УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн мэдэгдэл, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой шуугиант асуудлаар болон С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын мэдэгдэлтэй холбоотойгоор өнөөдөр /2018.11.01/ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд “Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон учраас тарах ёстой гэдэг хүсэлтийг хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 22.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргатай зөвшилцөн санал болсноор УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн маш тодорхой заалт байгаа. Ийнхүү тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ гэсэн мөн заалт бий. Мөн Ерөнхий сайдыг УИХ-д 45 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, томилж чадаагүй бол бас тарахаар байгаа. УИХ-ыг тарах нөхцлүүдийг Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн байгаа.
Өнөөдөр АН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд түр хугацаагаар оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж хурлыг орхин гарсан байгаа. Нэгдүгээрт, УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг яаралтай хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхээс нааш бүлэг чуулганы хуралдаанд сууж бүх юм хэвийн байгаа мэт дүр эсгэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа.
Хоёрдугаарт, олон нийт маш их бухимдалтай байна. УИХ-ын олон гишүүн авлига, албан тушаалын асуудалд холбогдсон гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллагууд ажиллагаа явуулаад шалгах ёстой. Мөн УИХ-ын дотоод хяналтын байгууллага Ёс зүйн хороо яаралтай хуралдаж дүгнэлт гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.
Гуравдугаарт, 2019 оны төсвийг боловсруулахдаа гишүүдэд мөнгө хуваарилах замаар гишүүдийн амыг хаасан. УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулийн асуудлаар Ерөнхийлөгчийн санаачлагыг хүлээн авч, Нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна.” гэсэн юм.
Мөн тэрбээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хаах талаар байр сууриа илэрхийллээ. Энэ талаар “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгах, захиалагчыг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч нам, намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хааж байна гэсэн хууран мэхлэлт, тархи угаалт хийж байна гэж би харж байна. Хуулийн дагуу аваад үзвэл хөөн хэлэлцэх асуудлууд байгаа. Эрх баригчдад ганц л зүйлийг хэлье. Хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгаж болно. Соёлын өвийн гэмт хэрэг, төрийн өндөр албан тушаалтны амь насыг хөнөөсөн, бүх насаар нь хорих ял шийтгэсэн, цаазын ял өгч байгаа гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй байхаар УИХ, дээд шатны байгууллагууд шийдвэр гаргах бүрэн боломжтой. Бид хуулиа өөрчлөх бүрэн боломжтой.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. 1998 онд үйлчилж байсан эрүүгийн хуулийг бариад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж өнөөдөр асуудлаас бултах гэж байгаа бол бид хүлээн зөвшөөрөх боломжгүй, АН-ын бүлгийн дэд даргын хувьд Ж.Батзандан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье.” гэлээ.
АН-ын бүлэг ажил хаялт зарласнаар төсөв батлахад учрах саадын талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Төсвийн хуулийг хэлэлцэн батлахад арваннэгдүгээр сарын 15-н хүртэл хугацаа байгаа. Түүнээс өмнө төсвийн бодлогод гарсан алдаа завхралыг засах бололцоо боломж бий. Төсөв бол УИХ-ын гишүүдийн 50+1 хувиар батлагддаг. АН-ын бүлэг орсон ч ороогүй ч төсөв батлах бүрэн боломжтой.” гэсэн хариултыг өглөө.