Америкт төрсөн хүүхэд бүхэнд иргэншил олгох явдлыг зогсоох тухай санаачилгаа ерөнхийлөгч Д.Трамп олон нийтэд дэлгэлээ. Тус улсад хууль бусаар амьдарч байсан хүний хүүхэд АНУ-д төрсөн бол иргэншилтэй болох боломжтой байсан нь олон маргаантай асуудлыг дагуулж байна гэж тэрбээр мэдэгдсэн юм.
АНУ-д төрсөн гадаадын хүүхдүүдэд иргэншил олгох асуудлыг тус улс Үндсэн хуулинд 150 жилийн өмнө нэмэлт өөрчлөлтөөр оруулж байв. Трамп энэ тухай улс төрийн мэдээллийн сайт “Аксиос”-т өгсөн ярилцлагадаа дурдсан боловч шийдвэрийг хэзээ гаргаж, хуулийг хэрхэн өөрчлөх, хэзээнээс хэрэгжиж эхлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
Трамп “Өөр улс орноос, хууль бусаар ч хамаагүй ирсэн хүн Америкт хүүхдээ төрүүлэхэд хүүхэд нь иргэншил олгодог ийм хуультай улс зөвхөн манайх л байна. Энэ бол байж болшгүй зүйл. Үүнийг эцэс болгох ёстой” гэжээ. Гэхдээ хэрэг дээрээ хөрсний буюу тухайн газар төрснөөр иргэншил олгох хуультай улс дэлхий дээр гуч гаруй байдаг аж. Үндсэн хуульд заасан энэхүү заалтыг өөрчлөх амаргүй боловч Трамп үүнийг “захирамж” гаргах замаар өөрчилж болно гэж хэлсэн байна.
Харин төлөөлөгчийн танхимын гишүүн Паул Риан Үндсэн хуулийн заалтыг ерөнхийлөгч нэг захирамж, тушаал гаргаад өөрчилчих боломжгүй гэв. 1867 онд Үндсэн хуульд нэмэлтээр оруулсан, иргэншлийн тухай 14-р зүйл заалтад, “АНУ-д төрсөн хүн болгон Америкийн иргэн байна” хэмээн заасан байдаг. Харин тус заалтад орсон “хуулийн этгээд” гэдэг үгийг тайлбарлах асуудал дээр анх 150 жилийн өмнө нэмэлт өөрчлөлт оруулж байхад ч маргаан гарч байсан байна.
“Хуулийн этгээд ” гэдэг үгийг өмнө нь Америкт амьдарч байгаа хүн болгонд хамаатуулан ойлгодог байсан бол Трампын хувьд үүнийг Америкийн иргэн болон оршин суух эрхтэй хүмүүсээр хязгаарласнаар хууль бус цагаачдыг энэ ойлголтоос хасах төлөвлөгөөтэй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн захирамж гарган, Үндсэн хуулийн заалтад орсон тус үгэнд тайлбар хийх замаар үүнийг хэрэгжүүлэх боломжтой юм. 1990 оноос өмнө АНУ-д хууль бус цагаачдын төрүүлсэн хүүхдийн тоо 100’000 байсан бол 2007 онд хамгийн их буюу 370,000 хүрчээ. Төрснөөр олгогдох иргэншлийн зарчмыг өөрчлөх нь Бүгд Найрамдахчуудын олон жилийн турш хийхийг хичээсээр ирсэн зүйл бөгөөд 1991 оноос хойших бүх конгресст энэ асуудлыг хэлэлцэж байв.