Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт эхлэхийн өмнө, 2016.07.15, Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалт буюу АСЕМ өнгөрсөн 2016 оны долоодугаар сарын 15-ны өдөр эхлэхтэй зэрэгцэн улаанбаатарчууд төдийгүй монголчууд бүхэлдээ уг хурлаар амьсгалж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэлхийд өргөгдсөн нэр хүндийг шагшин магтаж байлаа.
Тэр дундаа, улаанбаатарчууд сайн дураараа замын хөдөлгөөнд хоригдож, оюутан залуус сайн дурын заавар зөвлөхийн албанд цаг наргүй, үнэ хөлсгүй зүтгэж, эгээтэй л Ази-Европын холбох их гүүр болсон мэтээр сэтгэлийн өндөр хөөрөлд өдөр хоногуудыг өнгөрүүлж байв. Энэхүү сэтгэл хөдлөлийг нь ашигласан улстөрчид, төрийн албаныхан ч “Монгол Улс хоёр тивийг холбох гүүр гэдэг нь батлагдлаа. АСЕМ-ийн дам нөлөөгөөр худалдааны эргэлт сайжирлаа. Ам.доллар орж ирлээ. Хятад, Япон, Солонгос улсаас буцалтгүй тусламж, дэмжлэг АСЕМ-д зориулан өгч байна” гэх мэтээр гоё ганган үг урсгасан.
Гэсэн ч уг хуралдаан өндөрлөж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний албатууд ажлаа өгөхтэй зэрэгцэн Үндэсний аудитын газраас “АСЕМ-тай холбоотой 290.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, уг зөрчилтэй холбоотой нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулна” гэж мэдэгдсээр хагас жил орчмын хугацаа өнгөрчээ. Тэгвэл асуудал хаанаа гацав, уг зөрчлийн ард хэн хэний нэр бичигдсэн бэ гэдгийг дэлгэрэнгүй мэдээлье.
Тэдний тэргүүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх, өдгөө Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн алба хашиж буй А.Ганбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ийн БАА-ын дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга асан Б.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг нар байгаа аж.
Тэгвэл тэд юуны учир шалгагдах болов. Хариулт нь тун энгийн. Хүн бүр дээр нь түүвэрлэж харах нь ээ, ямарваа нэгэн сонгон шалгаруулалтгүй шууд олгосон гүйцэтгэлүүд байх бөгөөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн чиглэл өгсний дагуу гэсэн хэд хэдэн ажлын гүйцэтгэл ч байх аж. Асуудлыг тодруулбал, зөвхөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан нарын нэр дээр гэхэд 79.2 тэрбум төгрөгийн үр ашиггүй зарцуулалт бичигдсэн байх жишээний. Гэтэл энэ мөнгөөр 100 хүүхдийн орон тоотой 80 цэцэрлэг барих боломжтой. Үүнийг хүүхдийнх нь тоогоор үржүүлэхээр 8,000 хүүхэд цэцэрлэгтэй, харах хяналттай, дулаан байртай болох боломжтой байж.
Харамсалтай нь, энэ мөнгө АСЕМ нэрийн дор үр ашиггүй, тодорхойгүй байдлаар зарцуулагдчихсан. Үүний 35.7 тэрбум нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн эрх мэдлээр зарцуулагдсан гэдгийг тодотгох хэрэгтэй. Мэдээж энэ бол Үндэсний аудитын газрын дүгнэлт. Хэрвээ үгүйсгэх буюу тайлбар хийх ёстой бол тэд бидэнд бус харин Үндэсний аудитын газарт хандах хэрэгтэй. Гэхдээ тусгай хэвлэмэл байдлаар бэлтгэгдсэн материалыг нь үзэх нь ээ, нүдэндээ ч итгэмгүй, ер нь бол төсөөлөгдөмгүй тийм мэдээлэл ч олонтоо таарах юм билээ. ЖИШЭЭ-1 БУЮУ БЭЛЭГ Анхандаа буюу 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуяг АСЕМ-ийн зочдод өгөх бэлэг дурсгалын зардлыг 215.6 сая төгрөгөөр батлуулсан байгаа юм.
