Л.Баттүвшин нь тархи судлалын чиглэлээр Японы Кюүшүгийн их сургуульд доктор хамгаалж, АНУ-ын Нью Жерси мужийн Ратгерсийн их сургуульд судлаач, багшаар ажиллаж байгаад саяхан эх орондоо ирсэн юм. Одоо тэрээр АШУҮИС-д багшилж, Монголын нейросайнсын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. “Тод тусгал”-ын онцлох зочин Баттүвшин бидэнд тооцоолол, судалгаанд суурилсан хөгжлийн төлөвлөгөө боловсруулахгүйгээр улс орон хөгждөггүй гэдгийг онцгойлон анхаарууллаа.
-Та яагаад заавал тархи судлалаар мэргэшихээр шийдсэн юм бэ?
-Би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгсөөд Шар Хадны эмнэлэг буюу СЭМҮТ-д эмчээр ажилласан. Тархи судлалын талаар сонсож байсан болохоос яг ямар учиртайг сайн ойлгодоггүй байлаа. Учир нь манай Монголд өнөөдрийг хүртэл тархи судлалын нарийн хичээлүүдийг аль ч сургуульд заадаггүй. Гэвч тархи судлал миний сонирхлыг эртнээс татсан юм.
Тэгээд би гадаадад суралцахаар сургууль хайж эхэлсэн. Ингээд Японы Кюүшүгийн их сургуулийн тэтгэлэгт тэнцлээ. Японд сурсан үеэс л анх удаа тархины нарийн бүтэц, зохион байгуулалттай танилцаж эхэлсэн гэж хэлж болно. Японы их сургуулийн тархи судлалын лаборатори гэж ямар мундаг газар байдаг гэж бодно. Хүн юунд ч санаа зоволгүйгээр судалгаагаа хийгээд суух бүх боломжийг нь хангаж өгсөн байдаг юм.
Харин намайг таван жил гадаадад сурчихаад ирэхэд бүх юм бахь байдгаараа байсан. Нэг ч сургуульд зориулалтын лаборатори байхгүй. Тархи судлалын хичээл оюутнууддаа заадаг ганц ч их сургуульгүй хэвээрээ. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг хүнгүй, хөрөнгө мөнгө төсөвлөж өгч, хариуцаж ажилладаг байгууллагын тухайд бүр бараа сураг ч үгүй.
Ганц тархи судлал ч биш, ерөөсөө шинжлэх ухааны төлөө санаа зовнидог, хөгжүүлэхийн төлөө ажилладаг хүн энэ улс оронд алга. Хөгжил гэдэг зүйл шинжлэх ухааны салбарт огт алга гэдгийг хэлчихье. Нөгөө л нэг хэдэн бодлого ярьсан хүн. Хоосон бодлого ярьдаг, дэлхийн шинжлэх ухааны өнөөгийн хөгжлөөс хол хоцорчихсон, өөрсдийгөө голдоггүй, хөгжил ярьсныгаа үгүйсгэдэг ийм л хэдэн хүн сууцгааж байсан, сууцгаасан хэвээрээ байх шив дээ.
Намайг анх Анагаахад элсэн орж байсан 1994 онд байдал ийм байсан. Япон руу сургуульд явахад мөн л адилхан байсан. Эргээд ирэхэд хэвээрээ. Өнөөдөр ч хэвээр. Яахав дээ. Хувь хүмүүс бол хөгжиж байна. Харин салбар нь огт хөгжихгүй байгааг шулуухан хэлчихье. Дэлхийн шинжлэх ухаанаас манай орны шинжлэх ухаан бүүр хол хоцрогдоод үеэ өнгөрөөчихлөө. Тархи судлалын тухайд ярих ч юм биш.
-Өндөр хөгжилтэй оронд суралцах хугацаандаа тэндээс юуг олж анзаарч, ямар дүгнэлт хийсэн бэ?
Уг нь бол монголчууд бид ийм хүчирхэг хоёр гүрний дунд тусгаар тогтнолоо олж аваад өдий хүртэл явсан улс орон, ард түмэн шүү дээ. Энэ хоёр гүрний хаяанаас гарч чадалгүй яваа хасаг, тува, хиргис гээд олон үндэстнийг тоочиж болно. Эдгээр ард түмнүүдтэй харьцуулвал бидэнд шинжлэх ухааны нарийн салбаруудыг хөгжүүлэх бүх боломж нь бий.
Гэвч яг монгол хүн гэж хэн юм бэ. Бид бусдаас юугаараа давуу юм гэдгийг судалж тогтоох шаардлагагүй гэж үү.
