Валют зах зээлд эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаг бараа бүтээгдэхүүнтэй адил. Харин зах зээлийн энэ бүтээгдэхүүнийг зөв бодлогоор удирдаж, нөөцөө нэмэгдүүлэх нь төр засгийн болоод Төв банкны үүрэг. Гэвч үүнийг удирдах, чиглүүлэх субъектийн үүрэг, чиглэлийг хуульд тодорхой заагаагүйгээс валютын бодлого үндсэндээ 28 жил эзэнгүйдэж ирлээ. Тэгвэл валютын бодлогыг эзэнтэй болгох, валютын дотоод, гадаад хяналтыг чангаруулахаар УИХ шинэ хуулийн төсөл хэлэлцэж буй.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан УИХ-д хоёр удаа өргөн барьсан Валютын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэн хэлэлцэж байгаа юм. Уг нь манай улс валютын зохицуулалтыг анх 1994 онд хуульчилсан. Үүнээс хойш Валютын зохицуулалтын тухай хуульд 19 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд одоо шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцолж буй.
Улмаар хуулийн төслийг баталснаар валютын харилцааг оновчтой болгохоос гадна валютын урсгалыг хянаж, нөөц нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ч хэлж байгаа юм. Харин УИХ-ын гишүүд болоод эдийн засагчид хуулийн төслийг өргөн барьсан хэлбэрээр нь батлах нь сөрөг үр дагавар ихтэйг онцолж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн гол өөрчлөлт болох “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэсэн заалт нь банкны тогтолцоог эвдэх эрсдэлтэйг эдийн засагчид хэлж буй.
Учир нь, Төв банк арилжааны банканд хяналт тавьж, Засгийн газартай харьцах хуулийн заалттай. Харин арилжааны банк иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай харилцах тогтолцоотой. Гэтэл Төв банк иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчтай валютын арилжаа хийх нь банкны тогтолцоонд ухралт болно гэж тэд үзжээ. Үүнээс гадна хуулийн төсөлд Төв банк шаардлагатай тохиолдолд валютын бүхий л гүйлгээнд хязгаарлалт хийх зохицуулалтыг тусгасан нь валютын гарах урсгалыг хянах биш орох урсгалыг үргээх эрсдэлтэйг ч зарим УИХ-ын гишүүн хэлж байна.
Тэгвэл дээрх эрсдэл, болгоомжлолуудыг бататгах тааруухан туршлага бидэнд олон байна. Тухайлбал, 1990-1996 онд Төв банк арилжааны банкны ажлыг хамт хийдэг байв. Тухайн үед манай улсад асар том эрсдэлүүд бий болсон нь жилийн 250 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байснаар илэрнэ. Өөрөөр хэлбэл, тэр үед арилжааны банкууд байгаагүй учраас аж ахуйн нэгжүүд их хэмжээний хээл хахууль өгч, зээл авдаг байсан түүх бий. Харин дараа нь 2012-2016 онд Төв банк арилжааны банкуудтай зэрэгцэн тэдний ажлыг дахин хийж эхэлсэн байдаг. Үүний нэг жишээ нь 2013 оны нэгдүгээр сард “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллар орж ирэхэд Төв банк яахаа мэдэхгүй байсан гэхэд болно. Улмаар “Чингис бонд”-ын хөрөнгийг арилжааны банкуудад дамжуулан өгсөн.
Үүгээр зогсохгүй 2013 онд Төв банк 2.7 их наяд төгрөгийн цаас хэвлэж, Засгийн газартай нийлж мөнгө тараасан нь хэзээ ч арилахгүй түүх болон үлдсэн юм. Өнөөдөр бид горыг нь амсаж байна. Нэг ёсондоо Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийн ихэнх нь буруу менежментээр явсан гэсэн үг. Үүнийг Төв банк хянаж чадаагүй. Валют зохицуулалтын тухай хуулийн өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэдэг болчихвол юу болох вэ.
2021 оноос Оюутолгойн үйлдвэрлэл явагдаж эхэлнэ. Үүнийг дагаад эдийн засаг хоёр дахин томорно.