Гэтэл энэ зардал нь сүүлдээ 981.4 сая төгрөгт хүрч, өссөн байх жишээний. Зөвхөн дээд хэмжээний уулзалтад ирсэн нэг төлөөлөгчийн бэлэг гэхэд 6.7 сая төгрөгт хүрсэн баримт бий. Балыг нь гэхэд Япон улсад тусгай захиалгаар хийлгэсэн гээд бод. Тэр дундаа, тус бүрийг нь 1.5 сая төгрөгөөр хийлгэж, нийтдээ 82.5 сая төгрөг болсон эмээл хазаарыг нь нийлүүлэх гэрээ байгуулсан “Аз билэг Ерөө” компани нь улсын бүртгэлд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тэмдэглэгээгүй байх жишээний.
ЖИШЭЭ-2 БУЮУ НҮҮДЭЛЧДИЙН НААДАМ
АСЕМ-ийн уулзалтад оролцсон төлөөлөгчдөд зориулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд 738.6 сая төгрөгийн зардал гаргахдаа шууд гэрээ байгуулсан. ЖИШЭЭ-3 БУЮУ АРХИ ДАРСНЫ НИЙЛҮҮЛЭЛТ “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд зарцуулсан зардлыг эзлэх хувийн жингээр нь авч үзэхэд уг арга хэмжээний нийт зардлын 40 хувь буюу 315.7 сая төгрөг нь хоол, ус, архи, шар айрагны үнэ болон сүүдрэвчийн зардалд зарцуулагдсан байна. Ингэхдээ зочдын тоог 500 гэж үзээд нэг хүн тус бүрт 1.1 литр архи, 9.6 литр ундаа, 5.5 литр ус, 25.1 литр шар айраг байхаар тооцож, нийлүүлэлт хийгджээ. Ямар үхэр, үнээ биш дээ гэж бодмоор энэхүү 315.7 сая төгрөгийн зарцуулалтыг яаж ч бодсон 500 зочид төлөөлөгчдийг идсэн уусан гэж бодож боломгүй. Үүнийг Үндэсний аудитын газрын дүгнэлтэд “Төсвийг бодитой биш, үндэслэл муутай төлөвлөсөн” хэмээн дүгнэсэн байна билээ. Мэдээж албаны дүгнэлтийг ингэж хийж болох ч эргээд бодоход, үлдэгдэл нь хаашаа орсон бэ гэдэг эрэл хайгуул үүний араас гарах нь зүй ёсны хэрэг биз ээ.
ЖИШЭЭ-3 БУЮУ ИНЕГ
Тус байгууллага АСЕМ-тай холбоотойгоор хэрэгжүүлсэн 25.1 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээний зарим гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа мөн л хуулийн дагуу ажиллаагүй нь дээрх дүгнэлтэд үлджээ. Тэдгээрээс түүвэрлэвэл, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигч үйлчилгээний танхимуудын өргөтгөл засвар, техник хэрэгсэл худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа үнэлгээний хороо байгуулалгүй, ажлын хэсэг байгуулах замаар “Анхууш” ХХК-тай 1.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг компаниас гүйцэтгэлийн баталгаа шаардаагүй нь анхаарал татна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын перроны өргөтгөлийн ажлын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа үнэлгээний хороо байгуулалгүй, мөн л ажлын хэсэг байгуулах замаар “Рэс” ХХК-тай 7.1 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд мөн дээрхийн адил уг компаниас гүйцэтгэлийн баталгаа шаардаагүй байна.
ЖИШЭЭ-4 БУЮУ ХОТ
Нийслэлд АСЕМ-ийн хүрээнд 35.7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг зохион байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга нийслэлийн харьяа газруудад шилжүүлж, тэр бүх арга хэмжээний гүйцэтгэлийг сонгон шалгаруулахгүйгээр шууд гэрээ байгуулсан байна. Тухайлбал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэг тохижилтын ажлын хөрөнгөөс “АСЕМ”-ийн бэлтгэл ажлын хүрээнд гурван тэрбум төгрөгийн ажлын Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар захиалагчийн тогтоосон чадавх шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримт, үнийн санал зэргийг харгалзаж үзэхгүй шууд 35 компанитай гэрээ байгуулсан. -Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах хүрээнд хийгдсэн 21 төсөл арга хэмжээний 2.3 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй.
