Эмирет профессор цолыг шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан тэргүүлэх эрдэмтэнд олгодог. Тэгвэл Монгол Улсын ШУА-ийн гишүүн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор С.Нарангэрэл монголын хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээ үнэлүүүлж өнөөдөр энэхүү цолоор энгэрээ мялаалгалаа. Түүхэндээ энэхүү цолыг хүртсэн хоёр эрдэмтэн байдаг бол гурав дахь нь академич С.Нарангэрэл юм.
Тэрээр дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн, нэгэн цагийн том эрдэмтэн юм. Академич С.Нарангэрэлийн олон бүтээл Англи, Орос, Хятад, Герман, Япон хэлнээ хэвлэгдэж нийтийн хүртээл болсон. Мөн монголын хуульч-эрдэмтдийн дотроос анх удаа 2000 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, хууль зүйн шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Түүнчлэн дэлхийн олон орны сургуулиудтай холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллахад их хувь нэмэр оруулсан. Тэрбээр Япондоо хамгийн олон Нобелийн шагналтнуудыг төрүүлэн гаргасан Японы Нагояагийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн Хүндэт докторын цолыг 2005 онд хүртсэн юм.
Энэхүү ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Академич С.Нарангэрэл багш бол 1975 оноос хойш МУИС-ийн хууль зүйн салбарт 43 жил багшилсан, нэр хүндтэй, туршлагатай, үе үеийн шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн, монголын ард түмэнд танигдсан нэрт сурган хүмүүжүүлэгч билээ. МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл академич та МУИС-ийн ивээл хүндлэлд насан туршдаа багтаж, гадаадад эрдэм шинжилгээний хуралд оролцоход сургуулиас санхүүгийн дэмжлэг авах, хоёр жилд нэг удаа мөнгөн тусламж авах, сургуулийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд уригдах зэрэг бусад дэмжлэгийг МУИС-ийн зүгээс хүртэх болно” гээд МУИС-ийн Эмирет профессорын өмсгөл, энгэрийн тэмдэг, диплом гардуулсан юм.