Загварын ертөнцийн домог болсон Кристиан Диорын хайртай эмэгтэй бурхдын нэрсийн дурдахад хамгийн түрүүнд Марлен Дитрих, Митца Брикар нарын нэрс гарч ирдэг. Харин сүүлийн үед дорнын нэгэн гоо бүсгүйн талаар ярих болжээ. Түүнийг Диор өөрт нь амжилт авчирдаг сахиус хэмээн ярьдаг байсан гэнэ. Тэрбээр загварын ордонг анх байгуулагдахад л ажиллаж эхэлсэн бөгөөд загварын үзүүлбэрийг үргэлж чимж, шинэ коллекцийг бүтээх урам зоригийг загвар зохион бүтээгчид өгдөг байв. Алла Ильчун хэмээх казах угсаатай энэ бүсгүйн энгийн сав угаагчаас тайзны од болсон замналын тухай нийтлэлийг хүргэе.
Харбинаас Парис руу
Алла Ильчуны гэр бүл, өвөг дээдсийн талаарх мэдээлэл тун хомс. Түүний эцэг Жуанхал Ильчун нь төмөр замын инженер байжээ. Аавынх нь эцэг Казахстанд амьдардаг хөрөнгө чинээлэг хүн байсан болохоор тухайн үедээ өндөр боловсрол эзэмшсэн нэгэн байж. Тэрээр Турксибирийг холбосон төмөр замын барилгын ажилд оролцож, хувьсгалаас өмнө Харбинд нүүж ирсэн аж. Энэ хотыг Хятад-Дорнын төмөр замын станц хот хэмээх байгуулж, тэнд олон ч оросууд амьдардаг байсан гэнэ. Жуанхал Ильчун энд Татьяна хэмээх дуурийн дуучин сайхан бүсгүйтэй учирч, удалгүй гэр бүл болж, охин Алла нь мэндэлжээ.
Гэвч ХХ зууны 30-аад онд Харбинд амьдрахад амаргүй байсан юм. Энэ хотод Зөвлөлт засаглал, хятадууд, япончууд нөлөөгөө тогтоохыг оролдож, Харбин хот байнга л нэгээс нь нөгөөхийнх нь гарт шилжиж байсан тул хотын иргэдэд амар тайван амьдрах ямар ч боломжгүй байлаа. Тиймээс ч тэдний гэр сайхан амьдралыг хайх аян замд гарахаар шийджээ. Октябрийн хувьсгал гарсан болоод ч тэр үү, Орос тэдний сонирхлыг татсангүй. Тиймээс ч Францыг зорихоор шийдсэн байна.
Харамсалтай Парист Татьяна охинтойгоо л хөл тавьжээ. Жуанхал Ильчуныг Алла Ильчуны хүүгийн гэрчилснээр ГУЛАГ олтриг руу авч явсан аж. Ингээд эхнэр охин хоёрт Харбинаас Парис хүртэлх хүнд замыг туулж, амьдрал босгох томоохон сорилт тулгарчээ. Мэдээж аз жаргалаа бэдрэн ирсэн хоёр харийн бүсгүйд Францын нийслэл алгаа дэлгээд угтаагүй нь ойлгомжтой. Гэхдээ л тэд Парист амьдралаа дахин шинээр эхлүүлэхээр хатуу шийдээд байв.
Аз жаргалын тасалбар
Нас биед хүрсэн Алла бүсгүй нэгэн ресторанд сав угаагчаар ажилд оржээ. Тэрбээр загвар өмсөгчийн карьерыг огтхон ч мөрөөдөж байсангүй. Дээрээс нь хувь заяандаа гомдоллож тунирхаж ч суусангүй. Тэр зүгээр л амьдрал сайхан болно гээд зүтгэсээр л байв.
Удалгүй Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн юм. Алла Ильчун Францын эсэргүүцлийн эгнээнд элсэж, тухайн үед хамгийн сайн найз охиныхоо нэгийг болох Ариадна Скрябина хэмээх хөгжмийн зохиолчийн охиныг алдаж байжээ. Өөрөө ч бас олон удаа үхлийн аюулаас амьд мэнд мултарсан Алла дайны дараа л аз жаргалын тасалбараа олж авах нь тэр.
Аллагийн найз охин нь загвар өмсөгч болохыг мөрөөдөж, янз бүрийн шалгаруулалтад байнга л оролцдог байв. Нэгэн өдөр найз бүсгүйнх нь бие нь өвдөж, Аллаг өмнөөс нь Кристиан Диорын шалгаруулалтад оролцохыг гуйжээ. Тухайн үед тэрхүү Кристиан Диор нь дөнгөж л загварын ертөнцөд бие даан ажиллаж эхэлж байсан юмсанж.
