Мажигийн ТУНГАЛАГ
Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байлгана гэсэн томъёог УИХ, Засгийн газар шүүрэн авч хэлэлцэх нь ёс мэт давтагддаг. Одоо л нэг төр нь төр шиг болох нь уу гэх найдварыг тээдэг энэ томъёо гэхдээ ажил хэрэг болж чаддаг бил үү?
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд парламент болгоны гар хүрч өөрчилдөг, эсвэл өөрчлөхийг хүсдэг Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжинэ. Шинэ хууль хэрэгжихээс өмнө Монгол төрийн албаны хэт эмзэг байдлын талаар саналаа хэлэх нь зөв гэж үзээд зориг шулуудан нийтлэл бичихээр шийдлээ. Улстөр болон Төрийн албаны тогоонд олон жил ажиллаж, төрийн буяныг хүртэж явсан миний хувьд амаа ангайхгүй амиа бодож суух нь утгагүй биз ээ. Төрийн албаны шинэчилсэн хуулийн төслийг толгойлж боловсруулсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн. Гишүүн Д.Тогтохсүрэн бол орон нутагт олон жил Засаг даргаар ажилласан, гайгүй сайн менежер. Түүний мэдлэг туршлага аймгийн хэмжээнд бол хангалттай хүрнэ. Санаачилагч нь мэдээж хуулийг өмнөхөөс илүү сайжруулж, давуулж хийхийг хүссэн байх. Харин түүний нүдний шил улсын хэмжээний асуудлыг томруулж харахдаа ямар бол…
ТӨР ДАНХАР УУ?
Ойрын өдрүүдэд УИХ Монгол Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж байна. Гишүүн бүр л төр данхар байна хэмээн шүүмжилж, цомхотгоно, мөнгө хэмнэнэ популизм хийцгээх аж. Ийм популист саналууд дэмжлэг авч, төр цомхотгол хийж, санхүүжилтээ хасаад эхэлбэл хамгийн түрүүнд нийгмийн эмзэг бүлэгт ногдох хөрөнгийн хэмжээ танагдах вий. Учрыг үзэгчид шууд гадарлаж байгаа, цомхотголд ар талгүй, арын хаалга жижигтэй нь өртөнө шүү дээ. Өнөөдөр Монголын хамгийн тогтвортой ажлын байр олгогчийг нэрлэ гэвэл тэр нь Төр өөрөө юм. Яагаад гэвэл Төр л ганцхан албан хаагчдынхаа цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг баталгаатай төлж чадаж байна.
Авч байгаа тэтгэвэрийн хэмжээ нь их багадаа ч биш. Төрийн алба хаагчид л яаж ийгээд уначихгүйхэн шиг зүүгдсээр тэтгэвэртээ баталгаатай гарч чадаж байна. Бусад нь бол эрсдэлтэй байгаа нь үнэн юм. Монгол Улс өнөөдөр 880 гаруй мянган өрхтэй, 192 мянга гаруй Төрийн албан хаагчтай. Энэ бол дөрвөн өрх тутамд ганцхан төрийн албан хаагч ногддог Монголын дөрвөн гэр бүлийн дунд ганцхан баталгаатай ажлын байр байна аа л гэсэн үг. Энэ утгаараа төр данхар харагдахгүй байгаа. Энэ бол харин ч чамлалттай тоо.
Хамгийн баталгаатай ажлын байр учраас улстөрийн намууд энд хүмүүсээ томилох, нэгэнт ажиллаад эхэлсэн боловсон хүчнээ хэдэн жил найдвартай байлгах гэж зүтгэдэг нь Төрийн албаны хууль, төрийн албыг тойрсон маргааныг өдөөж өгдөг юм. Төрийн албыг тойрсон анхны хэл ам хэрүүл шуугиан 1996 оноос эхэлж байв. Энэ онд УИХ-ын сонгуульд анх удаа Ардчилсан хүчин ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэг малгай дор гишүүдээ төрийн албанд анх удаа байрлуулж эхэлсэн түүхтэй. Ингэхээс ч өөр аргагүй байсныг бүгд санаж байгаа.
