Дэлгэсэн тэрлэг шиг Монголын минь дээлийнх нь энгэрт оршин буй Хөвсгөл далай ээжийн эрэг, ирмэг газар эрх мэдэлтнүүдийн үзэгний үзүүрээр хуваагдаад дуусч байна. Одоогоос 22 жилийн өмнө Далай ээжийг цаазын тавцанд бөхийлгөж асан фосфоритын баялгийг нь ухаж авах гэсэн аюулыг нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан алдарт нийтлэлүүдээрээ аварч байсан түүхтэй.
Энэ аюул 2009 оноос дахин өндийж, Монгол Улсын стратегийн орд Бүрэнхааны фосфоритын ордыг лиценз нэрээр хувааж авсан эрх мэдэлтнүүдийн санаархал дахин сэдэрсэн юм.ҮүнийгЦ.Балдорж агсны үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сонин, Балдорж шагналт сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ болон “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа нарэрх мэдэлтнүүдийн булхай хуйвалдааныг дахин илчилж, эрэн сурвалжилсан олон цуврал нийтлэлээрээ олон нийтийн анхааралд хүргэж,бүх шатны шүүхээр 4 жил тэмцсэний эцэст2013 онд Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Бүрэнхааны ордын ашиглалтын бүх лицензийг цуцлах шийдвэр гаргуулж, Далай ээж маань ухах төнхөхийн шуналаас үүдсэн хоёр дахь удаагийн аюулаас аврагдаж байсан юм.
Харин өнөөдөр Далай ээж дахин цаазын тавцанд тэргүүн гуйдалган гурав дахиа аврал эрж байна. Гэхдээ энэ удаад байгалийн баялагт нь бус онгон дагшин байгаль, үзэсгэлэн төгс орчин бүхий газар нутагт нь шунан дурлагсад аялал жуулчлалаар бамбай хийн Далай ээжийн газрын төлөө уулгалан дайрч эхэлсэн нь 3 дахь удаагийн аюулын харангийг дэлдэж эхэллээ.
Үнэгүйдсэн “ногоон” гэрчилгээ буюу газраа булаалгасан малчдын эрхийг хэн хамгаалах вэ?
Өвөг дээдсийнхээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж энэ цагийн бидэнд өвлүүлэн үлдээсэн цэнгэг усны ундарга Хөвсгөл нуур бол Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэг. Хөвсгөл нуурын Байгалийн цогцолбор газар нь Хөвсгөл аймгийн Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ сумдын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 1 сая 175 мянган га газрыг хамардаг.
Үүний 20-хон хувь буюу 189 мянган га бүхий хязгаарлалтын бүсэд малчид уламжлалт аргаар мал аж ахуйгаа эрхэлж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Харамсалтай нь өнөөдөр Хөвсгөл далайн эрэг дагуух энэ газрын 3/1-тэй тэмцэх хэмжээний газар нутгийг аялал жуулчлалын нэрийдлээр хуваан авч, Хөвсгөл далайн эрэг орчмын газар нутагмөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн мэдэлд шилжилж эхэлжээ.
ХНТХГНЗ-ны дарга Л.Даваабаяр юу хэлэв?
Дархан цаазат Богд уулыг эрх мэдэлтнүүд яг ингэж хувааж авсан. Харин өнөөдөр хоймор нутгийн цэвэр усны ундарга Далай ээжийн газар нутаг руу уулгалан дайрсан мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нутгийн малчид, уугуул иргэдийн өвөлжөө, хаваржаа, зуслангийн газрыг нь хүртэл булаан авч, амьдран суух аргагүй болгоод байна. Ялангуяа Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн дагуу БОАЖЯ тусгай эрхээр далайлган нутгийн иргэдийн өвөлжөө хаваржааг булаах, уугуул иргэдийг шахан гадуурхах байдал Жанхай орчимд хэрээс хэтэрч нутгийн иргэдийн эрхийг зөрчих болсон жишээ олон байна.
Хатгал тосгоны иргэн, сумын сайн малчин Д.Чулуунбаатар ийн ярив
Биднийг Чулуунбаатар гуайгаас энэ ярилцлагыг аваад сурвалжлагаа цааш үргэлжлүүлэх хооронд Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргааны дарга Даваабаяр Чулуунбаатар гуайтай утсаар ярьж “Баян буурал” жуулчны баазын эзэд түүнтэй уулзаж, тохиролцох санал тавьсныг дуулгасан. Бид ганц ч гэсэн иргэний асуудал шийдэгдэх нь хэмээн баярлан Жанхайн “Ардаг сайрын ар” руу буцаж, сурвалжлахаар хамтдаа очлоо.
Гэвч 7847 ХӨҮ дугаартай Приус маркийн машинаас бууж ирсэн эздүүд биднийг “Чулуунбаатарын захиалгат сэтгүүлч” хэмээн угтсан. Тэдэнд Чулуунбаатар гуайг өөрийнхөө газар дээр сэтгүүлчдэд ярилцлага өгч байгаа мэдээллийг хэн нэгэн өгсний дагуу яаран сандран ирсэн нь энэ бололтой.
Жанхайн “Ардаг сайрын ар” дахь “Баян буурал” жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Лхагвасүрэнгийн охин Тамирмаагийн нэр дээр байдаг юм байна. Тиймээс ноён Лхагвасүрэн тус кемпийн ерөнхий нягтлан,эхнэр Мядагмаагийн хамт ирж Чулуунбаатар гуайтай анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ аж.
