Хүнсний аюулгүй байдал гэсэн сэдэвт монголчууд тэгтэлээ ач холбогдол өгөөд байдаггүй. Эх орны хүнс, цагаан идээ, байгалийн жимс жимсгэнээр хүнсээ бэлтгэх дотоод хэрэглээ сүүлийн жилүүдэд чамлахааргүй өсч байгаа ч жижиглэн худалдаа эрхэлдэг хүнсний дэлгүүрүүдийн лангуу насанд хүрээгүй хүүхдүүд худалдан авч иддэг импортын жимс, жимсгэнээр дүүрсэн байдаг.
Төрөл бүрийн хатаасан жимс, самар, чавга гэх мэт амттаныг хүүхдүүд хичээл, гэр хоёрын дунд явахдаа ээж ааваасаа авсан бага зэргийн мөнгөнд тааруулан авдаг. Энэ нь хүнсний дэлгүүрүүдийн гол орлогуудын нэг болдог байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид өнгөрч буй долоо хоногт гэнэтийн шалгалт хийж, импортоор орж ирсэн бичиггүй, хаяг шошигийн зөрчилтэй, хүний биед сөрөг үзүүлэх эсэх нь эргэлзээтэй, 20-иод төрлийн жимс жимсгэнийг их хэмжээгээр борлуулж байгааг илрүүлсэн байна.
Эдгээр нь дээр дурдсан бага насны хүүхдүүдийн дэлгүүрээс байнга худалдан авч ирддэг чихэрүүд юм. Заримынх нь хугацаа дууссан, хаана ямар орчинд ямар найрлагаар үйлдвэрлэгдсэн тодорхойгүй эдгээр бүтээгдэхүүний хор нөлөө өнөөдөр илрэхгүй ч ирээдүйд илрэх аюултай гэж мэргэжлийнхэн сануулж байна.
Импортоор их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх эрх нь аж ахуйн нэгжид байдаг. Гэвч шалгалтанд хамрагдсан агуулахын эзэн хятад иргэн Эрээнээс оруулж ирдэг. Гарал үүслийг нь мэдэхгүй. Сайн үзэж авах ёстой юм байна хэмээн ярьж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид агуулахыг лацдаж, бүтээгдэхүүнийг шинжилгээнд оруулахаар ажиллаж байна.