Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржид өнөөдөр (2018.11.05) Тээвэрчдийн гэргий нарын холбоо, “Баянзам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөллүүд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар 140 орчим аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авсан, 12 мянга гаруй нүүрс тээврийн хэрэгсэл байгаагаас 2000 орчим нь л монгол эзэнтэй, үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай тул тэдэнтэй нийгмийн хариуцлага тооцоход асуудалтай байдаг аж.
Тээвэрчдийн гэргий нарын зүгээс жолооч нарын ажил амралтын цагийг тодорхой болгох, тухайлбал шөнийн тээврийг өдрийнх болгох, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, архи согтууруулах ундаа худалдаалах цэгт хяналт тавих, тэрэгний бүхээгийн халаагуурыг стандарттай болгох, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын байгууллага, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг “Цагаан хад”-ны гаалийн хяналтын бүст томилон нүүрс ачилт буулгалтын талбайн үйл ажиллагаа, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй хор хохирлын талаар хамтарсан дүгнэлт гаргуулах, тэнд үүсээд буй нөхцөл байдлыг талууд хэлэлцэх, замын ачааллыг бууруулах зэрэг саналыг тавив. Нүүрс тээврийн замд буй олон мянган тээвэрчдийн эрүүл мэнд, амь насны асуудлыг нэн тэргүүнд тавьж хамтран ажиллахыг хүслээ. Өөрөөр хэлбэл, ХЭҮК-оос “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийлгэсэнтэй холбоотойгоор тус үнэлгээнд тусгагдсан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, тээвэр, нүүрс ачилт, буулгалтыг хүний эрүүл мэндэд хор хөнөөл багатайгаар зохион байгуулах тухай Засгийн газрын 320 тоот тогтоолын заалтыг хангуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Харин ХЭҮК Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлолт, тээвэрлэлттэй холбоотой үүсч буй хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, жил бүр Өмнөговь аймагт ажилладаг бөгөөд холбогдох байгууллагуудын удирдлагууд, албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг мэдээлж, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг ярилцаж байгаа гэв. Дээрх иргэний нийгмийн байгууллагын төлөөллийнхний санал, хүсэлтийг хүлээн авч, ямар ч үед амтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
ХЭҮК “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний тайланг 2018 оны 6 болон 10 дугаар саруудад Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгадад зохион байгуулж, орон нутгийн удирдлагууд, иргэд, холбогдох яамд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, уул уурхайн болон нүүрс тээврийн компаниуд зэрэг олон талт төлөөллийг оролцуулан хэлэлцүүлээд байгаа билээ. Уг хэлэлцүүлэгт дурдагдсан асуудлаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж 10 дугаар сарын 19-нд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, мөн сарын 22-нд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдтой уулзсан бол 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд нарыг тус тус хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэх гарц эрэлхийлэн ажиллаж байгаа юм байна.