Монгол хүний оюун ухаан, сэтгэл хөдлөлийн онцлог, ааш араншинг нарийн судалж, тоо баримттай судалгаа гаргаж байж хүний болон улс орны цаашдын хөгжил явах ёстой.
Бусад улс орнууд үүнийгээ судлаад эхэлчихсэн. Ингэж судлахын тулд зүгээр нэг “Таны IQ хэд вэ”, “Та сайн хүн үү, муу хүн үү” гэх мэтийн хэдэн дэмий асуулт асууж, судалгаа бөглүүлээд болчихдог юм биш. Үүнийг чинь судалдаг арга аргачлал, шинжлэх ухааны ололт технологи нь тусдаа хөгжчихсөн байдаг.
Дунд сургуульд нэг их мундаг сурч байснаа их сургуульд ороод нүднийх нь гал унтарч бөхөөд, зорилго нь замхраад алга болчихдог хүүхэд олон бий. Үүний шалтгааныг бид шинжлэх ухааны үндэслэлтэй тархи судлалын нарийн аргачлалаар судлах шаардлагатай. Яагаад зарим монгол хүүхэд их сургуульд сурсан нэртэй өдөр хоногийг аргацааж байхад зарим нь гадаадын сургуульд шалгалт өгч тэнцээд яваад өгдөг юм бэ. Энэ бүхнийг чинь зүгээр нэг өөр өөрийнхөөрөө тайлбарлах биш, шинжлэх ухаанаар судалдаг юм. Бүр тодруулж хэлвэл тархи судлалын шинжлэх ухаанаар.
-Ингэж судалснаар юу өөрчлөгдөх юм гэж хүмүүс асуух байх?
Монгол хүнийг бүр эхийн хэвлийд байх үеэс нь хөгжүүлж, сургах. Амьдралын ямар чиг баримжаатай хүн болохыг нь шийдэх. Улс орныхоо төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, өндөр боловсролтой хүн болгож хүмүүжүүлэх бүх боломж нь байгаа. Үүнийг чинь харин тархи судлал болон бусад шинжлэх ухааны тусламжтайгаар хийж болно.
-Бүх л эцэг, эхчүүд хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг. Гэвч бүгдийнх нь хүссэнээр болдоггүй. Үүний шалтгааныг тархи судлалын шинжлэх ухаанаар сонирхолтой тайлбарлаж болох нь ээ?
Монголчууд бид өнөөдөр зүгээр л морин дэл дээрээ давхисаар байгаа байхгүй юу. Харин бидний хаяанд байгаа улс орнууд аль хэзээний дуунаас хурдан онгоцонд суугаад нисчихлээ.
Уг нь бид нэг ижилхэн цаг үед яг адилхан амьдарч байгаа улсууд биз дээ. Харамсалтай нь энэ дэлхий дээр адилхан зэрэгцээд оршиж байгаа тэр улсууд биднээс боловсролын тогтолцоо, шинжлэх ухаан, ер нь бүхий л зүйлээрээ хол тасарчихлаа. Хажууд нь бид ямар байгаагаа өөрснөө харах хэрэгтэй.
Бид өөрсдийгөө I Phone барьснаараа дэлхийн хөгжилтэй хөл нийлж алхаж байна гэж бодох хэрэггүй.
Дэлхий гэдэг нэг том хананы гадна талд нь үлдчихээд байгаагаа олж хараач ээ гэж хэлмээр байна. Монгол хүн сансарт ниссэн гээд гайхуулаад байдаг. Гэтэл тэр сансарын хөлгийг нь хэн хийж, хэн нисгэгчийг нь сургаж бэлтгэж, сансарт дагуулж хөөрсөн юм бэ гэдэг асуултыг бид хэзээ ч асууж байгаагүй. Хэзээ манай Монголын сургалтын систем сансарын нисгэгч бэлдэх хэмжээнд хүрчихсэн юм бэ. Тэгээд үүнийг нь хэлэхээр өөдөөс өөрсдийгөө өмөөрсөн, тайлбар тавьсан хүмүүс л сууцгаадаг. Бид яг одоо ямар цэгт байгаагаа мэдэж байж цаашаа хэрхэн явах, яаж хөгжих вэ гэдгээ тодорхойлох ёстой гэж би боддог.
Аав, ээж нарын тухайд хүүхдээ сайн хүн болоосой, мундаг боловсрол эзэмшээсэй, эх орондоо ихийг хийж бүтээгээсэй гэж хүсдэг баймаар. Түүнээс биш миний хүүхэд бусдаас мөнгөтэй, баян, алдартай хүн болоосой гэж хүсдэг аав, ээж нарын хүүхэд ямар хүн болж өсөх талаар яриад ч яахав дээ. Төгсгөлийн бүлэгт хамаарах аав, ээж нар тийм ч олон биш гэж найддаг.
