Хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад нь тариаланчдад бүхий талын дэмжлэг үзүүлж, дэмжлэг үзүүлснээр энэ жилийн тухайд урьд онуудаас тариалалт эрс нэмэгдэн, арвин ургац хураан авчээ. Ургац хураалтын ажил дуусч, урьдчилсан дүнгээр 409,6 мянган тонн үр тариа, 160,9 мянган тонн төмс, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 117,8 мянган тонн тэжээл, 19,3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгааг Ургацын төв штабаас мэдээлж байгаа юм.
Үүнийг өмнөх онтой харьцуулахад үр тариа 172,6 мянган тонноор, төмс 44,5 мянган тонноор, хүнсний ногоо 14,5 мянган тонноор, тэжээл 57,3 мянган тонноор, тосны ургамал 7,2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү Монгол Улс улаан буудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдлээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримталсантай холбоотой гэж үзэж байна.