Монгол Улс ирэх онд 877 төсөл арга хэмжээг 1.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ. Ийм санал улсын төсвийн төсөлд тусгагдсан байна. Үүнээс 356 нь эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар тооцоологджээ. Эмнэлэг цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг дэмжих нь Засгийн газрын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлоготой нийцэж байгаа гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Засгийн газар хүүхэд бүрийг СӨБ-д хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй сургуулийн ачааллыг бууруулж, 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжинд шилжүүлэх байр суурийг баримталж байгаа юм. Үүнээс гадна УИХ-ын Төсвийн байнгын хороо болон холбогдох Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудаас нийт 1 их наяд 640 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, 520.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэх саналууд ирсэн гэнэ.
Төсвийн байнгын хороо болон Ажлын хэсэг шинээр ирсэн саналуудыг:
-Төсвийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2018 оны 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг үндэслэн нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсан, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсөл арга хэмжээг нэмж тусгах шаардлагатай байна гэсэн тайлбартайгаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж иржээ.
Эдгээр хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд дахин 263.2 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах юм байна. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг төсөлд тусгагдсан зарим хөтөлбөр арга хэмжээний зардлыг бууруулах замаар бүрдүүлэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ.