Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри нар өчигдөр /2018.10.23/ Швейцарын холбооны улсын Женев хотноо уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чиглэлээр ярилцсан юм.
Мөн жижиг дунд үйлдвэрт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах, залуучуудын санаачилга, инновацыг хэрхэн дэмжих, дэлхийн хэмжээнд патент авсан ижил төрлийн инноваци байгаа эсэхийг цаг алдалгүй мэдэх хүсэлт тавив.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри Монгол Улстай бүхий л талаар хамтарч ажиллахдаа тааламжтай байна гэдгээ илэрхийлээд тус байгууллагын мэдээллийн сангаас дэлхийн хэмжээнд ямар инноваци патент авсан эсэх болон патент авах хүсэлт нь ямар шатанд явааг хэрхэн мэдэх тухай сургалт, оюуны өмчийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай сургалтыг Монгол Улсад явуулахаар болов.
Түүнчлэн дэлхийн инновацийн индексийн тайланд Монгол Улс 126 орноос суурь 80 үзүүлэлтийн дүнгээр 53 дугаарт орсон талаар танилцуулсан юм.