WМонгол Улс дунджаар 816 мянган өрхтэй. “Шинэ Монгол бэлэг” ТББ-аас гаргасан судалгаагаар цагаан сараар тогтмол бэлэг бэлддэг 100 мянга орчим өрх бий. Нэг айл дунджаар 250-300 мянган төгрөгийг бэлгэнд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин энэ мөнгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр дотооддоо хөрөнгө оруулж хямарсан эдийн засгийг хөл дээр нь босгох боломжтой гэж “Номтой нөхөрлөе” клубийг үүсгэн байгуулагч Н.Хүслэн мэдэгдлээ.
Тус клубын залуус өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн танимд хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ үеэрээ “эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриалга гаргаж байгаагаа дуулгасан юм. Н.Хүслэн “Манай клубээс иргэддээ хандаж эрээний чанаргүй бэлэг нэгэндээ бэлэглэхийн оронд ном бэлэглэж оюунд нь хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. Гадны орнуудад Талархлын баяр, Зул сарын баяраар дотоодын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр үндэсний эдийн засаг сэргэдэг. Гэтэл бид хоёр их наяд төгрөгөөр Хятадын Эрээн хотоос бэлэг авч байна. Хүннүгийн үеэс уламжлан тэмдэглэсэн Цагаан сарын баяраа эх оронч баяр болгоё” гэлээ. Тус клубээс таван жилийн өмнө ном бэлэглэх уриалгыг гаргасан ч иргэд үнэтэй учраас амьдралд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ. Иймд хямдралтай номын худалдааг хоёр дахь жилдээ зохион байгуулж эхэлжээ. Энэ жилийн худалдаа энэ сарын 23, 24, 25-ны өдөр “Эмпати” төвд болно.