Ипотекийн зээлийн асуудал ямар байдлаар үргэлжилж, цаашид хэрхэх нь олон нийтийн байнгын анхаарлын төвд явдаг. Одоогоор эргэн төлөлт 98 хувьтай байгаа бөгөөд ипотекийн зээлийн хүртээмж 2017-2018 онд харьцангуй бага байжээ.
Монголбанк эдийн засгийн бодит нөхцөл байдлыг тооцож үзээд Дэлхийн банктай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажиллаж байгаа аж. Монголбанк өнөөдрийн байдлаар гурван их наяд төгрөгийн алдагдалтай байгаа гэж тус банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлсэн бөгөөд холбогдох хуульд Засгийн газар өрийн бичиг, үнэт цаас гаргаж алдагдлыг хаадаг ганцхан зохицуулалттай. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүнд, Засгийн газарт санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх үүднээс Монголбанк үйл ажиллагааны ашгаас алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа юм байна.
Ипотекийн зээлийн асуудлыг төв банк бие даан шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа учраас ОУВС 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэх чиглэлийг Монголбанкинд өгчээ.