Хэрвээ холбооныхоо дотоод засаглалын асууддыг зөв шийдэж чадахгүй бол боксын спортыг Олимпын наадмаас хасах боломжтойг Олон Улсын Олимпын Хорооны гүйцэтгэх зөвлөл анхааруулжээ. 2018 оны Буэнос-Айресийн Залуучуудын олимпын үйл ажиллагаанд AIBA (Олон улсын сонирхогчдын боксын холбоо)-ийн түр ерөнхийлөгчийг оролцох хориглож байв.
Энэ тухай ОУОХ-ны гүйцэтгэх захирал Кристоф де Кеппер Олон улсын боксын холбооны гишүүн улс орон бүрт албан захидлаар мэдэгдэж байжээ. ОУОХ-ны зүгээс АIВА-г дотоод засаглалаа сайжруулж, тэмцээний шүүлт, шударга өрсөлдөөнийг дэмжих зэрэгт анхаарал хандуулахыг шаардаж байгаа. АНУ-ын сангийн яамнаас АIВА-ийн ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч Гафур Рахимовыг зохион байгуулалттай гэмт хэргийн гол сэжигтэн гэж үздэг юм.
Өнгөрсөн жилийн 11 сард санхүүгийн луйвар, авилгалын хэргээр Олон улсын сонирхогчдын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлөгдөж байв. Энэ оны эхээр БНСУ-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр ОУОХ-ны тэргүүн Томас Бах сонирхогчдын боксын талаар тун хатуу ширүүн ярьсан. Томас Бах “ОУОХ сонирхогчдын боксод болж байгаа байдалд сэтгэл дундуур байна. Бид удирддагынх нь үйл ажиллагааг одоо шалгаж байгаа. ОУОХ-ноос АIВА-тай бүх хамтын ажиллагаагаа зогсоолоо” гэж мэдэгдсэн юм.
Мөн ОУОХ-ны ёс зүйн зөвлөлөөс Гафур Рахимовт шаарддага хүргүүлжээ. Тус шаардлагад нэр цэвэр, олон нийтийн дэмжлэг авсан хүн АIВА-г тэргүүлэх ёстойг сануулсан байна. Удахгүй болох АIВА-ийн их хурлаар энэ асуудалд нухацтай хандахыг анхааруулжээ. Хэдийгээр боксын спортыг олимпоос хасах тухай шийдвэрийг гаргаагүй байгаа ч ОУОХ-ны зүгээс АIВА-ийн асуудалд илүү их анхаарч байгаагаа мэдэгджээ. Гэхдээ ОУОХ-г бие даасан спортын холбооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа талаар шүүмжлэл ч гарч байгаа юм.
Түүнчлэн ОУОХ-г АIВА-ийн удирдлагад өөрийн хүмүүсийг сонгуулах гэж санаархаж байгаа хэмээн шүүмжлэгчид ч цөөнгүй бий. Гэхдээ ОУОХ-ны зүгээс АIВА-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бус тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр ганцхан хүн нэр дэвшиж байгааг эсэргүүцэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд боксын спортыг тойрсон маргаан тасрахгүй байгаа. Сэргээш, тэмцээний явцад хоорондоо тохиролцох, шүүгчдийг авилгад автсан гэх яриа гарах болсон нь энэ спортыг сонирхогч, дэмжигчдийн урмыг хугалах болсон.
Ийм үед зарим улс оронд зохион байгуулалттай гэмт хэргийн сэжигтнээр нэрлэгдэж байгаа хүн Олон улсын сонирхогчдын боксын холбоог тэргүүлэх нь ОУОХ-ны санааг зовоож байгаа юм. Гафур Рахимовыг АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад орсон мөн зохион байгуулалттай гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой, зохион байгуулалттай гэмт хэргийн “Ахан дүүсийн нэгдэл” хэмээх бүлгийн толгойлогчдын нэг гэж үздэг.
Тийм учраас ОУОХ АIВА-д хандан, Рахимовоос өөр хүн сонгохыг шаардаж байгаа аж. Узбекстаны үндэсний хороогоо тэргүүлдэг тэрээр өөрийн улс орныг төлөөлж АIВА-ийн удирдлагад багтжээ. Түүнийг 2013 оноос зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм. Гафур Рахимов ч АIВА-ийн гишүүн орнуудад өөрийнх нь талаар хэвлэл мэдээллээр гарч байгаа элдэв цуурхалд итгэхгүй байхыг уриалж, сонирхогчдын боксыг хөгжүүлэхэд хувиасаа хөрөнгө зарцуулахаа мэдэгджээ.
ОУОХ өөрсдийн анхааруулгыг гүйцээсэн шийдвэр гаргавал боксын спортыг Токио-2020 олимпийн наадмаас хасагдах магаддал өндөр юм. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ОУОХ-ноос сонирхогчдын боксын холбоонд шийтгэл оноож дээрх арга хэмжээг авах гэнэ. АIВА-д шахалт үзүүлж, дотроос нь шинэчлэхийн тулд ОУОХ энэ онд тус холбоонд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ зогсоогоод байна.
ОУОХ АIВА-д дарамт үзүүлж байгаа ч боксын спортын тамирчдын эрх ашгийг хөндөхгүй байх, Олимпын хүсэл мөрөөдлийг нь хамгаалахад анхаарч ажиллахаа амлажээ. Ирэх 11 сарын эхээр Олон улсын сонирхогчдын боксын холбооны их хурлаар уг байгууллагын тэргүүнийг сонгоно. Боксын спортын хувь заяа, ирээдүй, хөгжлийн асуудал энэ хурлаар шийдэгдэхээр болж байна.
Х.ОЧ
4 comments
olymp jilees jild une tsenee aldaj baina. haramsaltai.
ZUV
GYMNASTIC NI DEER
Челеет мэтийн хун уздэггуй юм аал хасч хэвтэхгуй, боксын холбоо ч тэр узбекээсээ салбал таарна