– Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол сэдэв Монгол Улсын төсөв байлаа-
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн нь улстөр улсын төсвийг тойрон өрнөхөд хүргэв. Төсөв өөрөө шийдвэр гаргах эрх мэдэл. Энэ эрх мэдэлд оролцохыг хүсдэггүй УИХ-ын гишүүн гэж байхгүй.
Тэд парламентад сууж байгаагийн хэргийг жилд нэг удаа төсөв батлалцаж гаргадаг. Хаана, юунд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ, ямар ажилд хэдэн төгрөгийн санхүүжүүлт тавих вэ гэдэг тооцоо хэдийнэ хийгдсэн. Одоо бол амбицаа илэрхийлж, санасандаа хүрэх цаг гэдгийг сайн ойлгож байгаа парламентын танхимын улстөр нэлээн дуулиан дагуулж байна. Улс орны өнцөг булан бүрт УИХ-ын гишүүнээ харсан, ирэх онд аймаг, сумын төсөв ямар хэмжээтэй байх бол гэсэн асуултууд ч гарч байгаа.
Нэгдсэн төсвийн ийм хуваарилалт нэг талдаа УИХ улсын төсөв гэдэг том бялууг 76 хувааж байгаа юм шиг харагдуулдаг ч энэ нь жижиг тойргоор сонгууль явуулдаг, мажоритар тогтолцооны сул тал. Улс төрчид төсвийн төсөл, төрийн уламжлагдсан бодлогыг хөндлөнгийн нөлөөнөөс хамгаалж, хөгжлөө төлөвлөнө хэмээн эерэг ярьдаг ч төсөв ачир дээрээ жижиг тойргоор сонгууль явуулдаг зарчим, гишүүдийн амбиц хоёрт эвдэгдсэн хайш яайш батлагддаг.
Энэ уламжлал одоо ч давтагдахад бэлэн харагдаж байгаа юм. Нэгдсэн төсвийн хуваарилалтыг зурсан зургаас Засгийн газар түүний гишүүдийн амбиц нэлээн давамгайлсан харагдаж байгаа. Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын сонирхол ч өндөр байгаа нь ажиглагдсан. Төсөв УИХ-ын босгыг давахад Ерөнхийлөгч Х.Баттулга “2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” өнөөдөр таван тэрбум төгрөгт хүрч 5,000 дахин өслөө. Төсвийн төслийг ахин нягтал, орлогыг хийсвэрлэн өндрөөр төсөөлсний хийг гарга” хэмээн мэдэгдээд Швейцарт болж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зорьсон.
Сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч улсын төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандаж, намчирхсан, улс төржсөн, үр ашиггүй зардлуудаасаа зоригтойгоор татгалз хэмээн мэдэгдсэн нь олон нийтэд нэлээд таалагдсан. Гэвч Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр мөрөөдлийн төсөл “Майдар”-аа ярьж, төслийг гадныхан дэмжинэ гэсэн сурталчилгааны мэдээ Улаанбаатар руу илгээсэн нь түүнийг улсын төсвийн хуваарилалтаас хоцрохгүй байх ёстой гэсэн санааг илчилж, улс төрчийн хувьд арай жижиг харагдуулж орхив.
Улсын төсөв хэмээн том бялуу 21 аймаг, нийслэл хот руу хуваарилагдах яриа өрнөж байгаа өдрүүдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн нэр ил боллоо. Сангаас 134 аж ахуйн нэгж зээл авсны 122 нь УИХ гишүүн болон өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд байгааг нотолсон баримтууд төсөв тойрсон улстөрийг хурцлав.
Энэ сэдэв энэ долоо хоногт ч хэвлэлүүдийн онцлох мэдээний индэрээс буухгүй шинжтэй харагдаж байна. Ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн УИХ-ын гишүүд өөрсдийгөө өмгөөлж, зарим нь эхнэрээ зээл авсаныг мэдээгүй хэмээн мэлзэв. Гэвч ил гарч буй баримтууд гишүүдийн рейтингийг унагааж, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох МАН-ын нэр хүндэд томоохон доргио үүсгээд авлаа. Дөрвөн жилийн цикльтэй парламентын сонгуультайг сайн мэддэг, ялангуяа ирээдүйгээ томоор хардаг улс төрч төсвийн мөнгөнд гар дүрэх нь ялихгүй юманд тээглээд хүндхэн бэртэхтэй ижил хэрэг.
Мэдсээр байж эсвэл үүнийг тооцолгүй ялангуяа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй орооцолдох нь сөрөг хүчинд бол томхон олз бэлтгэж байна гэсэн үг. Сөрөг хүчин АН энэ боломжийг ашиглан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандан шаардлага хүргүүлсэн бөгөөд үүндээ “Эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан гишүүдээ УИХ-аас эргүүлэн тат хэмээн дурдав.
Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нар шаардлагад нь хэрхэн хандах гэж буйг харзнах гэж байгаа бололтой. Баасан гарагт (2018.10.25) УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаанаас тав хоногийн завсарлага аваад байна. Гэнэт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн баримтууд сөхөгдөж Төрийн ордны улстөр халж эхлэхтэй хамт “60 тэрбум”-аар овоглогдсон Доржзодов хэвлэлийн хурал зарласан нь тохиолдын хэрэг биш байх магадлалтай.
Зодов онцын шинэ юмгүй ярьдагаа л ярьсан. Ярианы хандлагаа муу нэртэй АТГ руу чиглүүлсэн болов ч тус газар Доржзодов гэдэг иргэнийг “тоож” байцаагаагүй хэмээн няцаалаа. Төсвийн зодооны үеэр гэнэт гарч ирж “зодож” эхэлсэн Доржзодовыг хэн сумалсан бэ? Ийм таавар улстөр дотор өрнөж байна. Өмнө дэлгэгдсэн олон цуврал “кино” өөрөө Доржзодов бол “хэн нэгнийг ялангуяа М.Энхболдыг зоддог” ташуур гэдэг нь ойлгомжтой болсон.
Төсвийн хуваарилалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболдыг “зодох” нь хэнд ч ашиггүй. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт ил гарсан Доржзодовын оролдого үр дүнд хүрээгүй. Гэхдээ МАН-ын нэр хүндийг унагаахад бас дэмжлэг болох талтай. Зодовын оролдого амжилтгүй болсон ч түүнийг хэн түлхүүрдэв гэсэн асуулт сонирхол татсан хэвээр байна.
Төсвийн төсөл хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд МАН-ын рейтинг төдийгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зээл авсан УИХ-ын гишүүд, тэр дундаа ирээдүйн Ерөнхий сайд болох магадлалтай гэж үнэлэгддэг Ж.Энхбаярын нэр төрд халтай туслаа. УИХ дотор ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудал хурцдаж байхад Зодов ил гарсан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар эвгүйдэхийн дохио юу, эсвэл энэ нь улсын төсөвт сонирхолтой хандаж байгаа өөр улс төрчийн айлган сүрдүүлэлт үү. Энэхүү таамаг асуултын хариу ирэх өдрүүдийн улстөрийн өрнөл, өнгө хоёрыг тодорхойлж магадгүй юм.
Эх сурвалж: Ikon.mn
1 comment
Ж.Энхбаяр гишүүнээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дэд сайд нэртэй будмал, хоосон толгойто Мөнгөнчимэгээ аваад яваарай