Өнөөдөр (2018.10.30) УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын мэдээгээр Монгол Улсад 3238 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл 1654, хайгуулын тусгай зөвшөөрөл 1584 байгаа гэнэ.
Алтны хайгуулын 850 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 53 орчим хувийг эзэлж байгаа аж. Алтны уурхайн төслийн 2015-2017 оны уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэлээс харахад үндсэн ордын хувьд 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн боловч 4-5 аж ахуйн нэгж тухай жилдээ уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Шороон ордын хувьд дээрх хугацаанд 107-151 аж ахуйн нэгж олборлолт хийхээр уулын ажлын төлөвлөгөө батлуулсан боловч 51-74 аж ахуйн нэгж нь гүйцэтгэлээ тайлагнасан байна.
Аж ахуйн нэгжүүдийн тайлангаар алтны гүйцэтгэл алт тушаалтаас 2015-2017 онд жил бүр 1.05-1.6 тн-р дутуу байгаа бөгөөд алт олборлолтын тэнцлийн хөтлөлт зөв хийгддэг эсэхийг нягтлах шаардлага бий гэсэн дүгнэлт гаргажээ. 2017 оны гүйцэтгэлээс харахад 548 тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлэх ёстой атал 152 нь холбогдох баримт бичгийг ирүүлсэн байна. Харин 160 нь үйл ажиллагаа явуулаагүй тухай “Х” төлөвлөгөөг ирүүлжээ.
1 comment
ан намын зхсаг барьж байх хугцаанд чингис бондоос зээл авсан хүмүүсийн эргэн төлөлт хийгддэг боловуу…