Өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлуудад иргэд “муу” дүн тавьж буй. Утааны эсрэг олон арга хэмжээг туршсаар байгаа ч амжилт олоогүй нь шүүмжлэл дагуулахын үндэслэл болж буй юм. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн шилдэг арга нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг бүгд мэддэг хэрнээ хэрэгжүүлж амжихгүй л байна. Харин агаарын бохирдол гэсэн томъёоны ард мөнгө завших арга нуугдаж байж мэднэ гэсэн хардлага дагалддаг. Орон сууцжуулалтын хамгийн боломжит арга бол ипотекийн зээл. Энэ жилийн тухайд ипотекийн зээлийн журамд нэлээд дорвитой шинэчлэлт хийх гэж байгаа сурагтай. Тиймээс бид утаатай тэмцэх арга зам болон цаашид ипотекийн зээл ямар журмаар хэрэгжих боломж нөхцлийн талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч М.Батбаатартай уулзаж ярилцлаа.
-“Цэвэр агаар сан”-д аудитын шалгалт хийгээд олон зөрчлийг илрүүлсэн талаар саяхан тайлагналаа. Тайланд Засгийн газар 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад 164 тэрбум төгрөг, 153 сая ам.доллар зарцуулсан гэж мэдээлж байна. Гэвч утаа буураагүй. Энэ мөнгө юунд зарцуулагдсан гэж Та бодож байгаа вэ?
-Утааг багасгах янз бүрийн ажилд улс төрчид их оролцсон. Буруу зөрүү хийсэн ажлынхаа үр дүнд өнөөдөр тэд нэг зүйлийг ойлгосон байна. Тэр дундаас би нэг л үр дүн олж харлаа, бусдыг нь би сайн мэдэхгүй юм. Миний олж авсан ганц үнэн юу вэ гэхээр төр, засгийн болон ард иргэдийн хэмжээнд энэ утааг орон сууцжуулж байж эрс багасгана гэдэг нэг ойлголцолд хүрсэн явдал. Түүнээс биш мөнгийг нь хуваагаад идчихсэн гэх нөхдийг би хараагүй, гэхдээ үр дүнд хүрээгүй гэдэг нь үнэн. Төр засгийн хувьд мэргэжлийн гэдэг утгаар биднээс санал авч байдаг. Гэвч тэрийг хүлээж аваад боловсруулдаг мэргэжилтнүүд нь мэргэжлийн бус хүмүүс байдаг нь ажил царцаахад хүргэдэг. Тэд тэрийг ойлготлоо бас өдий байна даа.
-Мэргэжлийн бус хүмүүс салбарын яаманд, төрийн байгууллагад мэргэжилтэн хийгээд явдаг. Тэдний салбарын тухай ямар ч ойлголт байдаггүй, мэдлэггүй толгой шийдвэр гаргадаг сайд дарга нарынхаа “нүдийг сохолчихдог” гэж хэлэх гээд байна аа даа?
-Нэг нам төрд гарахаараа хүмүүсээ сольдог. Бодлого алдагдаад байгаа шалтгаан бол энэ халаа сэлгээ. 2012 оноос хойш Засгийн газар 1.5 жил болоод огцорсон. Одоо зургаан дахь Засгийн газар нь ажиллаж байна. Тэгэхээр орон сууц хариуцсан мэргэжилтэн, орон сууц хариуцсан хэлтсийн дарга хоёр гэхэд мөн л зургаан удаа солигдсон гэсэн үг. Бодлогын яаманд одоо бүр орон сууц, гэр хоёроо ч ялгадаг хүн байхгүй боллоо шүү дээ. Бодлого, шийдвэр хоёроо ялгадаг мэддэг мэргэжилтэн ч гэж байхгүй боллоо.
-Аудитын тайланд зөвхөн утааг багасгахын тулд 8 жилийн дотор 164 тэрбум төгрөг, 153 сая ам.долларыг зарцуулсан гэсэн тоо дурдагдсан байгаа. Энэ бол их хэмжээний мөнгө. Гадны зээл, тусламжаар орж ирсэн ам.долларыг мартъя. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн 164 тэрбум төгрөгөөр дунджаар хэчнээн айлын орон сууц барьж болох вэ. Мэргэжлийн байгууллагын хүнд нэг багцаа байгаа биз дээ?