Миний амьдарч байсан Японд бол эрдэмтэд нь хамгийн өндөр цалин авдаг. Дараа нь сайд дарга нар нь ойролцоо цалин авдаг юм шүү дээ. Шинжлэх ухааныг хөгжүүлэх бүх боломжийг нь олгож, төрөл бүрээр дэмждэг байх жишээтэй.
Суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхгүйгээр ямар ч улс орон хөгжих боломжгүй гэдгийг би бүр онцолж хэлмээр байна.
Испанийн эрдэмтэн найз маань надад ярьсан юм. “Надаар манай тосгоныхон тэр аяараа бахархдаг. Гэвч гэртээ аав, ээж дээрээ очиход их төвөгтэй байдаг. Аав, хүү маань ирлээ гээд тосгоныхныгоо бүгдийг нь дуудна. Хүн бүр намайг хүндэлж, надтай юм ярихыг хүсдэг. Тиймээс би амралтаа аваад төрөлх тосгон руугаа биш, болж өгвөл өөр хот руу явж байж сая нэг амарсан болдог” гэж.
Ард түмэн эрдэмтэн хүнээ яаж хүндэтгэж, үлгэр дуурайл болгодгийг эндээс харж болно. Харин манайд уул уурхайгаас баяжсан хэдэн хүнийг л хүндэтгэж, үр хүүхэддээ чи ийм бол гэж үлгэр дуурайл болгодог.
Бид хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох ёстой. Хөгжлийн бодлогыг монгол хүнийхээ оюун ухаанд тулгуурлаж тодорхойлох учиртай. Ингэхийн тулд хамгийн түрүүнд энэ хуучирж, хоцрогдсон академик боловсролын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.
Хятадууд бол бүр 1990-ээд онд энэ өөрчлөлтийг аль хэзээний хийчихсэн. Үр дүнд нь хятадын шинжлэх ухаан, технологи, бусад салбар яаж хөгжиж байгааг дэлхий нийтээрээ харж бахархаад, бас сүрдээд суудаг боллоо. Сансарт өөрсдийн хөлгөө хөөргөчихлөө. Зэр зэвсэг нь яаж сайжирч байна. Анагаах ухааны ямар мундаг туршилтуудыг хийдэг болов.
Хойноос нь оросууд хоцорсон ч гэсэн алдаагаа олж хараад боловсролын тогтолцоогоо огцом шинэчлээд эхэлчихлээ. Ард түмний зүгээс хэчнээн эсэргүүцэлтэй тулгарсан ч ерөнхийлөгч Путин нь зарлиг гаргаад эрс өөрчлөлт хийгээд эхэллээ. Оросууд тун удахгүй буцаад хуучин шигээ дэлхийн шинжлэх ухааны төв болно гэдэг нь ойлгомжтой.
-Таны оюуны шүүлтүүрээр монгол хүн хэр ухаантай, ямар чадвартай, энэ бөмбөрцөгийн хаана нь яваа хүмүүс вэ?
-Би бол дундаж гэж хэлнэ.
-Бид нар өөрсдийгөө их ухаантай гэж ярьдаг шүү дээ?
-Тийм ухаантай байсан бол өнөөдөр ийм нийгэмд ингэж амьдрахгүй байсан байх аа. Тухайн үндэстэн, ард түмний оюуны чадварыг тодорхойлоход амьдардаг газрынх нь цаг уурын нөхцөл байдал, хүн амынх нь тоо, хөршүүд нь ямар улс үндэстэн бэ гэдгийг хүртэл хамаатуулж судлах ёстой. Ингэхгүйгээр зүгээр нэг “Чи энэ асуумжийг бөглөөтөх. Аан за. Чиний оюуны чадамж чинь өндөр юм байна” гээд тодорхойлчихдог юм гэж байхгүй л дээ.
-Таны хэлсэн аргачлалаар судлаад гаргаад ирсэн тохиолдолд манай улс хөгжих боломжтой юу?
Хөгжлийг тодорхой тоо баримт дээр тулгуурлаж ярих ёстой болохоос зүгээр нэг амны пянгаар “Тэд нар тэгдэг юм чинь бид ингэх хэрэгтэй” гээд шийдчихдэг юм биш.