Үүнээс хойш болж өнгөрсөн УИХ-ын сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчийн байр суурь ганхсаар өдгөө Төрийн алба мэргэшсэн, чадвартай боловсон хүчнүүдээ гээсэн цоорхой уут шиг болоод байгаа юм. Өдгөө төрийн алба саваад орж болдог, саваад гарч болдог албан тушаал мэт ойлгогдож, үнэ цэнээ алдахын хамт Монгол төрийн минь нэр хүнд уруудан гундах нь гунигтай. Найман жилийн өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нөхөр өнөөдөр ЗДТГ руугаа яваад орвол тэнд өөрийг нь таниад “Сайн байна уу, дарга аа” гэж мэндлэх хүн бараг үгүй болсон байгаа.
Энэ бол ганц аймаг гэхгүй, аль ч яам тамгын газарт өрнөх муу жишээ. Төрөө үнэгүйдүүлж чадсан монголчуудын гунигтай хар түүх. Цоорхой уут шиг болсон энэ албыг тогтвортой байлгах оролдлогууд өнгөрсөн хугацаанд хийгдэж ирсэн ч энэ санааны төгсгөл нэг л бүтэмж муутай тал руугаа эргэчихсэн байдаг юм. Яагаад гэвэл … Төрийн албаны шинэ хууль хэдэн жил тогтвортой үйлчилж чадах вэ? Ирэх оны нэгдүгээр сард шинээр хэрэгжих хууль өмнөх хуулиудын нэг адил богинохон настай харагдаж байна. Гурван жилээс хэтрэхгүй л болов уу.
Шинэ хууль яг одоо засгийн эрх барьж байгаа МАН-д ашигтай байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч дараагийн засаг солигдоход хуулийг дахин эргэж харахаас өөр гарцгүй болох нөхцлүүдийг тооцож үзээгүй учраас хуулийн нас богиносож байгаа хэрэг. Ардчилсан нам дээр жишээ авч үзье. АН бол 170 гаруй мянган гишүүнтэй. 2017 оноос эхлэн намын гишүүн бүр төлдөг гишүүнчлэлийн татвараа 1,200-12,000 болгон нэмэгдүүлсэн байгаа. Намын шийдвэр гаргах дээд байгууллага Үндэсний бодлогын хороо 410 гаруй гишүүнтэй. Эл 410 хүн тус бүр гурван сая төгрөгийн татвар төлж эхэлсэн. Үүнээс гадна Нийслэлийн АН 200 гаруй гишүүнтэй.
Мөн өндөр татвар төлдөг. Тэдний араас дүүргийн намын 100 орчим гишүүн, аймгийн нам 100, сумын намын хорооны гишүүд, тэдний татварыг нэмээд АН-ын санхүүжилт ямар хэмжээгээр өссөн байгааг харж болно. АН-ын гишүүд яах гэж ийм өндөр татвар төлж байгаа юм бэ? Зүгээр л нэг улстөрийн намын цэнхэр батлах өвөртөө хийж явах гэж төлсөн үү. Үгүй дээ, ихэнх нь УИХ-ын сонгуульд нам нь ялалт байгуулсан тохиолдолд Төрийн албан тушаал хаших гэж төлж байгаа юм. Нам нь УИХ-ын сонгуульд ялахаар татвар төлсөн гишүүдэд одоо мөрдөх Төрийн албаны хууль юу болох вэ? Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх малгай дор эрх баригч нам халаа сэлгээгээ эхлүүлнэ. Энэ бол тогтчихсон жишиг.
ТӨРИЙН АЛБЫГ АВРАХ ГАРЦ НЬ ЮУ ВЭ?
Бид өнөөдөр УИХ-ын сонгуулиа мажоритар тогтолцоогоор явуулахаас өөр аргагүй нөхцөлтэй сууж байгаа. Цэц хэлээд өгсөн шүү дээ. Мажоритар системтэй сонгуульд өрсөлдөн УИХ-ын босгыг давсан гишүүн өчигдөрхөн өөрийнх нь төлөө хөлийнхөө тавхайг эргэтэл гүйсэн намын гишүүд, найз нөхдөөсөө зугтаад Төрийн ордны хаалгыг хаалгаад, цоожилж чадах уу? Ордны хаалгыг бариад, ертөнцөөс тусгаарлагдаж чадахгүйгээс хойш гишүүд гарч ирээд анкетаа тэврээд гүйгээд ирсэн тэдэнтэйгээ уулзаж л таарна. Анкет, гуйлга тасрахгүй хөврөх энэ жим Сонгуулийн хуульд нь байж байна.