-Энэ бол 25000 айлын орон сууц барих мөнгө. Өөрөөр хэлбэл 45-57 м.кв, 1-2 өрөө орон сууц барих хэмжээний хөрөнгө шүү. Ойролцоогоор агаарын бохирдол үүсгэж байгаа Сүхбаатар дүүргийн гэр хорооллын дийлэнхийг орон сууцжуулж болох байсан гэсэн үг.
-Гэр хорооллыг орон сууцжуулна гэсэн тодорхойлолт бий болоод мөн л цөөнгүй хугацааг үдэж байгаа. Гайхмаар үр дүн бас гарахгүй л байна. Агаарын бохирдолд үр дүнгүй зарцуулсан нэг дүүргийг орон сууцтай болгох мөнгө бол хайран сонсогдож байна. Ийм алдааг давтахгүйн тулд юу хийх ёстой вэ. Танд ямар санаа байна?
-Барилга хот байгуулалтын яаман дээр “Орон сууц-Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Энд Монголын барилгачдын холбоо, Монгол даатгал, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд оролцож байгаа. Мөн ипотекийн журмыг шинэчлэх асуудлыг ярьж байна. Ирэх оны улсын төсөвт орон сууцны чиглэлийн ипотекийн зээлд 115 тэрбум төгрөг суулгаж байгаа нь өмнөх төсвүүдээс бага тоо юм. Тэгэхээр үүнийг ихэсгэх арга замыг бид эрэлхийлж, өөр асуудлыг дэвшүүлж байгаа юм.
-Дэвшүүлж буй саналаасаа хуваалцаач.
-Зорилтот бүлэгт зориулагдсан үнийн болон бүтээн байгуулалтын, ипотекийн санхүүжилтийн схемийг зохицуулах бодлогыг төрийн хэмжээнд өөр хэлбэрээр боловсруулах шаардлагатай. Тухайлбал, ипотекийн санхүүжилтийн схем гэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр суурилах, гэр хорооллын ард иргэдийг орон сууцанд оруулахад үнийн бодлого барихдаа агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа тэр их зардал хэдэн тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр зохицуулах зэргээг бодлого боловсруулж болно. Тухайлбал, тухайн айл өрх орон сууцанд орж агаарын бохирдлыг бууруулах ажилд оролцвол татаас өгөх хэрэгтэй. Жишээ нь 1 м.кв нь 2,2 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд орж байгаа бол түүний 600-700 мянган төгрөгөнд нь татаас өгөөд 1,5 сая төгрөгөөр тэр айлыг орон сууцанд оруулна. Мөн газрыг нь үнэлээд, дээр нь хөнгөлөлттэй зээл олгоод явж болно. Ингэвэл шал өөр механизм орж ирнэ.
Тэгээд орон сууцаар барьцаалсан үнэт цаас гаргах хэрэгтэй. Өнөөдөр 95 мянган айл ипотекийн зээлд хамрагдаад орон сууцтай болсон. Түүний 40 мянган айлынх нь өрийн бичгийг үнэт цаасжуулаад гадаад зах зээлээс 4-5 хувийн хүүтэй 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татдаг схемийг л төр засгийн хэмжээнд бий болгох хэрэгтэй. Тэгж байж утаанаас сална, тэгж байж орон сууцжуулах төсөл хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ, тэгж байж барилгын салбарын хөгжил дэвшил цаашаа явна.
-Барилгын компаниуд эдийн засаг хүнд байна гэдгээ Танд дуулгаж байгаа биз дээ. Иргэдийн худалдан авах чадвар муу байна. Тэр дундаа үл хөдлөх хөрөнгө худалдан авна гэдэг хүнд асуудал болсон. Нөгөө талд барилгын компаниудад борлогдоогүй баахан байр, орон сууцууд байна. Их хэмжээний мөнгө царцчихаад байгаа. Эрэлт, нийлүүлэлт хоёрыг зохицуулах ямар арга зам байна вэ?
