Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөх асан, эдийн засагч Т.Доржхандаас ЖДҮХС-гийн зээл, түүний зарцуулалт, үр өгөөжийн талаар цөөн асуултад хариулт авлаа.
-ЖДҮДС-гийн зээл зорилтот эзэндээ хүрсэнээр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засагт ямар үр өгөөжтэй талаар эдийн засагч хүний хувьд тайлбар өгөхгүй юү?
-2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрт ЖДҮХС-гийн зээлийн хүү буурсан. Хэрэгцээт зээл нь хамгийн ихдээ 100 сая төгрөг байсныг дээш өсгөсөөр 2 тэрбумд хүргэсэн. Салбарын сайд нь, эсвэл орон нутгийн төвшинд Засаг дарга нар нь шийдвэр гаргаад авчихдаг тогтолцоог бий болгосон. Ингэснээр Засгийн эрхэнд гарсан улс төрчид зөвхөн өөрсдөдөө зориулаад 500-600 тэрбум төгрөгийг ойр тойрныхоо хүмүүст хуваарилсан байна.
Үүнийг зөв голдиролд нь оруулах шаардлагатай. Аль болох дарга шийдэхгүй, улс төрч шийдэхгүй зах зээлийн системээр ЖДҮ-ийн зээлийг олгох шаардлагатай. Ингэж байж олон ажлын байрыг шийднэ. Ажлын байр яагаад чухал вэ. Дэлхийн 200 оронтой харьцуулах юм бол 50 улс нь өөрийн гэсэн нөөцтэй газрын баялагтай. Тэр 50 улсын нэг нь Монгол Улс. Гэхдээ газрын баялагтай улс орны эдийн засаг маш хүнд байдаг.
Яагаад гэхээр Уул уурхайн салбарт ажлын байр бий болдоггүй. Уул уурхайн салбарт 4-6 хувьд л ажлын байр бий болдог. Ажилтай орлоготой монгол хүн хэрэгтэй байна. Ажлын байрыг бий болгодог тэр санхүүжилтийн механизмыг бид хийх ёстой юм. Ажилтай орлогтой монгол хүн хэрэгтэйгээс мөнгө халамж хүлээдэг монгол хүнийг бүтээж болохгүй юм. Алдагдсан боломжийг зөвхөн ажлын байраар тооцоолж үзье. Олон улсад 10 мянган доллараар нэг ажлын байрыг бий болгоно гэж үздэг. 500-600 тэрбумаар тооцож үзэх юм бол дор хаяж 20-иод мянган ажлын бий болгох боломжтой байлаа. Гэтэл тэр мөнгө, тэр ажлын байр хаана байна.
-ЖДҮДС-гийн зээлийг ямар зохицуулалтаар олговол зорилтот хүмүүстээ хүрч, үр ашгаа өгөх бол. Олон улсын туршлага, зөв шийдэл юу байж болох вэ?
-Гурван төрлийн шийдэл байж болно.
Нэгд, Засгийн газар өөрийнхөө эх үүсвэрийг банкуудад өгөөд, банкууд зөвхөн үйл ажиллагааныхаа зардлыг нэмээд төсвийн эрсдэлийг өөрсдөө үүрэх систем. Ингэснээр банкууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй урт хугацаатай зээл олгож эрсдэлээ өөрсдөө үүрэх юм. Энэ схемийг бид 12 жил ашигласан. Анхны схем нь бол ийм байсан. Энэ үед хэн нэгэн дарга банк руу утасдаж нөлөөлөх боломжгүй байсан.
Хоёрт, тусгай зориулалтын төрөөс 100 хувь хараат бус хувийн сектор байгуулж болно. Тухайн секторын хөрөнгө оруулагчдыг дэмжих ажлын байрыг бий болгох юм. Энэ шаардлагаа Засгийн газрын зүгээс тавих боломжтой. Ингэж ажилладаг олон улсын туршлага байна.
Гуравт, төр маш том байгаа тохилдолд төрийг жижигрүүлэх хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг нь хумихын тулд төрийн эрхэнд байгаа үйлчилгээнүүдийг гэрээ байгуулах замаар хувийн секторт шилжүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хөрөнгө удирддаг компаниудтай гэрээ байгуулаад өөрийнхөө хөрөнгийг удирдуулах боломжтой. Зээл дамжуулж өгдөг биш хөрөнгө оруулдаг байя гэж байгаа юм.
Эх сурвалж: Ikon.mn