Эргээд бүгдээрээ Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа бол энэ бүгдийг нэгтгэж, иж бүрнээр нь шийдэхгүй бол Төрийн албаны хуулийн хэрэгжилт ахиад л худлаа болно оо гэсэн үг. Шинэчлэгдсэн хуульд уг нь Төрийн албыг тогтвортой байлгах, чадавхжуулах гэсэн санаа нэлээн сайн сууж өгсөн байна билээ. Гэхдээ зөвхөн МАН-ын томилгоотой хүнийг тогтвортой байлгах тал руу чиглэсэн, зөвхөн МАН-хан өөрсдөдөө тохируулсан маягтай хууль болсон байгаа.
Шинэ хуульд заасан төрийн албаны шалгуурт нийцсэн боловсон хүчин АН-тай харьцуулахад МАН-д олон бий гэж үздэг нь ийм хуулийг төрүүлэхэд хүргэсэн биз ээ. Гэтэл сонгуулийн мажоритар тогтолцоо ялалтыг ерөөсөө хоёр нам руу савлаж сонголт өгөхийг шахаж байдаг. Зиг загийн энэ хуулиар авч үзвэл 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялна. Энэ бол зүгээр таамаглал. Тийм цаг ирэхэд Д.Тогтохсүрэн гишүүн нарын батлуулсан Төрийн албаны хуулийг АН-ын гишүүд хүлээн зөвшөөрөх үү. Үгүй, АН татвар төлсөн бүх гишүүнээ төрийн байгууллагад байршуулах гэж үзнэ. Үндэсний бодлогын хорооныхон тэр чигээрээ нүүдэл хийнэ. Толгойдоо манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн лоозонгоо наана. Энэ л бодит үнэн бөгөөд ингэхээс өөр сонголт үгүй юм. Хэрвээ бид өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хөндөж байгаа юм бол үүнийг хамгийн түрүүнд харах ёстой юм.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ДЭЭР ЮУ БОЛЖ БАЙДАГ ВЭ?
Төрийн албыг чадваржуулна гэдэг үг төдийлөн анхаарал таталгүй, чихний хажуугаар өнгөрдөг тунхаглал шиг сонсогддог болсон энэ цагт дэлхийн улс орнууд, чадварлаг компаниудын дагаж мөрддөг нэг жишгийн талаар өгүүлье. Хаа ч нэг оффисын 80 хувийнх нь чадал чансаа багавтар, жаахан хэврэг, 20 хувь нь чадвартай байх ёстой гэсэн балансыг барьдаг. Энэ чадвартай 20 хувь оффисоо чирээд явдаг. Бид өнөөдөр энэ балансыг ч олж харж чадахгүй эмх замбараагүй халаа сэлгээ явуулдаг учраас бодлого тодорхойлж байх учиртай салбарын яаманд цэцэрлэгийн багш очиж ажиллаад, сайдын хүн, даргын хүн гэсэн малгайн дор салбарын үүрийг эвдээд байна.
Ингээд мэргэжлийн бусчуудын цуглуулгаар дүүрсэн Төрийн захиргааны алба буюу яам, тамгын газруудад хөшигний ард ямар үйл явдал өрнөж байдаг тухай бичих гэвэл хоол идсэн тогоо руугаа нулимсан хэрэг болох байх даа. Салбарын үндсэн бодлогыг боловсруулаад, чирээд явдаг толгой яамны албан хаагчид өдрийн ажлын 8 цагийнхаа багадаа 50 хувийг худалдан авах ажиллагаа, тендерт зарцуулдаг. Тендер худалдан авах ажиллагааны баримтынхаа араас хөөцөлдөөд үлдсэн 50 хувиа үргүй шахам өнгөрөөдөг.
