Засгийн газар 2013-2017 оны хооронд нийт 85 төсөл, хөтөлбөрийг гадаадын зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлснээс 61 төсөлд төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулж ажилласан байна. Эдгээрээс 14 нэгж нь тухайн төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгосон бол үлдсэн төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд нь тухайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Дуусгавар болсон төслөөс амжилтгүй, үр дүнгүй хэрэгжсэн төсөл байхгүй бөгөөд одоогоор татан буулгах төсөл хэрэгжүүлэх нэгж байхгүй гэдгийг Сангийн сайд хэллээ.
Эдгээр төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд 2013-2017 оны хооронд нийт 52.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ 2018 оны төсвийг батлахад гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх хөрөнгө 134 тэрбумаар хасагджээ. Ирэх 2019 оны төсвөөс гэхэд мөн 120 тэрбум төгрөгөөр хасагдаад байгаа юм байна. Энэ нь төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байна. Мөн төслийн нэгжийн удирдлагууд байн байн солигддог, газрын асуудлыг шийдэхэд хүндрэл учирдаг гээд янз бүрийн гацаа саад, хүндрэл бэрхшээл тохиолддог аж.
Зарим яаманд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт гүйцэтгэл сайтай байхад зарим яаманд хэрэгжилт удаан, мөнгө хэмнэгддэг тал байсан учраас ирэх оноос гадаадын зээл тусламжийн хөрөнгийг Сангийн сайдын багцад төвлөрүүлэх замаар санхүүжилтийг саатал хүндрэлгүй, оновчтой зохицуулж шуурхай шийддэг байхаар болж байгаа гэнэ. Түүнчлэн зарим төсөл, хөтөлбөрийн үр өгөөж тааруу, хүссэн хэмжээний үр дүн гарахгүй байх нь олонтоо байгаа учраас цаашид гадаад зээлийг аль болохоор багасгаж, хөрөнгө оруулалтыг дэмждэг орчин руу явах чиглэлийг Засгийн газар барьж ажиллахаар болжээ. Энэ үндсэн дээр хувийн хэвшлийнхэн хийчих боломжтой зүйлд гадны зээл тусламж авахгүйгээр улсын төсөвт дарамтгүйгээр шийддэг байх арга замаар явах юм байна.
Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн данс нь зарим арилжааны банкуудад байршиж байгааг Төрийн сангийн нэгдсэн дансанд төслийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэлгүйгээр үе шаттайгаар шилжүүлэх, улмаар Төрийн сангийн нэгдсэн данснаас төлбөр тооцоог хийж, гүйцэтгэх тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.