Үнэндээ Алла загварын ордонд шалгаруулалт дээр очоод ажилчдын багийнхантай л уулзжээ. Тэрээр ажилчидтай элдвийг ярин хөгжилдөж байгаад найз охиноо цаг, газраа андуурсан байх гэж бодоод буцаад явчихжээ.
Хэд хоногийн дараа Аллагийн өрөөний утас хангинаж, ноён Диорын нарийн бичгийн дарга Алла Ильчуныг Кристиан Диорын Загварын ордонд ажилд авсан болохыг дуулгасан байна. Бүсгүй ч тэрхүү шалгаруулалтад оролцоогүй хэмээн өөдөөс нь хариу хэлтэн нарийн бичгийн дарга хөгжилтэйгээр “Ноён Диор ажилчдын дунд байсан юм. Аллагийн дорнын гоо сайхан, уран гоолиг бие түүний анхаарлыг шууд л татсан” гэж мэдэгджээ.
Хайртай модель нь
Ийнхүү Аллагийн хувьд шинэхэн, бас өмнө нь огт амсаж эдэлж байгаагүй амьдрал эхэлсэн юм. Түүнийг өдөр бүр хувцасны хэмжилт, өмсөх, олон тооны үзүүлбэр, гялгар гялтгар бүхэн хүлээж байлаа. Кристиан Диор Аллаг өөрийнхөө хувийн сахиус хэмээн үздэг байв. Учир нь түүний оролцсон үзүүлбэр бүр нь байж боломгүй их амжилт авчирдаг байсан гэх. Гоо бүсгүйн үзүүлсэн хувцас бүрийг одод бараг шүүрэн худалдаж авдаг байв.
Бүсгүй ер бусын эмэгтэйлэг, гоолиг нарийн, дахин давтагдашгүй алхаа гишгээ, хөдөлгөөнтэй нэгэн байв. Өндөрдүү шанаа, жартгардуу гэмээр нүд ер бусын давтагдашгүй хэв маягийг бий болгож, дэлхийн эмэгтэйчүүд түүнийг дууриан нүдээ уртасган тодосгосон төгсгөл зурахыг хичээдэг болжээ. Нүүр будалтын энэ хэв маяг өнөөдөр ч хадгалагдсаар байгаа боловч энэхүү өвөрмөц дүр төрхийг 1950-иад онд Алла Ильчун бий болгосон гэдгийг мэддэг хүн тун цөөн.
Алла олон удаагийн фото зураг авалтын үеэр Диорын баруун гарын гэрэл зурагчин болох Майк де Дюльментэй танилцан уулзаж, дотноссоор гэрлэж, хоёр хүү төрүүлжээ.
Тэрбээр загварын мастер Кристиан Диорыг нас нөгчих хүртэл 10 жил хамтран ажилласан байдаг. Түүнийг таалал төгссөний дараа ч ажилгүй үлдсэнгүй, дахиад 10-аад жил Ив Сен Лорантай нягт хамтран ажиллаж байжээ.
Алла Ильчун нүүрэнд нь хөгшрөлтийн шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц загварын карьераа дуусгахаар шийдсэн байна. Тэрбээр үзэгчид, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүрхэнд үүрдийн залуу, гоо сайхнаараа үлдэхийг хүссэн нь тэр юм.
Алла Ильчун загварын ертөнцөд 20 жил ажиллах хугацаанд бэлхүүснийх нь тойрог 47 сантиметрээр 49 сантиметр л болж нэмэгдсэн гэдэг. Гэвч бие хаа, нүүр царайнд нь нас тогтож буйн шинж ажиглагддаг байжээ. Тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа зураг авалтад огт оролцоогүй бөгөөд нууцлаг маягаар амьдарсан байна.
Харин хаана, хэзээ таалал төгссөн нь одоо ч тодорхойгүй байдаг.
2018 оны зун Франц дахь Казахуудын нийгэмлэгийн дарга Берлин Иришев Парисын эртний эдлэлийн нэгэн салонд Алла Ильчуны хөргийг зураач Леон Зейтлений буулгаснаар анх харжээ. Энэ бол загвар өмсөгчийг зурсан цорын ганц уран зураг. Ингээд Берлин Иришев уг хөрөг зургийг авах шийдвэр гаргаж, дараа нь Казах Үнсгэлжингийн түүхийг таниулахын тулд Алма-Ата руу явуулжээ.
Уг хөрөг зураг Парист ирмэгц Берлин Иришев загвар өмсөгчийн хүү Маркийг хайн олж, түүнтэй хамт Кристиан Диорын хайртай модель Алла Ильчуны хувь заяаны тухай кино хийхээр болсон аж.
1 comment
HUJAA L BNSHD