Сураггүй алга болсон иргэний цогцсыг хээр булсан байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суугч С /эрэгтэй/ нь гэрээсээ машинтайгаа гараад сураггүй алга болжээ. Түүнийг сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь 22-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Ингээд эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн байна.
Хохирогч С нь 28 настай З /эрэгтэй/ гэгч танилын хамт хөдөө явсан бөгөөд З нь хохирогчийн амь насыг хөнөөн хээр булсан байж. З нь өмнө нь хулгайн хэргээр гурван удаа ял шийтгэл эдэлж байжээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.