Цахим сүлжээг ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт ихэсч буйтай холбогдуулан ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Кибер гэмт хэргийн талаар тодруулахгүй юу?
-Олон улсын нэр томьёогоороо нэлээд олон хэргийг нэгтгэж байж цахим гэмт хэрэг гэдэг ойлголт бүрддэг. Кибер гэмт хэрэг гэдэг нь ерөнхий нэршил юм. Монгол Улсын эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэж заасан байгаа. Үүнд гурван зүйл анги хамаардаг. Тухайлбал, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, хортой программ зохион бүтээх, тараах, болон цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах төхөөрөмж бэлдэх, халдах зэрэг нь багтдаг юм. Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны чиг үүрэгт, цахим мэдээллийн сүлжээ ашиглан хувь хүний мэдээлэлд хууль бусаар халдах, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих, хүүхдэд садар самууныг сурталчлах, хүүхдийг ашиглан садар самуун үйлдэлд татан оролцуулах, интернэт орчинд бусдыг хууль бусаар мөрдөж, мөшгөх гэсэн зүйлс нэмэгдэж, нийт найман зүйл ангийн хүрээнд хамаарах хэргийг кибер гэмт хэрэг гэдэг.
-Сүүлийн үед цахим орчныг ашиглан иргэдийг луйвардаж, эд мөнгөний хохирол учруулах тохиолдол ихэссэн гэл үү?
-Интернэт орчинд иргэдийг залилж, мэхлэх асуудал маш их болсон. Олон улсад энэ төрлийн луйвар нь кибер гэмт хэрэгт хамаарагддаг. Харин манай улсад үүнийг залилах гэмт хэрэгтэй тэмцэх нэгж шалгадаг.
-Иргэд яагаад кибер гэмт хэргийн золиос болоод байгаа юм бэ?
-Нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нөхцөлийг иргэд өөрсдөө бүрдүүлж байдаг. Олон нийтийн дунд мэдээлэл хомс байгааг гэмт хэргийн гаралт, хохирогчдын тоо нэмэгдэж байгаагаас харж болно. Бодит орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс ялгарах тал нь цахим орчинд үйлдэгдэж буй гэмт үйлдлээс иргэд өөрсдийгөө хамгаалах 99 хувийн боломжтой байдаг. Учир нь бодит амьдралд буюу хэн нэгэн гудамжинд явж байхад хоёрдогч этгээд түүнийг санамсаргүй байхад нь гэмтээх, эд зүйлийг нь хулгайлах зэргээр хохирогч болгодог бол интернэт орчинд гадны хүчин зүйл шууд тань руу халдаж, хохирооно гэж байдаггүй. Хэрэв тухайн хүн интернэт орчинд өөр рүү нь ирж байгаа аюул заналхийллийг хараад мэддэг, гадарладаг бол янз бүрийн хортой холбоо руу нэвтрэхгүй, идэвхжүүлэхгүй, танихгүй хаягаас ирсэн найзын хүсэлтийг авахгүй байх зэргээр өөрийгөө хамгаалж болдог. Гэвч хил хязгааргүй, цагийн зөрүү нөлөөлдөггүй зэрэг нь цахим орчны дутагдалтай тал юм. Гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд дэлхийн хаанаас ч гэсэн бүгд интернэтэд холбогдоход цагийн зөрүүгүй ажиллаж, хэн нэгэнд хохирол учруулах боломжтой. Кибер гэмт хэргийг мөрдөхдөө цагдаагийн байгууллагуудууд олон улсын гэрээ конвенци, эрх зүйн туслалцаа зэргийг зөрчихөд хүрдэг. Тиймээс үндэстэн дамнасан гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа алдах эрсдэлтэй байдаг.
-Яагаад фэйсбүүк орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс иргэд өөрсдийгөө хамгаалж чадахгүй байгаа юм бол?
-Улс орон болгоны эрх зүйн зохицуулалт хоорондоо ялгаатай байдаг. Фэйсбүүк дээр монгол хүний эрх ашиг зөрчигдөхөөр цагдаа хүчний байгууллагаас эсвэл өөр байгууллагууд тухайн хаягийг устгаж болдоггүй, хаягийг нь сэргээгээд хамгаалалтад авч чаддаггүй. Бид хийж болох хэдий ч фэйсбүүк гэдэг нь өөрөө Америкийн компани, тухайн хүн фэйсбүүкт бүртгүүлээд орсон л бол Америкийн нэгдсэн улсын хуулиар хамгаалагдаад, харилцаа нь түүгээр зохицуулдаг. Тэгэхээр цагдаа хүчний ямар ч байгууллага таны болон бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн мэдээллийг шууд гаргуулан авах ямар ч боломжгүй. Мөн Америкийн нэгдсэн улс болон манай улс хооронд эрүүгийн хэргийн асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймээс хүндрэлүүд гардаг учир иргэд хэрэв утасны дугаар дээр чинь ямар нэгэн код ирээд түүнийг хэн нэгэн “Андуураад оччихлоо, хэлээд өгөөч” гэх юм бол хэзээ ч битгий хэлж өгөөрэй гэдгийг сануулъя.