Жишээ нь, миний ажиллаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нар хууль журамд нийцүүлж тусгай зөвшөөрөл өгөх, тендерт хамаг л цагаа зориулдаг. Ингээд тэдэнд тогтвортой хөгжлийн бодлогоо яаж тодорхойлох вэ, ногоон хөгжлийн бодлогуудаа яаж цэгцлэх вэ. Байгаль орчныг хамгаалах тогтвортой санхүүжилтийг хэрхэн Монголд суурьшлуулах юм. Тогтвортой боловсон хүчнийг яаж бэлтгэх вэ гэсэн бодлогын чанартай асуудалд гаргах цаг зав үлддэггүй гээд бод. Худалдан авах ажиллагааны хариуцлагаас айгаад, тэр олон тусгай зөвшөөрлүүд, тендерээс болоод шоронд орчих вий гээд чичрээд, толгойгоо бөхийлгөсөн хүмүүс яаж бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэх юм бэ?
Яамны ТНБД уг нь асуудлыг шууд толгойгоороо хариуцдаг. Гэвч шийдвэр гаргахдаа айж бэргээд арваад албан тушаалтан гарын үсэг зурсаны дараа сая нэг гарын үсгээ зурах жишээтэй. Үсрээд хуулийн хэлтсийн даргадаа хянуулаад гарчих шийдвэрт арваад хүний дараа зурна. Хэрэг муугаар эргэлээ гэхэд хар толгойгоороо хариуцах шийдвэрээс арван хүнтэй нийлж дамжилсан гээд мултарч үлдэхгүй нь тодорхой. Өнөө бичиг нь хэлтэс хэлтэсээр дамжиж, тэр ч гадаад явчихаж, энэ ч бас явсан гэдэг шалтгаанаар бөөн түгжээ үүсч байж гардаг.
Ажлын ихэнх цаг бие биенээ сахисан, дотооддоо үйлчлэхэд зарцуулагддаг. Яам ингээд тендерийн материал хүлээж авдаг, эд хөрөнгийн зарцуулалт хийдэг, төсөв хуваарилдаг газар болж хувирсан учраас энд мэргэшсэн хүн хэрэггүй. Адилхан л костюм, юбка углаад төрийн албан хаагч шиг харагдаж дөнгөдөг, сонгуульд ажилласан цэцэрлэгийн багш ирээд мэргэжилтэн хийхгүй гээд яах юм.
Бодлого тодорхойлдог салбарын яамны гүйцэтгэх ажлын шинжтэй, бодлогын шинжтэй асуудлуудыг тус тасад нь салгаж, улам чамбайруулахгүй бол бид ойрын мөддөө хөгжихгүй. Улсын нэгдсэн төсвийг хийхдээ ч Засгийн газар салбарын яамны бодлогын асуудлыг урт удаан жилийн төлөвлөлт рүү оруулмаар байна. Манайх шиг хөгжлөө нэг жилээр төлөвлөдөг, төсвийн нэг жилийн аргачлалтай улс орон гэж үгүй болсон. Бүгд л хөгжлөө багадаа тав, түүнээс дээш жилээр төлөвлөж, улсын төсвөө хийцгээдэг. Салбарын яамны төсвийг голдуу нэг мэргэжилтэн хийгээд сууж байдаг.
Санхүүгийн хүн биш учраас тэр мэргэжилтэн түрүү оны төсвөө хуулаад, түүн дээр томчууд нь сонирхлоо нэмээд явуулдаг. Ийм төсвөөс ямар хөгжил харагдах вэ? Салбарын төсвийг календарийн ганц жилээр төлөвлөж байгаа мэргэжилтэнд ямар итгэл үнэмшил байх юм. Нийгмийг системийн хямралд оруулахад том түлхэц өгч, улам бүр тогтворгүй байдал руу түлхэж байгаа үндэс, суурь болгоны гажигийг эмчлэхгүйгээр бид Төрийн албаны хуулийг мянга өөрчилж, өнгөлөөд нэмэргүй. Утаа бол энэ гажиг тогтолцоо, эрүүл биш хэв маягт ЗГХЭГ мониторинг хийж, илрүүлж, эмчилж журамлаж байх ёстой билээ.