-Хүнд л байгаа. Ипотекийн систем нь буюу цаад худалдан авах иргэдийг дэмжсэн систем нь 115-хан тэрбум төгрөгийн хэмжээнд буугаад ороод ирэхээр орон сууцны чиглэлийн компаниудын ирээдүй нэлээд бүүдгэр болж байна. Гэхдээ бусад бүтээн байгуулалтад ордог барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн ирээдүйн дүр зураг гайгүй харагдаж байгаа.
Ер нь орон сууцыг хурдан зарах ганцхан арга бол үнийн бодлого. Үнээ л буулгах хэрэгтэй. Гэхдээ хувийн хөрөнгөөр баригдчихсан учраас үнийн асуудал тодорхой үр дүнд хүрэхгүй. 4000 гаруй айлын орон сууц савираад л, маш цөөн тоогоор борлогдож байгаа дүр зурагтай л байна. Хувийн хөрөнгөөр хувийнхан өөрсдөө бариад өндөр үнээр зарж байгаа асуудалд төрийн оролцоо бага. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлага гаргаж, арилжааны банкууд өөрсдөө механизмаа өөр хэлбэрээр оруулахгүй бол бидний зүгээс хүчлэх чиг үүрэг байхгүй. Барилгын үнийн хөөсийг буулгах ганц арга бол үнээ буулгах, зах зээлээ мэдрэх. Цааш нь яривал орон сууцжуулалт төрийн бодлого болох хэрэгтэй. Механизмуудыг шинэчлэх хэрэгтэй. Ипотекийн системийн санхүүжилтийн эх үүсвэрийг үнэт цаасжуулах хэрэгтэй. Энэ мэтээр эрс шийдвэрийг гаргах ёстой л доо.
Ярилцсан Я.ХУЛАН
Эх сурвалж: updown.mn
5 comments
Энэ нөхөр их мэдэмхийрч худал ярьж байна уу эсвэл барилгыг тийм хямд зардлаар барьчихаад 10 дахин нугалж зардаг юм уу. Энэ хүний хэлснээр бол 164 тэрбумаар 25000 айлын орон сууц барина гэж байна. Үүнийг хуваагаад үзэхээр 1 айлын сууцыг 6560000 төгрөгөөр л барьдаг юм байна. Тэгээд ийм хэмжээний 1-2 өрөө сууцыг 70 саяар зардаг болж таарлаа. Ийм л байна.
ЗАСГИЙН ГАЗРААС ЗҮГЭЭР Л АРД ТҮМЭНДЭЭ ОРОН СУУЦ БАРИАД БЭЛЭГЛЭЧИХ БАЙСАН ЮМ ТЭГСЭН БОЛ ТУХАЙН ҮЕД АЖИЛЛАЖ БАЙСАН ЕРӨНХИЙ САЙД НАСААРАА АРД ТҮМЭНДЭЭ ХҮНДЛЭГДЭЖ УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ МУНДАГ ЛЕДИР БАЙХ БАЙЖ ДЭЭ, ДААНЧ ТЭР МОМЕНТИЙГ ШААНСЫГ ОЛЖ ХАРЖ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ НҮДЭЭ БООЛГОСОН НӨХДҮҮД БАЙСАН БАЙНА
Байрыг шингэсэн өртөгөөс нь хэд дахин нугалж зардаг учраас утга учиргүй олон байр барьчихаад бячууд, эрх мэдэлтний мөнгө байр нь борлогдохгүйгээс гачихаад аргаа ядахдаа ипотекийн зээл гэж үлгэр гаргаж ирээд ард олноо насан туршийн өртэй болгох гээд ядарч байна уу даа гэж ажиглагдах юм. 164 тэрбум төгрөг утаатай тэмцсэн болж үрэн таран хийж сиймхийгээр нь хувааж идэж байхаар хямд 25000 байраа бариад ядууст хямдхан өгчихсөн бол харин утаа багасаж магадгүй.
ODOO TER MUNGIIG BUTSAAJ TULUUL HIISEN HUMUUSEER NI
2019 онд агаарын бохирдолд төсөвлөсөн мөнгөөрөө гэр хороололынхыг орон сууцанд оруулах хэрэгтэй.