-Иргэд яг ямар үйлдэл хийснээс болж цахим гэмт хэрэгт холбогдож байна вэ?
-Хэрэг бүр өөрийн онцлогтой. Энэ орчинд залилангийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг. Мөн хүүхэд, том хүн, аж ахуйн нэгжүүд хохирч байгаа хэрэг ч их бий. Залилангийн хэргийн тухайд гадаадаас Монгол руу халдаж, иргэдийг хохироосон зөрчлүүд гарч байна. Тухайлбал, гадаад улсаас иргэдийн и-мэйл хаягт “Та сугалаанд хожлоо”, “Таны дугаар санамсаргүйгээр азтан боллоо. Тиймээс доорх хаягаар орж өөрийн хувийн мэдээллээ бөглөнө үү” гэж хуурдаг. Эсвэл фэйсбүүкээр гадаад залуус монгол бүсгүйтэй танилцан “Би чамд виз гаргаж өгнө. Хоёулаа гэрлэе”, “Би чам руу их хэмжээний мөнгө шилжүүлье. Учир нь энэ мөнгийг банкаар дамжуулж шилжүүлэхээр өндөр татвар төлөх гээд байна. Тиймээс эхлээд чам руу өгье, тэгээд чи авчихаад миний хүссэн газар руу шилжүүлээд өгөөч. Танай улс татвар нь бага, хөнгөлөлттэй байдаг юм байна” гэж хэлэн мөнгө шилжүүлэх гэж байгаа хүний и-мэйл рүү интернэт дугаараас залган “Таны нэр дээр их хэмжээний мөнгө байна. Үүнийг авахын тулд та манай улсын хуулиар татвар төлөх ёстой. Энэ данс руу мөнгө хийнэ үү” гэж дөрвөөс таван удаа шилжүүлэг хийлгэдэг. Гэтэл мөнгө шилжүүлснийхээ дараа “Би юу хийчих вэ” гэж хохирогч болсноо мэддэг.
-Шилжүүлсэн мөнгийг нь буцааж авч өгөх боломжгүй гэх юм билээ?
-Одоогоор буцаагаад аваад өгчихсөн тохиолдол алга. Учир нь гэмт бүлэглэл нь Англид, хохирогч руу хортой код илгээсэн хүн нь Сингапурт, мөнгө хүлээн авч байгаа нь Японд зэрэг үндэстэн дамнаж байрладаг хүндрэл бий. Тэдгээр хүмүүс интернэтээр холбогдож бүгд ашиг хүртдэг. Тийм болохоор хэргийг шийдэхийн тулд Монголын цагдаа Сингапур, Англи, Япон руу очоод ажиллагаа явуулахад хэцүү. Гэхдээ олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполд хүсэлт илгээдэг. Гэвч интерпол ч гэсэн богино хугацаанд хэрэгтэнг барьж чаддаггүй. Манай улсад тулгараад байгаа нөхцөл байдлаас болоод тэр. Гэмт этгээдүүд тэнэг хүмүүс биш учир хэзээ ч өөрийнхөө нэр дээр мөнгө хүлээж авдаггүй нь шалгалтын ажилд саад болдог. Тиймээс иргэддээ “үнэгүй зүйл зөвхөн хавханд байдаг” гэдэг ухагдахууныг суулгамаар байна. Хүн хэзээ ч танд их хэмжээний мөнгө зүгээр өгөхгүй, фэйсбүүкээр хүнтэй гэрлэе гэж гуйхгүй, виз гаргаж өгөхгүй шүү дээ. Ялангуяа өөрөө юу ч өгөхгүйгээр танаас мөнгө авах гэж байгаа тохиолдлын дийлэнх нь залилан байх магадлалтай.
-Иргэд өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах ёстой юм бол?
-Танихгүй хаягтай найз болоод хэрэггүй. Мөн бусдын цахим хаягаар нэвтэрч дотны хүмүүс, найзуудаас нь мөнгө залилж байгаа асуудал сүүлийн үед нэлээд газар авч байгаа. Тиймээс хэн нэгэн цахим орчинд мөнгө зээлээч гэж байгаа тохиолдолд яаран шилжүүлэг хийх хэрэггүй. Тухайн хүнтэй уулзах, утсаар ярьж баталгаажуулах нь чухал.
-Гэмт этгээдүүд хүний хаяг руу нэвтэрч, танил хүмүүсээс нь мөнгө гуйгаад байгаа гэмт хэргийг хэрхэн үйлддэг вэ?
