Стресст амархан өртөмхий хүмүүс нас явах тусмаа ой тогтоолтоо алдах буюу тархины хатингаршилд өртдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Сүүлийн үеийн судалгаагаар амьдралынхаа цөөнгүй он жилүүдийг стресстэж өнгөрөөсөн хүн өтлөхдөө альцгеймер буюу зөнөгрөлийн өвчинд нэрвэгдэх магадлал илүү өндөр байгааг ч тогтоосон байна.
Стресс хүн төрөлхтнийг юунд хүргэж болох талаар нарийн судалгаа хийж байгаа Суда Сешадри тэргүүтэй АНУ-ын Сан-Антониогийн Эрүүл мэндийн төвийн нейрологийн тасгийн эмч нар дээрх дүгнэлтийг зүгээр нэг хийгээгүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 48 хүртэлх насны 2000 хүн дээр туршилт, тандалт явуулсны хүчинд ийм дүгнэлтэд хүрчээ. Эмч эрдэмтэд 2000 хүний тархины бүтцийг хамгийн сүүлийн үеийн MRI аппаратын тусламжтайгаар нэг бүрчлэн судалсны эцэст залуу насаа стресс ихтэй өнгөрөөсөн хүн 50 буюу түүнээс дээш насандаа ой тогтоолтоо алдаж, андуурч эндүүрдэг, мэдэн будилдаг болдгийг нотолсон аж.
Эрдэмтдийн ажигласан өөр нэг зүйл нь залуудаа стресст их өртсөн хүмүүсийн тархины тодорхой хэсгүүдэд хатингаршил явагдсан байжээ. Америк судлаач нар стрессийг судлах явцдаа үүнээс ч илүү зүйлийг олж илрүүлжээ. Энэ нь аливаа зүйлд барагтай бол стрессддэггүй хүмүүсийн талаарх сонирхолтой судалгаа юм. Бусад хүмүүс уурлаж уцаарлан хүлээж авдаг зүйлийг огт тоолгүйгээр маш тайван өнгөрүүлдэг хүмүүсийн тархийг судлаад үзэхэд тэдний дийлэнхийнх нь тархины хэмжээ жижиг буюу жижгэвтэр байжээ.
Сонирхол татахгүй байхын аргагүй энэ судалгааг үргэлжлүүлэн хийснээр мэдлэг боловсрол муутай, аливаа зүйлд ухаан зарцуулах дургүй хүмүүс стресст бага өртдөг, зарим нь бүр огт стрессдэггүй байж болох юм гэсэн дүгнэлтэд Сешадри тэргүүтэй эрдэмтэд хүрчээ. Хэдийгээр америк эрдэмтэд үүнийгээ баримтаар нотолж чадаагүй байгаа ч үргэлжлүүлэн судалсаар байгаа гэнэ. Тэд ухаан муутай хүн стрессддэггүй, харин ухаалаг, боловсролтой хүн стресст амархан өртөмтгий байж болох уу гэдэг урьдчилсан дүгнэлтээ баталгаажуулах, эсвэл үгүйсгэхийн тулд ажилласаар л.
Эх сурвалж: CNN, Time