1945 оны дайны дараа Япон орон ямар шуу байдалтай үлдлээ. Хоёр том хотоо атомын бөмбөгөнд сүйдлүүлчихсэн, эдийн засаг нь сүйрчихсэн, ард олон нь амьдрах итгэлээ адчихсан байсан биз. Гэвч 20 хүрэхгүй жилийн дараа 1964 онд олимпийн тоглолт зохион байгуулж, дэлхий дахинд хөгжил дэвшлээ гайхуулсан шүү дээ. Үүнтэй харьцуулахад бидэнд 20 гаруй жилийн хугацаа, боломж байсан уу гэвэл байсан.
Манай эрх баригчид одоо алдаа оноогоо дүгнэж, цаашдын хөгжлөө тодорхойлохын тулд хоосон ярих биш, шинжлэх ухааны ул суурьтайгаар асуудалд хандах цаг болсон.
-Шинжлэх ухаанч хандлага дутаж байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Би Тайм сэтгүүлээс уншиж байсан. Улс орон хөгжихөд юуны түрүүнд хүн амын тоо чухал гэж. Харин хоёрт нь үүнийгээ бүтээмжтэйгээ уялдуулах хэрэгтэй гэсэн байна лээ. Хятад улс яаж хурдтай хөгжиж байгааг хар. Хүн амын тоо нь мэдээж хамаатай. Гэхдээ хамгийн гол нь үүнийгээ бүтээмжтэйгээ хослуулж чадаж байгаад хэргийн гол учир байгаа юм. Гэтэл Энэтхэг улс байна. Хятадаас дутахгүй хүн амтай мөртлөө бүтээмжээрээ хятадуудаас дутуу байх жишээтэй.
Израиль байна. Хүн ам нь цөөхөн. Гэвч бүтээмж өндөртэй. Энэ бол шинжлэх ухааны ул үндэстэйгээр хөгжлөө төлөвлөж байгаагийн илрэл. Израйльчуудын хөгжлийн нэг нууц нь хүүхдээ багаас нь зөв төлөвшүүлдэг явдал. Чи ийм хүмүүжилтэй байж, ингэж сурч мэдэж, тийм зүйлийг хөдөлмөрлөж бүтээх ёстой. Гэхдээ бас чи хүнд муу юм хийдэггүй сайн хүн болох хэрэгтэй. Харин чамайг хүн дээрэлхвэл чи зөрүүлээд хариуг нь ингэж барьж, өөрийгөө ийм аргаар хамгаалах хэрэгтэй гэх мэтчилэн.
Үүнтэй харьцуулахад манай боловсролын тогтолцоо хажууд нь ямар байгаа билээ. Монгол хүүхдийн оюун ухааны хөгжилтэй энэ систем өөрөө хэр зохицож байгаа вэ. Уг нь бол Боловсролын яам, Боловсролын судалгааны хүрээлэн дээр монгол хүүхдийн хүмүүжил, боловсрол, оюуны чадамж энэ тэр гээд наян судалгаа байгаа. Гэвч бодит байдал дээр тэр нь хэрэгждэггүй, хэрэгжсэн ч авцалддаггүй.
-Манай дутагдал, сул тал бол салбар бүрт шигдсэн шимэгч хорхойнууд.
-Жоохон англи хэл мэддэг нэртэй. Тэгээд нэг багахан шиг гадаад юм уншиж судалсан нэрийн доор “Одоо бид ингэх хэрэгтэй” гэж ирээд нэг л их мундаг ярьдаг, онолддог улсуудыг хэлж байна.
-Ийм шимэгч хорхойнууд өөрсдөө алга болж өгөхгүй л байх даа?
-Ийм шимэгч нарыг төрийн зөв бодлого өөрөө алга болгох ёстой л доо. Бодлого нь аяндаа зөв яваад эхэлбэл тэд өөрсдөө алга болохгүй гээд яах юм. Энэ нийгмийг яаж бүтээх ёстой юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тэгвэл би хувьдаа шинжлэх ухаанд суурилсан зөв бодлогын хүчинд бүтээнэ. Өөр арга байхгүй гэдгийг хэлье.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
2 comments
БАС НЭГ ЦЭЦЭРХЭГЧ Л БИЗ.
20 жил л бүгд л төрийн өмчийн зээлээр , эсвэл хувиараа хүмүүс суралцаад ирдэг боловч үр дүн нь энэ. Уг нь сурсан мэдсэн ээ бусдад түгээж хөгжилд хувь нэмрээ оруулах бус уу. Нэг бол сурсан газраа үлддэг . Эсвэл мууг нь гайхаад л .._ Хувь хүн та өөрөө хөгжжээ нэг ч гэсэн гэхдээ нийт бусдад хүртээл нь юу вэ?