халуун сэтгэлээр хандаад, хэдэн малаа зарж үрэн энэ сургуулиудыг санхүүжүүлж байгаа. Харин тэр сургуулиудыг төгссөн залуучууд зохих ёсны боловсролыг олж авч чаддаг уу. Үүнийг бид анхаарах л ёстой.
Хуучин нийгмийн үед Их дээд сургуулийн багшийн ангийн хуваарийг хамгийн шилдэгүүд авдаг байв. Сурлагаар ч тэр, хүмүүжлээр ч тэр тэргүүлдэг тэдгээр шилдэгүүд Монголын ирээдүй үеийнхний тархийг цэнэглэж байсан. Одоо бол багшийн сургуульд их дээд сургуулийн уралдаант шалгалтын хамгийн бага оноог авсан хүүхдүүд огт сургуульгүй үлдэж байснаас хавьгүй дээр гэж үзсэндээ авч байна.
Цөөн тооны мэргэжилдээ дурлаж элссэн оюутныг эс тооцвол Монголын багш бэлтгэдэг сургуулиуд ийм оюутнаар дүүрсэн байгаа. Багш болно гэж бараг бодож үзээгүй, ирээдүйд би төрийн байгууллагын хамгийн бага цалинг авах юм байна гэсэн бодолтой, өөртөө итгэлгүй хүмүүс шавь нартаа юу зааж сургах вэ? Тэдний гараас ямар шавь нар төрнө гэж бодож байна. Системийн хямралын гол зангилааны нэг болсон энэ эмзэг асуудал бол одоо бидний ярих сэдэв мөн.
Боловсролын яам салбарынхаа уураг тархи нь болж, багш бэлтгэдэг хувь, хувьсгалын сургуулиудтайгаа ажиллаж, боловсролын салбарын хамгийн эмзэг асуудлыг хэлэлцэж, багш болох огтын сонирхолгүй элссэн оюутнуудаа хэрхэн чадвартай болгох вэ. Хэрхэн өөртөө итгэлтэй болгох вэ. Ирээдүй ямар байх ёстой вэ гэдэг асуудал руу хөтлөөд цэнэглэж, чиглүүлж байх ёстой. Гэвч өнөөгийн цаг үед салбарын уураг тархи болох бодлогын яамныхан ажлын 8 цагийнхаа багадаа 50 хувийг худалдан авах ажиллагаа, тендерт зарцуулж байгаа. Үлдсэн 50 хувийг тендер худалдан авах ажиллагааны баримтынхаа араас хөөцөлдөн үрж байгаа нь харамсмаар…
Өөр нэгэн жишээ. 2010 оноос МУИС-ийн математикийн ангид бараг оюутан элсэхээ больсон байна. МУИС-ийн математикийн ангид нэг намар нь ганцхан оюутан элссэн байх юм. Бүх шинжлэх ухааны хаан гэгддэг, бүх шинжлэх ухааны үндэс болдог математикийн ангид элсэх хүн олдоогүйд ичиж нэрэлхсэн МУИС-ийн багш нар тэр жил математикийн ангиа нуугаад, өөр ангитай нийлүүлж, ганц оюутнаа тэнд шингээсэн байгаа юм. Шинжлэх ухааны суурь математик ийм айхтар хоцролттой явж байхад бусад салбар хоцрогдохгүй гээд яах юм бэ?
Хүн амын өсөлт, эрүүл мэндийн хувь заяаг тээсэн эрүүл мэндийн салбар гэж онц чухал салбар бий. Зөвхөн энэ хоёр тодорхойлолтын дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа анагаахын сургуулиудын сургалтын бааз, сурах орчныг нэг анхаараад үзэхэд гэмгүй. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулиудын талаар яриахад анагаахын мэргэжлийн хүн нээсэн хувийн анагаахын сургуулиуд бол сургалтын баазаа боломжийн хэмжээнд бэлдэж, зарим сургууль бас мөнгөнд шунаагүй эм зүйч гэх мэт цөөн төрлөөр элсэлт авсан нь харагддаг. Гэтэл зарим хуулийн сургууль дэргэдээ эмч бэлдээд тэнд эрүүл мэндийн салбар гэж юу болохыг мэдэхгүй оюутнууд бужигнаж байна. Энэ сургуулийн эзэд өөрсдөө өвдвөл одоо бэлтгэж байгаа эмч болох оюутнууддаа итгэж эмчлүүлэх болов уу. Энэ бол үндэсний эмгэнэл биш гэж үү!
Нийгмийн хямралд хандив өргөж байгаа боловсролын салбарын гунигт түүх монголчуудад оюуны авдараа уудлахыг сануулж байх шиг. Одоо бид оюун ухааны уурхайгаа ухаж, өв соёлоо эргүүлж сөхөх ёстой болжээ. Энэ уурхайгаас их хэмжээгээр олз олсон, одоо амарч байгаа үнэ цэнэтэй хүмүүсээ эргүүлж гаргаж ирээд зөвлөгөө аваад явмаар байна. Тэднийгээ бодлого тодорхойлох яамандаа авчирч зөвлөхөөр томилоод, баримтууд дээр ажиллуулж, шинэ төлөвлөлт хийлгэж урагшилмаар…
Ямар ч улс оронд хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Монгол Улсын хар хайрцагны бодлого хаана байна вэ. Тэр гэрээслэлүүдээ эргүүлэн үзэцгээе. АНУ гэхэд өмнөх Ерөнхийлөгчүүдийн үнэ цэнэтэй үг, захиасыг одоо ч залгамжлан хэрэгжүүлээд явж байна. Манайд харин юу байдаг вэ?
Олдохгүй гэх юм байхгүй л дээ уг нь. Чингис хааны зарлигуудыг орчин үеийн хэлбэрт оруулаад авч ашигласан ч болж байна. Эцэст нь хэлэхэд ямар ч хүний хаана өсөж, юу сурч, хаана боловсорсон, яаж төлөвшсөн бэ гэдэг асуудал хамгийн чухал байдаг аж. Өлсгөлөн шуналтай орчинд хүн болсон хүн бол тэр хүсэл шуналаа дарж чадахгүй автдаг юм байна. Эрх мэдлийн шунал бас нийгмийг алдаг юм байна. Ийм хүмүүсийн алдааны үр нь одоо энэ нийгмийн байгаа төрх.
Эх сурвалж: ikon.mn
2 comments
ene ulsad iim bodlogo gej odoo baixgui ee zugeer l saixan ulsaas mongo ideed l suuj bval bolj baix shig…
Сургууль байгуулж хүүхдүүдийн мөнгөөр баяжсан их хурлын гишүүд ч байна. Бизнес болсон. Хэн яаж төгсөх сонин биш. Малчдыг цөлмөж байгаа нэг суваг болсон.