Тиймээс бид аль болохоор ойлголцоосой хэмээн хүсч, тэднээс холдож холоос ажиглахад төрийн албан тушаалдаа бардсан аархсан, дээрэнгүй байдлаар Чулуунбаатар гуайг зандчиж дүнзэн байшингаа нураах, нүүлгэхийг шаардах нь сонсогдож байсан. “Чи мянгат малчин гэлүү. Тэгээд энэ захиалгат сэтгүүлчдийг авчираа юу. Ямар их мөнгөтэй юм бэ” хэмээн дайрч давшилсаар… Нэлээд удаан ярилцсан ч тэд тохиролцож чадаагүй бололтой кемпийн эзэд машиндаа суун хөдөлсөн тул бид ч сурвалжлагаа үргэлжлүүлж, Д.Чулуунбаатар гуайгаас уулзалтын талаар асууж ярилцлаа.
Биднийг ярилцаж байх зуур “Баянбуурал” кемпийн эзний ээж, Ерөнхий нягтлан н.Мядагмаа ирж уучлалт гуйж, өөрсдийн байр суурийг илэрхийлэхийг зөвшөөрсөн тул түүнтэй ийнхүү ярилцсан юм.
н.Мядагмаа “Хөвсгөл баян буурал”ХХК-ийн нягтлан бодогч
“Баянбуурал” кемп буюу “Хөвсгөл Баянбуурал” ХХК-ийн газрын гэрчилгээ энэ байна. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Сайханбилэгийн Засгийн газрын гишүүнээр томилдогдоод дөрөвхөн хоногийн дараа буюу 2014 оны 145 тоот тушаалаар Хөвсгөлийн “Жанхайн ардаг сайрын баруун” гэх газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах 1 га газрыг энэ компанид олгожээ. Гэтэл газар дээр нь очиж үзэхэд “Баянбуурал” кемп зөвшөөрөгдсөн газраа 2 дахин томсгож иргэн Чулуунбаатарын өвөлждөг байсан амбаар болон 7х8 хэмжээтэй дүнзэн байшинг оролцуулан сунгаж хашаа хатгаснаас өнөөдрийн энэхүү маргаан эхэлжээ.
Тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгохдоо давцхал байгаа эсэхийг сумын Засаг дарга, Нуурын хамгаалалтын захиргааны дарга нарын саналд үндэслэн хянадаг. Мөн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж, нутгийн иргэдээс санал авдаг хуультай. Иргэдийг хэрхэн оролцуулах талаар журам ч бий.
Гэтэл “Хөвсгөл Баян буурал” компанид олгосон энэ газарт ийм нарийвчилсан үнэлгээ байна уу? Үнэлгээ хийлгэсэн бол журамд заасны дагуу нутгийн иргэдийг оролцуулан хэлэлцүүлэг хийж, саналыг нь авсан байх ёстой.Харамсалтай нь Хатгал тосгоны иргэдтэй уулзаж байхад Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх явцад хэлэлцүүлэгт оролцож саналаа өгч байсан иргэнтэй таарсангүй. Энэ нь аялал жуучлалын зориулалтаар газар олгох үйл ажиллагаа иргэдийн оролцоогүй явж ирснийг илтгэнэ.
Өнөөдөр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй 131 компани байна. Тэдний ихэнх нь БОАЖЯ-д ажилладаг болон ажиллаж байсан хүмүүсийнх. Тиймээс Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийдэг компаниудын үнэлгээ, тайланд итгэхэд бэрх. Нутаг орон байгаль орчны онцлогт тохируулан газар дээр нь очиж судалж, нарийвчилан үнэлсэн, хууль, журамдаа заасны дагуу олон нийтийн оролцоог хангасан нь ч эргэлзээтэй юм.
Энэ бол ганц Чулуунбаатар гуайд тохиолдсон асуудал биш. БОАЖЯ-наас газрын зөвшөөрлөө авсан гэх компаниуд уугуул иргэдийн газрыг булаах, гэрийнх нь буурийг, байр байшинтай нь,ухсан жорлонтой нь хамт хашаалан авч дээрэлхэх байдал гарч байна. Нутгийн иргэдийн хувьд өвөө, эмээ, аав, ээжийнхээ үеэс өвөлжиж, хаваржиж нутагладаг байсан, төрж өссөн газартаа эзэн байхыг хүсч байна. Харамсалтай нь 50-60 жил нутагласан гэдгийг нь баталж өгсөн орон нутгийн засаг захиргаанаас олгосон өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээ хоосон цаас мэт л үнэгүйдэж байна.
Харин ”Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн-ын тэргүүн Б.Баярмаа ийн ярьж байна.
Гэрчилгээ бол хэн хаанаас өгснөөс үл хамаарандарга ч бай, малчин ч бай хүн бүхэнд адил тэгш үйлчилэх ёстой төрийн баримт бичиг, баталгаабайх ёстой. Гэтэл өнөөдөр БОАЖЯ-ны гэрчилгээтэй бол “газрын эзэн”,Орон нутгаас өгсөн “ногоон гэрчилгээ”-тэй бол эзэн нь биш гэсэн хандлага Хөвсгөлд үйлчилж байна. Энэ нь нутгийн малчдыг тохиролцоо нэрийн дор мөнгөтэй эрх мэдэлтэй нэгэнд газраа худалдах, арилжих, наймаалцах хууль бус үйлдэл хийхэд хүргэж байна.
Хатгал тосгоны иргэн Б.Наран-Од: Тохиролц гээд 700 мянга өгсөн
Д.Чулуунбаатар: Хэл ам дэгдэхээр тохиролц гэдэг, тохиролцохоор сураггүй болчихдог
ХНТХГНЗ-ны дарга Л.Даваабаяр: Иргэд өөрсдөө буруутай
Сэтгүүлч Дэшигрэнцэнгийн ОЮУН-ЭРДЭНЭ
үргэлжлэл бий