Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас “Ярих ур чадварын академи”, “Язгуур контент” компанитай хамтран “ЯЗГУУР” үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой “ЯЗГУУР” 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна.
Энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, Хөвсгөл далайн хүү, эрэлхэг зоригт Явуубаатарын хүүхэд насны адал явдалт түүхийг өгүүлсэн Хүүхдийн хамгаалагч сахиус ЯВУУБААТАР комик ном уншигч хүүхэд багачуудын гар дээр очиход бэлэн болсон байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, Язуур үндэсний төслийн санаачлагч Г.Ганчулуун нар мэдээлэл хийв.
“Манай копаниас 2016 онд санаачилсан Язгуур үндэсний төсөл өнөөдөр биелэлээ олж байна. Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран хийж байгаа Язгуур олон ангит хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудын нэг Явуубаатарын дүрээр комик ном гаргалаа. Явуубаатарыг нийгэмд хүүхдийг хамгаалагч сахиус хэмээн таниулж байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийг ярьж буй энэ цаг үед хүүхдүүдийн өөрийн гэсэн ертөнц, үлгэрийн ертөнцөд нь өөрийг нь хамгаалдаг баатартай гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх онцлогтой үндэсний томоохон контент гэж хэлж болно.
Эцэг эхчүүддээ хандан хэлэхэд Явуубаатар комикийг худалдан аваад ярих ур чадварын академийн сургалта болон язгуур үндэсний сургалт хүмүүжлийн хөтөлбөрт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжтой” хэмээн төслийн санаачлагч Г.Ганчулуун ярилаа. Явуубаатар комик нь цаашдаа Цэцэнхүү, Цэлмэг охин зэрэг гол дүрийн баатруудаар нэрлэгдсэн 10 цуврал болон гарах гэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.