Дээр нь Цагаансуварга ордыг ашиглаж эхэлнэ. Жилд зургаан тэрбум ам.доллар эргэлдэж байгаа үйл явцыг хянахын тулд гурван тэрбум ам.доллар Төв банкны дансанд байнга орж гарна гэсэн үг. Үүнийг Төв банк хийж чадах уу гэдэг нь асуудалтай. Үнэндээ өдөр болгон зургаан тэрбум ам.доллартай, том эргэлттэй, үйлдвэрийн тасралтгүй процессыг хангаж чадах хэмжээний чадал Монголбанканд байхгүй. Үүний оронд арилжааны банкууд нэгдэж, зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс халж байна. Бүр болохгүй бол гаднын банк.оруулж ирэх нь илүү дээр гэдгийг ч хэлж байгаа юм.
Гэтэл одоо УИХ-аар хэлэлцэж буй Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Төв банканд арилжааны банкны ажлыг дахин хуваарилах нь. Энэ нь буруу гэдгийг дээр дурдсан жишээ болоод улстөрч, эдийн засагчдын байр суурь тод харуулах биз ээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН:
Хуулийн төслийн өргөн барьсан хэлбэрийг эргэж харах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, хуулийн төсөлд Монголбанкнаас валютын бэлэн болон бэлэн бус бүхий л гүйлгээнд шаардлагатай тохиолдолд хязгаарлалт тавьж болно гэсэн заалт оруулсан байна билээ. Хэдийгээр энэ нь нэг өгүүлбэр бүхий заалт ч эдийн засагт асар их сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, манай улс хөрөнгийн хяналттай болох цаг нь болоогүй. Бид хэзээ нэгэн цагт хөрөнгийн хяналттай улс болохыг үгүйсгэхгүй.
Хангалттай их нөөц, олон жилийн тогтвортой гадаад худалдаа, байнгын ашигтай эдийн засгийн бүтэцтэй болох үед хөрөнгийн хяналттай болох нөхцөл бүрдэж магадгүй. Гэтэл өнөөдөр ийм зохицуулалттай болох цаг хугацаа нь огт биш. Бид валютын нөөцийн байнгын хомсдолтой, импортлогч орон. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шалтгаалж эерэг гарч байна. Гэвч цаашдаа тогтвортой байх эсэх нь тодорхойгүй шүү дээ. Хууль санаачлагчдын санаа нь валютын хяналтаа дотооддоо чангаруулах байгаа юм. Гэхдээ нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолно гэдэг шиг зүйл болох нь.
Өөрөөр хэлбэл, дотооддоо хяналттай болно гэж хуульчлаад гадаадаас орж ирэх валютын хөрөнгө оруулалтыг үргээх маш том аюул байна. Энэ өөрчлөлтийг эргэж харж, энэ удаагийн хуулиас хасах хэрэгтэй. Үүнээс гадна хуулийн төсөлд Төв банк иргэдтэй валютын арилжаа хийх зохицуулалт оруулсан байна. Энэ нь маш буруу. Монголбанк алтнаас бусад арилжаанд Засгийн газар болон арилжааны банкуудтай харилцах хуультай. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжтэй валютын арилжаа хийж тогтолцоогоо эвдэж огт болохгүй. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ асуудлыг анхаарах шаардлагатай.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
Валютын зохицуулалтын шинэчилсэн найруулгатай сайн танилцаагүй болохоор болгоомжлол байгаа нь харагдаж байна. Ялангуяа валютын гадаад, дотоод гүйлгээнд хяналт тавьж, зөвхөн Монголбанкаар дамжуулах, иргэн, аж ахуйн нэгжийн гүйлгээнд хяналт тавих нь гэх мэт буруу ойлголт байна. Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хориглох, хязгаарлах заалт байхгүй. Монголын газар нутагт явуулж буй валютын гүйлгээ, төлбөр тооцоог Төв банк хариуцна гэж байгаа ч Төв банкны тухай хуульдаа тодорхой зааж өгөөгүй.
