Сирийн баруун хойд этгээдийн Идлиб мужид энэ сарын 4-нд тус улсын арми химийн зэвсэг ашиглан довтолж 86 хүн ил харагдах шархгүй хордож амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан. Үүнийг Америкийн тагнуулын албаныхан энэ сарын 4-нд олж тогтоосон гэдгийг Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Эл асуудлыг таслан зогсоохоор тэрбээр Сирийн агаарын цэргийн хүчний баазад далавчит пуужингаар цохилт өгөхийг үүрэг болгосныг конгрессийн гишүүд шүүмжилж байна. Хэдийгээр түүний энэ шийдвэр зөв боловч Америкийн хуулиар, Ерөнхийлөгч чухам ямар шалтгааны улмаас цэргийн хүч хэрэглэх гэж байгаагаа Конгресст эхлээд тайлбарлах ёстой аж.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Трамп Сирид цохилт өгөхийг тушаахаасаа өмнө Конгрессоос зөвшөөрөл аваагүй хэмээн твиттерээр Ерөнхийлөгч Барак Обамаг буруушааж байжээ. Тайлбар хүссэн Конгрессын гишүүд Трампад цаашид илүү хүчтэй шахалт үзүүлж магадгүй бололтой.
Харин Трамп өнгөрсөн бямба гаригт пуужингаар цохилт өгөх үүрэг болгосноо зөвтгөн конгресст захидал илгээжээ. Захидалд Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэж буйг таслан зогсоох зорилгоор пуужингийн цохилт өгсөн” гээд “Шаардлагатай гэж үзвэл АНУ нэмэлт арга хэмжээ авах болно” гэжээ.