ЖИШЭЭ-5 БУЮУ ЗАМ
АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн автозам, замын арчлалтад нийслэлээс 13.8 тэрбум, Хөгжлийн банкны концессын 6.9 тэрбум гээд нийтдээ 20.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 187 төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг шууд сонгон гэрээ хийж, санхүүжилтийг олгосон байдаг. Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийг шалгаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зөв гэж үзсэн. НЗД-ын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто зам барихад саналаа ирүүлсэн “Готик голд” компанийг санхүүгийн чадамжгүй хэмээн үзэж гэрээ байгуулах боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан атлаа ердөө дөрвөн өдрийн дараа буюу мөн оны гуравдугаар сарын 29-ний өдөр уг компанитайгаа 958.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж орхижээ…
ЖИШЭЭ-6 БУЮУ СҮҮДРЭВЧ
“Их мандах-Очир” ХХК-тай 165 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж 15 байршилд сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандал хийлгүүлжээ. Нэг бүр нь 11 сая төгрөгийн үнээр хийлгэсэн уг сүүдрэвчийнх нь дүр зураг энэ. Хэрэв жирийн иргэн байсан бол 11 сая төгрөгөөр хангалттай жижиг гэлтгүй өвөл, зуны байшин барьж дөнгөх нь тодорхой. АСЕМ-тай холбоотой Үндэсний аудитын газрын дүгнэлтийг энэ мэтээр жагсааж, эргүүлж тойруулан мэдээлэхэд нэг өдөр хангалтгүй. Иймд бид цаашид үргэлжлүүлэх болно. Гол нь, энд тодотгох ёстой сэдэв өнцөг бол Ази, Европын улс орнуудын удирдагчийг Монгол эх орондоо сайндаа урьж, хуралдуулсан бус харин мөнгө завших шалтгаан болгосон уу гэх хардлага.
Тэр дундаа, хурдан хугацаанд ажлыг амжуулах нэрийн дор бүхий л шаардлагатай гэх зарцуулалтыг ямар ч сонгон шалгаруулалтгүй, шууд сонгож байсан тухай тэмдэглэл, аудитын дүгнэлт. Тиймээс ч тухайн үед нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн пиар Монгол Улсын төсвийн энтэй байж болох уу гэдэг асуудлыг сэтгүүлчид хөндөн бичиж байсан. Олон нийтийн хувьд ч энэ бол зүй ёсны асуулт байсан. Гэтэл энэ нь зөвхөн пиар байгаад зогсохгүй түүний албатуудын мөнгө завших өгөөш арай 290.8 тэрбум төгрөгт хүрсэн юм биш байгаа.
Мэдээж энэ бол шалгагдах ёстой сэдэв. Тодруулах ёстой өнцөг. Мөн та бидний асуух ёстой асуулт. Гагцхүү Ерөнхий прокурорын газар хэзээ шургаж, асуудлыг эцэслэн, хариултыг нь өгөх вэ гэдэгт л хүлээлт үүсгэх нь бидний үүрэг биз ээ. Тиймээс ч тайлан дүгнэлтийг цаашид үргэлжлүүлэн хүргэхээ илэрхийлье ээ. Бид бичлээ гэхэд тэд шалгасан цагт үнэн илүү тод харагдах учраас тэр ээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Г.Отгонжаргал
5 comments
Aimaar uym Mungu idegchid shorind ordoggvi Namaar uvchilj uursduu ballaj bna.&
Хүний хийсэн сайхан ажил дээр өтний ялаа шиг өт цацаж явдаг МАН-ны дуракуудын нэрсийг ил болго. Тэр үед ЕС асан Ж.Эрдэнэбатаар ахлуулсан бүхэл бүтэн коммис ажилсан юмшдээ
АСЕМ монголын нэр хүндийг нэг их өсгөөгүй байхаа, ямар ч асуудал шийддэгүй, баахан мөнгө зардаг форум шүү дээ, Элбэгдорж, Монголын MSC компани их завшсан байх, нэг нь пиар хийж, нөгөө нь төсвийн мөнгөөр зочдын баахан барилга барьж, Элбэгдорж гадаадад гарсан гэж үнэн үү, энд тэнд л хуралд баахан пиараа яриад яюж байна гэсэн
ШИНЖААНЫ ЦАГААЧ ХОВДОГДОРЖЫН МУУ АМБИЦАНД МАШ ОЛОН МОНГОЛЧУУД ХӨЛС ХҮЧЭЭ МӨЛЖҮҮЛСЭН ДЭЭ , ТӨРӨӨС ТӨРСӨН АНХНЫ $ н ТЭРБУМТАН ХОВДОГДОРЖИНО .
ХОВДОГДОРЖ