Эдгээр заалтыг болон төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг Валютын зохицуулалтын хуулийн шинэчилсэн найруулгатай нэгтгэж байгаа. Төв банк, арилжааны банк, хөрөнгө оруулалтын бусад банкны алинд нь данс нээх эрхийг өгөх вэ гэдэг нь ажлын хэсгийн хуралдааны явцад тодорхой болох болов уу. Ер нь энэ мэт зүйлээс болж иргэн, аж ахуйн нэгжийн дансыг хаах нь гэдэг буруу ойлголт яваад байна. Ялангуяа, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар банк хоорондын гүйлгээнд ач холбогдол өгч, анхаарал хандуулах тухай юм.
Өөрөөр хэлбэл, Валютын зах зээлийн гол тоглогч нь Монголбанк болон томоохон арилжааны 3-4 банк байна. Хуулийн бас нэг шинэчлэл нь арилжааны банкууд руу чиглэсэн зөв зохицуулалт хийх, зах зээлээ сайжруулах, платформоо өргөжүүлэхэд анхаарал хандуулсан. Түүнээс иргэн, аж ахуйн нэгжийн валютын гүйлгээг хаах, хориглох гэсэн заалт байхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
Хуулийн төслийн хэлэлцүүлгээр эерэг үр дүнг нь л яриад байна. Сөрөг үр дагаврыг тодорхой яримаар байна. Банкны салбарын хүмүүстэй уулзах үеэр уг хуулийн төслийн сөрөг үр дагавар олон байгааг ярьж байсан.
Миний харж байгаагаар орж ирж байгаа валютын урсгалыг хязгаарлах болгоомжлол байна. Мэдээж бидэнд валютаас илүү хэрэгтэй зүйл гэж үгүй. Гэхдээ эрсдэлээ бас тооцох ёстой
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ:
Арилжааны банкууд Валют зохицуулалтын хуулиар маш том бүтээгдэхүүнээ Төв банкинд алдаж байна. Валютын том хөдөлгөөнийг Төв банк булаагаад авчхаж байна. Арилжааны банкуудад үүнийг хийх боломж байгаа. Төв банкинд данс нээснээрээ валютын зах зээл дээр байгаа тоглогч нь Төв банк өөрөө болно. Өнөөдрийн Засгийн газар, Монголбанк таван жилийн өмнөхтэй харьцуулж болохгүй. Тэр үед эдийн засаг нэмэх 17 хүрч байсан. Гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларт байлаа. 2013 оны нэгдүгээр сард эдийн засаг нь эрчимтэй унасан.
Гадаадын хөрөнгө оруулалт 2013 оны дунд үеэс 100 сая ам.доллар дээр очсон. Харин өнөөдрийн нөхцөл байдалд орлогын ямар ч тасралт байхгүй. Алт, зэс, нүүрснээс 5.2 тэрбум ам.доллар олж байгаа. Татварын орлого хоёр их наядаар давж биелсэн. Энэ орлоготой байгаа үедээ зөв менежмент явуулах ёстой. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт бол зөвхөн цаасан дээр байгаа. Иргэддээ хүрэхэд 2-3 жил шаардлагатай.
ЭДИЙН ЗАСАГЧ Т.ДОРЖХАНД:
Валютын орох, гарах урсгал дээр мэдээллээ сайжруулах зорилгоор зохицуулалт хийж байгаа юм” гэж Монголбанкнаас тайлбарласан. Валютын систем чөлөөтэй, уян хатан байхад хөрөнгө оруулагчид орж ирдэг. Гадаад худалдаа нэмэгддэг. Орчин үеийн санхүү мөнгөний систем дээр аль болох уян хатан байж гэмээнэ тухайн улсад их хэмжээний валютын урсгал орж ирдэг. Гэтэл эсрэгээр нь хяналт тавиад, зохицуулалт хийгээд хязгаарлавал хөрөнгө оруулагчид үргэнэ. Мөн гадагшаа болон дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалт
зогсоно. Хөрөнгө оруулагчдын идэвх, санаачилга буурна шүү дээ.
Манайх зөвхөн нүүрсээ гаргаж валют олдог улс болчих гээд байгаа юм. Тиймээс айхавтар улстөржих биш мэргэжлийн талаас асуудалд хандах хэрэгтэй байна. Монголбанк хуулиндаа зөв нэр, томьёо өгөөд шаардлагатай бол мэргэжлийн эдийн засагчидтай зөвлөлдөх хэрэгтэй.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
У.Сарангэрэл