МХЕГ-аас иргэд, улсын байцаагчдад чиглэсэн, зөвлөн туслах, мэдлэг мэдээлэл олгох сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүний нэг болох“Тусгай сангуудад хяналт шалгалт хийхэд анхаарах асуудлууд, үр дүнг тооцох нь” сэдэвт сургалт эхэллээ. МХЕГ, НМХГ, аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын 38 улсын байцаагчийг хамруулсан энэхүү сургалт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эйбертийн сан, ХАБУЛЛ-ийн төлөөлөл оролцож, чиглэл тус бүрээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв.
Тухайлбал, “Нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн шинэчлэл, бодлого”, “Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн өнөөгийн байдал”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудлууд”, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад орсон нэмэлт өөрчлөлтийн талаар”, “Өртөг өндөртэй тусламж үйлчилгээ, эмийн хөнгөлөлт”, “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооход анхаарах асуудлууд”, “Нийгмийн даатгал, нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад хийсэн хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил”, “Эрүүл мэндийн даатгалын хууль” зэрэг сэдвийг дурдаж болно.
Нийгмийн даатгал, нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад хийсэн хяналт шалгалтаар аж ахуйн нэгжүүд ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, илүү цагийн цалин хөлсийг дутуу олгодог, амралтын хоногийг бүрэн тооцдоггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зэрэг зөрчил нийтлэг байгааг энэ үеэр хөндөж байлаа. Тиймээс ажил олгогчдод хууль тогтоомжийг сурталчлан таниулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж, зөвлөн туслаж, хяналт шалгалтаа сайжруулахыг улсын байцаагчдад сануулсан юм. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
ЭХ СУРВАЛЖ: МХЕГ