2018-11-05 16:171min07

Б.Батзориг сайдыг цагдан хорих нөхцөл үүсч магадгүй байна

batzorig

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2018.11.05) үдээс хойш 15.00 цагт хуралдав. Баасан гаригт (2018.11.02) АТГ-т байцаагдсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг өнөөдөр УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж шалгах саналыг Прокурорын байгууллага УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Үдээс хойш Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая (2018.11.05 оны 16.02 цаг) “Бүлгийн хурал дээр сайд Б.Батзоригийн асуудал хөндөгдсөн. Прокурорын бичигтэй гишүүд танилцсан. Асуудлыг маргаашийн хурлаар хэлэлцэхээр болсон” гэж мэдэгдлээ. Прокурорын байгууллагын саналыг МАН-ын бүлэг дэмжин Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээр эргүүлэн татах шийдвэр гаргасан тохиолдолд Б.Батзоригийг шууд цагдан хорих нөхцөл үүснэ гэсэн яриа улс төрийн хүрээнд үүссэн байна.

Үүнтэй зэрэгцэн МАН-ын УИХ дахь 32, 33 бүлэг энэ асуудал дээр ямархуу байр суурь гаргах бол гэсэн таавар асуулт ч анхаарлын төвд байна. Б.Батзориг бол УИХ дахь МАН-ын тусгаарлагдсан бүлгийн нэг, У.Хүрэлсүхийн талын хүн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс У.Хүрэлсүхийн талынхан зээл авсан байдалтай байгаа. Тиймээс энэ бүлэг Б.Батзоригийг авч үлдэхийн төлөө зүтгэх болов уу.

Харин М.Энхболдын тэргүүлсэн нөгөө бүлэг Б.Батзоригийг явуулахын төлөө санал нэгдэх магадлалтай. Тэдэнтэй АН-ын УИХ-ын гишүүд ч байр суурь сууриа нэгтгэх байх. Хэрвээ УИХ дахь МАН-ын бүлэг албан бус хоёр бүлэг ойлголцолд хүрч, нэг нэгэндээ буулт хийхгүй бол эрх баригч МАН-ын рейтинг улам уруудаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцрох зам шулуудаж мэдэхээр байна.

Үүнээс гадна У.Хүрэлсүхийн танхимын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээ гарч байна. Гэхдээ энэ бол хараахан батлагдсан мэдээ биш юм.