Эрээн хотын Хөдөлмөр хүч, ажил олголтын үйлчилгээний газраас БНХАУ-ын хилийн боомт Эрээн хотод ажиллаж амьдарч буй монголчуудад анх удаа Монгол Улсын иргэдийн хилийн хотод ажиллах үнэмлэхийг олгожээ. Тухайн иргэний овог нэр, үнэмлэхийн дугаар, хүчинтэй хугацаа зэрэг мэдээллийг багтаасан картын QR кодыг уншуулж, Монгол Улсын иргэдийн Эрээн хотод ажиллаж байсныг нотлох мэдээлэл, ажиллаж байсан албан байгууллага, ажилласан цагийг харах боломжтой.
Мөн монгол иргэдийг урилгаар ажиллуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг авах боломжтой аж. Одоогийн байдлаар Эрээн хотод Монгол Улсын 2000 орчим иргэн байнга оршин суудаг байна. Тэд гол төлөв арилжаа худалдаа, үндэсний хувцас үйлдвэрлэл, ачаа барааны тээвэр, барилга, нийтийн хоол зэрэг салбарт ажилладаг аж.