АНУ-ын Орегон мужийн их сургуулийн эрдэмтэд энгийн цонхоор өдрийн гэрэл тусдаг өрөө, зөвхөн хэт ягаан туяа тусдаг, эсвэл маш муу гэрэлтүүлэгтэй өрөөнүүдийн тоосонд шинжилгээ хийжээ.
Тэд Портленд дүүргийн байшингуудаас цуглуулсан тоосыг тасалгааны энгийн температурт хадгалсан байна. Ингээд 90 хоногийн дараа тоосыг дахин цуглуулж, дотор нь байгаа нян бактерийг тодорхойлжээ.
Гэтэл өдрийн нар тусдаг өрөөнүүдэд нян бактери бага үржжээ. Хэт ягаан туяа нь халдваргүйжүүлэх үйлчилгээтэй, ундны усыг цэвэрлэдэг. Тиймээс ч нян хамгийн бага үржинэ гэж тооцоолж байсан боловч энгийн нарны тусгалтай өрөөнүүдийг бодвол нян бактерийг тийм ч сайн устгаж чадахгүй байв. Ялангуяа нарны гэрэл их тусдаг өрөөнд амьсгалын замын өвчлөл үүсгэдэг бактериуд амархан устаж байжээ. Тэгэхээр аливаа нян бактериас сэргийлэхийн тулд барилгачид, архитекторууд нарны гэрэл тусах цонхны шийдлийг сайтар бодолцох ёстой ажээ.
Б.ЦЭЛМЭГ