Түгээлтийн авто машинуудыг шөнийн цагаар үйлчилгээнд гаргах тухай асуудал сөхөгдсөн. Хэрэв ийм шийдвэр гарвал бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл ч цацагдаад байсан юм. Тэгвэл ийм шийдвэр гараагүй гэдгийг холбогдох албаныхан өнөөдөр мэдэгдлээ.
НИТХ-ын тэргүүлэгчдээс тавдугаар сард 70 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд, түгээлтийн авто машинуудыг шөнийн цагаар үйлчилгээнд гаргах асуудлыг судлаад холбогдох эрхзүйн шийдвэрийг гаргах тухай тусгажээ. Энэхүү шийдвэрийн гол агуулга нь Нийслэлийн засаг даргад өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд нарийвчлан тогтоогдоогүй байгаа дүрэм журмыг боловсруулж НИТХ-д эргэж танилцуулаарай гэсэн утгатай. Тогтоолын заалтын дагуу 2018 оны долдугаар сарын 1-ний дотор буюу сарын хугацаанд журмыг боловсруулж танилцуулах ёстой байсан. Гэтэл хүндрэлтэй олон асуудал цаана нь мөрдөгдөж байгаа хэм хэмжээтэй журам байгаа учраас өнөөдрийг хүртэл дээрх журам НИТХ-д өргөн баригдаагүй байна. Нийслэлийн хэмжээнд энэ тогтоолын хүрээнд шаардлагатай судалгааны ажлууд, санал авах ажил үргэлжлээд явагдаж байгаа гэдгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Б.Батбямба тайлбарлалаа.
НИТХ-д “Монголын хүнсчдийн холбоон”-оос түгээлтийн авто машинуудыг шөнийн цагаар явуулахтай холбогдуулан нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар дурдсан бичиг иржээ. НЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал энэ тухайд “Өнөөдрийн байдлаар нийслэлийн засаг даргын зүгээс түгээлтийн авто машинуудыг цагийн хязгаартайгаар хөдөлгөөнд оруулахаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Шийдвэр гаргах байгууллагын хувьд аливаа шийдвэрийг гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилсан байдлаар тооцоо судалгаа, нөлөөллийн шинжилгээнүүдийг хийнэ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машинууд нийтийн тээврийн автобуснууд, жижиг, дунд оврын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа авто машин замын голд унтарчихдаг, зогсчихдог. Үүнийг арилгах зорилгоор нөлөөллийн хэд хэдэн ажлыг хийж байгаа. Үүнийг хүмүүс сөргөөр ойлгоод түгжрэлийг бууруулах чиглэлээр түгээлтийн авто машинуудын хөдөлгөөнийг хязгаарлалаа гэж ойлгоод байна. Шийдвэр гарсны дараа албан ёсоор шийдвэрээ танилцуулна.” гэлээ.
Иймд түгээлтийн авто машинууд 00.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтгүй явдаг хэвээрээ байгаа аж. Гэхдээ зөвшөөрлийг нийслэлийн тээврийн газраас авах юм.
Өглөөний 06.00-10.00, 16.00.-20.00 цаг буюу ид түгжрэлийн үед ачааны автомашиныг хориглоё гэсэн саналыг албан ёсоор гаргаад байгаа аж. Харин одоогоор түгээлтийн авто машинуудыг шөнийн цагаар явуулах тухай шийдвэр нь цаашид хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.