-Манай улсад энэ төрлийн гэмт хэргийг хоёр төрлийн аргаар үйлддэг. Тухайлбал, утасны дугаарыг нь тааруулдаг. Нэвтрэх нэр нь нууц үгтэйгээ адилхан бол үүнийг бүгд автоматаар тааруулаад хүний хаяг руу орчихдог. Тиймээс иргэд өөрсдөө чанаргүй хамгаалалт хийхгүй байх хэрэгтэй. Өөр нэг хэрэглэгдэж байгаа арга нь “fishing” юм. Үүнийг олон улсад “загасчлах” гэж ярьдаг. Энэ нь ямар нэгэн банкны нэвтрэх нүүрийг дуурайлган хуурамчаар хийсэн вэб сайтад хэрэглэгчээр нэвтрэх нэрээ, нууц дугаарыг нь бичүүлэхэд л хангалттай. Хэрэв биччихвэл тухайн хүн өөрийн бүх мэдээлэл, нууцлалаа алдчихлаа л гэсэн үг. Цахимаар залилуулж байгаа иргэдийн ихэнх нь энэ хоёр үйлдлийг хийснээс болоод эд материалаараа хохирч байна.
-Танайд цахим гэмт хэргийн золиос болсон хичнээн тохиолдол бүртгэгдсэн байна?
-Одоогоор цахим орчинд үйлдэгдсэн 409 хэрэг дээр ажиллаж байна. Үүний 320 нь зөвхөн залилах төрлийн гэмт хэрэг байсан. Харин дээрх найман зүйл ангид хамаарах 48 гэмт хэрэг бүртгэлтэй байна. Цахим мэдээллийн аюулгүй байдал буюу сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн 35 гэмт хэрэг байгаа. Цахим орчинд үйлдэгдэж буй кибер гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгаа.
-Байгууллагууд хохирч буй тохиолдол бий юу?
-Цахим орчинд байгууллагууд хамгийн их өртөж байгаа гэмт хэрэг нь и-мэйл луйвар юм. Энэ нь дан ганц манай улсад тохиолдоод байгаа зүйл биш, дэлхий нийтэд үйлдэгдэж байгаа кибер гэмт хэрэг дотроо хамгийн эхэнд жагсаж байгаа. Учруулж буй хохирлын хэмжээ нь асар өндөр. 2016 оны байдлаар нэг сар 62 сая орчим ам.долларын хохирол учруулж байна гэсэн. Манай улсын тухайд гадаад худалдаа эрхэлж байгаа байгууллагууд үүнд их өртдөг.
-Үүнийг дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?
-Тухайлбал, харилцагч хоёр байгууллага байлаа. Нэг нь гадаадаас худалдаж аваад мөнгөө шилжүүлдэг, нөгөө нь бараагаа шилжүүлдэг. Гэтэл нэг өдөр гадаад компаниас “манай дансны мэдээлэл өөрчлөгдлөө. Хуучин дансан дээр шалгалт орчихсон, мөнгө хүлээн авах боломжгүй тулд энэ удаагийн мөнгөө 13…… данс руу шилжүүлнэ үү” гэсэн утгатай и-мэйл ирдэг. Харахад яг тухайн компанийн хаягаас ирсэн байдаг. Гэвч үүнийг нь манайхан нягтлахгүйгээр и-мэйлд итгээд мөнгөө шилжүүлж байгаа нь гэмт хэрэгтний өгөөш болчихлоо л гэсэн үг. Хэрвээ хариу өгөхдөө и-мэйлийг хянаад үзвэл гэмт этгээдийн ашигласан жинхэнэ и-мэйл харагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, би хэний ч өмнөөс и-мэйл бичиж болно. Гэвч хариу илгээх үед миний хуурамч хаяг харагдах юм. Мөн и-мэйл хаягийн эх кодыг харж, харилцагч байгууллагатайгаа холбогдож, лавлах хэрэгтэй. Манай улсад энэ төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол 2013 онд бүртгэгдэж байсан. Хохирлын хэмжээ хэдэн тэрбумаар яригдана.
-Цахим гэмт хэргийн улмаас хүүхэд хохирч байна гэсэн үү?
-Хамгийн сүүлд л гэхэд фэйсбүүкээр дамжуулан 24 настай нэгэн этгээд өөрийгөө 16 настай гэж 14 настай охинтой хуурамч хаягаас харьцаж, гэрийн хаяг, сургуулийн мэдээллийг авчихсан байсан. Нөгөө охин хуурамч хаягаас харьцаж байсан тул өөрийгөө аюулгүй гэж бодон нүцгэн зургаа явуулахад охины жинхэнэ цахим хуудсыг олж, нүцгэн зургийг нь тараана гэж дарамтлан нүцгэнээрээ дүрсээ харж ярихыг шаардсан гэсэн дуудлага манай дээр ирж, бид хүүхдэд туслалцаа үзүүлсэн. Шалгалтын ажлыг явуулахад Улаанбаатар хотын харьяа тодорхой эрхэлсэн ажилгүй этгээд хуурамч хаягаар ийм хэрэг үйлдэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан нь илэрсэн. Цахим орчинд хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болохдоо эдийн засгийн хохиролд төдийлөн өртдөггүй. Харин сэтгэл санаа, бие мах бод, амь насаараа хохирох аюултай байдаг.
Эх сурвалж:dnn