УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Мөнхбат, Н.Тогтохсүрэн нар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан хууль хэрэгжих хугацааг хэвээр үлдээх нь зүйтэй гэдэг саналыг гаргаад байгаа. Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2018.10.24) хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцээд, хуулийн төслийн хэрэгжих хугацааны асуудлаар гаргасан тэдний горимын санал дэмжлэг аваагүй юм. Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар:
УИХ-ын гишүүн М.Билэгт “Шимтгэлээ нөхөн төлөх хугацааг 2019 онд нь хэвээр үлдээгээч ээ. Бид 2017 оны хоёрдугаар сард баталсан энэ заалтаа хэвээр үлдээх талаар гишүүд Та бүхэн дэмжиж өгөөч ээ. Аягүй бол 2020 он болохоор 2021 он гээд л хойшлуулаад явах байлгүй. 1990, 2000-аад оны үед цалин ямар байлаа даа. Төрд ажиллаж байсан хэд нь азтай. Харин хувийн хэвшлийнхэн орлогоо олох гэж үйлээ үздэг байсныг Та бүхэн эргэж бодох ёстой. Тиймээс энэ заалтыг кнопоо дарахгүйгээр босгож ирэх ёстой гэж хэлэх гэсэн юм.”
УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэн “Бид Улсын төсвийг хэлэлцэж байхад нийт 272 тэрбум төгрөгийн зарлага хасч болж л байна. Нийт 460 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмж болж л байгаа байхгүй юу. Энэ хууль бол 41-хэн тэрбум төгрөгийн асуудал. Би их уян хатан санал дэвшүүлсэн юм. ОУВС-гийн хөтөлбөрийг хүндэтгээд 2019 онд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээд 27 тэрбум төгрөгийн орлогоо авъя. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэтгэвэрээ тогтоож эхэлье гэсэн нь ОУВС-гийн хөтөлбөртэй зөрчилдөхгүй. Орлогоо л авах гэж байна, зарлага гаргах гээгүй байна. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн энэ асуудал дээр санал хураалгахгүй ээ гээд зориуд санал хураагаагүй л дээ. Уг нь 2019 онд орлогоо авъя, 2020 онд зарлагаа гаргая гэсэн хэлбэрээр явсан бол зөв байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлээд эхлэх юм бол Засгийн газар, Сангийн яам төсөвт 27 тэрбум төгрөгийн орлого олно. Шимтгэлээ төлсөн малчдыг аравдугаар сарын 1-нээс тэтгэвэрт гаргаад эхэлье гэсэн саналыг би гаргасан юм. Ингэвэл бид хэлсэн ярьсан, амласнаа биелүүлсэн гэх үгтэй үлдэх юм. Энэ асуудлаар санал хураалгаж өгөөч ээ л гэсэн. Ахмадын баяртай нь зэрэгцүүлээд тэтгэвэрт гаргаад явчихъя гэж байгаа юм. Энэ нь төсөв дээр тийм айхтар дарамт болохгүй шүү дээ. Өчигдөр байнгын хороон дээр гурван удаа санал хураасан. Сүүлдээ хүчээр валютын сан гэж байгаад л аваад явсан. Уг нь ийм зохицуулалтыг хийчих боломж байгаа л харагдаад байна. 27 тэрбум орлогынхоо 6-8 тэрбумаар нь төсөвт дараа болохгүйгээр тэтгэвэрт гаргачих бүрэн боломж байгаа.” гэсэн саналуудыг хэллээ.
УИХ-ын дарга М.Энхболдын “Яагаад саналыг нь хураагаагүй юм бэ?” гэсэн асуултад Б.Чойжилсүрэн гишүүн хариулахдаа “Энэ хууль хэрэгжээд эхлэх юм бол нэг удаа жилдээ 27 тэрбум төгрөгийн орлого олно. Харин дараагийн жилээс нь эхлээд нийгмийн даатгалын сангийн зарлага 41 тэрбум, 50 тэрбум гээд өсөөд явна. Орлого нэг удаагийнх, зарлага томроод байгаа юм. Валютын сантай анх хөтөлбөрт тохирохдоо төсвийн зарлагыг тогтмол байнга нэмэгдүүлдэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй гэсэн тохиролцоонд хүрсэн учраас энэ хуулийн төслийг хойшлуулаад байгаа юм. 2017 оны гуравдугаар сарын 20-ноос өмнө Монгол Улс дампуурах уу, эс дампуурах уу гэдэг нөхцөл байдалд орчихсон байсан шүү дээ. Одоо бид санаа амрах болоогүй байгаа учраас байнгын хорооны дэмжээгүйг дэмжээд “yes” дарж өгөөч ээ гэсэн хүсэлт байна.”
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай тэтгэвэрийн сан өнөөдөр хүртэл жилдээ 620-иод тэрбум төгрөгийн татаас авч явдаг. Хэрэв бид өнөөдрийн шийдвэрийг дэмжчихвэл дахиад Тэтгэвэрийн санд жил болгон 50-иад тэрбум төгрөгийн алдагдалыг нэмээд байх юм. Тэр 27 орчим тэрбум төгрөгийн орлого бол нэг л удаа орох орлого, цаашдаа байнга зардал гарна. Тэгэхээр бид сангуудаа эрүүл, зөв болгох учиртай. ОУВС-тай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө зогсоочихмооргүй байна. Хөтөлбөр зогсох юм бол ямар сөрөг үр дүн гарахыг бид мэдэж байгаа шүү дээ. Тийм учраас Засгийн газраас оруулж ирсэн хувилбараар нь дэмжээд өгөөч, байнгын хорооны саналыг бас дэмжиж өгөөч, Ажлын хэсгийн оруулж ирсэн саналыг бас дэмжиж өгөөч ээ гэж хүсье.” гэсэн хариулт тайлбаруудыг өгсөн юм.
Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналд байнгын хороон дээр санал хураагаагүй гэдэг нь Дэгийн хуульд заагдсан заалт зөрчигдсөн учраас санал хураагаагүй юм байна шүү гэдгийг төгсгөлд нь УИХ-ын дарга М.Энхболд тайлбарлалаа.
Ийнхүү гурван гишүүний гаргасан саналыг байнгын хорооны хурлаар дэмжээгүйг дэмжье гэсэн санал хураалтад 58 гишүүдийн 32 нь буюу 55,2 хувь нь дэмжиж хууль хэрэгжих хугацааг хэвээр үлдээх санал дэмжигдсэнгүй. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Я.ХУЛАН