АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд буюу Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед цөмийн гэрээний үр дүнд цуцлагдсан Ираны эсрэг бүх хоригийг дахин сэргээж байгаагаа мэдэгдлээ. Ираны цөмийн хэлэлцээрийг Обамагийн засаг Их Британи, Хятад, Франц, Герман, Орос улсуудтай хамтран байгуулсан нь түүний гадаад бодлогын нэг томоохон амжилтад тооцогдож байсан юм.
Харин Трамп уг гэрээг ашиггүй, алдагдалтай гэрээ гэж дүгнэдэг байсан юм. Эхний ээлжийн хоригууд өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бол өнөөдрөөс /2018.11.05/ эхлэн үлдсэн бүх хоригийг гүйцээн хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү мэдэгдлийнхээ дараа Трамп “Хоригууд айсуй, арван нэгдүгээр сарын 5” гэсэн гарчигтай “Game of Thrones” цувралаас сэдэвлэсэн зурагт хуудсыг твиттертээ нийтэлжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хориг арга хэмжээг “Иран улсын дураараа авирлахыг зогсоох зорилготой” хэмээн тодорхойлжээ.
Хэрвээ Иран улс энэхүү хоригоос чөлөөлөгдөхийг хүсвэл Вашингтоноос гаргасан терроризмыг дэмжихээ зогсоох, Сирид байлдааны үйл ажиллагаа явуулахаа болих, цөмийн болон баллистик пуужингийн хөгжүүлэлтээ зогсоох зэрэг 12 шаардлагыг биелүүлэх ёстой гэнэ. Шинэ хориг хэрэгжиж эхлэхэд Ираны эдийн засаг гүн хямралд унах нь тодорхой болж байна. Тавдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн эхний ээлжийн хоригийн дараа Ираны үндэсний валютын үнэ ханш тал хувиар унаж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөөд байгаа билээ.
Эх сурвалж: republicworld