Манай төр засаг олонд хэрэгтэй, нийгэмд нэмэр болохуйц тогтоол, шийдвэр хангалттай “үйлдвэрлэж” байна. Харин ганц дутагдал нь олон хүний бодож, боловсруулсан мэргэн шийдвэрийг цаасан дээр буулгаж батлаад л хаячихдагт гол учир байгаа юм. Олон түмэнд аль нэг асуудлын талаар бүрэн хэмжээний ойлголт өгч, мэдлэг, дадал болгоогүйгээс тэрхүү тогтоол тухайн үедээ сүржин мэдээлэл болоод замдаа замхарчихдаг тал бий.
Уг нь иргэдийн амьдралд бодит өөрчлөлт оруулахуйц бичиг баримтаа түмэнд түгээж, цаасан дээрх төслийг мэдлэг болгож олны хандлагыг өөрчлөхөд л төрийн бодлогын түлхүүр оршиж байх ёстой аж. Гэтэл энэ мэтчилэн мэдээлэл, сурталчилгаа дутагдсанаас төрийн бодлого цаасан дээрээс бодит амьдралд буухгүйн дээр хяналт хаягдсаар ирлээ. Үүний нэг жишээ бол монгол гэр бүл, тэр дундаа өсвөр насныхны эрүүл мэнд, сурч боловсроход нь тун хэрэгтэй тогтоолыг Засгийн газраас батлаад сар гаруй болж байна.
Гэтэл хэрэгжилт нь хэр байгааг асууж лавлаж, олон нийтэд түгээсэн зүйл дутмаг. Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 276 дугаар тогтоолоор сургууль, цэцэрлэгийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хязгаарласан. Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байгаа энэ эрин зуунд тогтоолын ач холбогдол мэдээж үгээр илэрхийлэмгүй өндөр.
БСШУСЯ-наас “Хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор авч буй арга хэмжээ. Хичээл, сургалтын цагаар гар утсыг хязгаарласнаар сурагч цагийг зөвхөн сурч боловсрохдоо зарцуулж, сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй шалтгаануудыг бууруулж, бүх шатны сургалтын чанарыг сайжруулах боломж бүрдлээ” гэж мэдээлж байв.
Гэтэл энэ тогтоол хэрэгжээд бүтэн сар болох гэж байхад үр өгөөж нь ямар байгааг бид улсын болон хувийн сургуулиудаар орж асуухад харамсалтай дүр зураг угтав. Нэг ёсондоо ухаалаг утсыг сургуулийн орчинд хориглосон Засгийн газрын шийдвэр тогтоол төдийгээр замхарчээ гэхэд хилсдэхгүй болжээ. Засгийн газрын тогтоолд заасанчлан сурагчдыг ухаалаг утас ашиглуулахгүй байхад сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавихаар зохицуулсан.
Биднийг Буянт-Ухаа цогцолбор сургуулиар ороход сургуулийн үүд, коридорт ухаалаг утас барьсан хүүхэд хэд хэд зөрөв. Хориглосон журмыг сануулсан ч ямар нэг хариулт, тайлбар өгөхөөс татгалзсан юм. Харин ангидаа утасныхаа хөгжмийг хаагаад нууцаар авч ордог, дуудлага ирэхгүй л бол фэйсбүүк чат бичихэд багш нар мэддэггүй гэхчлэн ахлах ангийн сурагчид ярилцахтай зөвхөн сургууль гэлтгүй нийтийн унаанд таарч байлаа. Үүгээр зогсохгүй бага ангийн сурагчид ч ухаалаг утас барих тохиолдол цөөнгүй байгааг багш нар ярьж байна.
Ухаалаг утас хориглосон гэж хэчнээн хэлээд нэмэргүй. Эцэг эхчүүдийн дэмжлэг, хүүхдэдээ зааж зөвлөх нь тааруу байна. Нөгөө талаас ухаалаг утасны хор хөнөөлийг хүүхдүүдэд ойлгуулахгүй л бол үр дүнгүй. Ялангуяа, бага ангийн сурагчдын үздэг нэвтрүүлэг, хүүхдэд зориулсан янз бүрийн сурталчилгааны үеэр ухаалаг утас хориглосон тогтоол шийдвэрийг сайн хэлж таниулах шаардлагатай байна гэж байв. Харин Япон Монголын хамтарсан сургалттай Номт наран сургуулиас энэ талаар асуухад “Манай сургууль Засгийн газрын тогтоол гарахаас өмнө ухаалаг утсыг хичээлийн танхимд ашиглахыг хориглосон.
Хамгийн гол нь эцэг эхчүүд хамтарч ажиллах шаардлагатай. Цөөн тооны хүмүүс нь хүүхдийнхээ андройд утсыг товчлууртайгаар сольсон. Багш нь өглөө ангид ороход утсыг нь хурааж аваад тарахад нь буцааж өгдөг. Ер нь хамгийн үр дүнтэй арга бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдэд ухаалаг утасны хор хөнөөлийг ойлгуулах” гэж тус сургуулийн Иргэний боловсролын багш ярилаа. ДЭМБ, БСШУСЯ-ны судалгаагаар 8-17 насны хүүхдүүдийн 71.8 хувь нь гар утас ашигладагийн 54.6 хувь нь ухаалаг утастай гэжээ.
Тэгэхээр хүүхдүүдийг цахим орчны сөрөг үр дагавар, цахим гэмт хэргээс хамгаалахын тулд хамгийн гол нь зөвхөн тогтоол шийдвэр биш мэдлэг ойлголт түгээх нь хамгийн чухал байгаа юм. Харин үүний нэг гарц нь цахим эрсдэлээс хүүхдийг хамгаалахад төр оновчтой бодлого гаргасан шигээ түүнийг хэрэгжүүлэгч байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн уялдаа холбоо, онцгой түншлэлийг хуулиар зохицуулж өгч болно.
Хүүхдүүдийг цахим дахь худал мэдээлэлд төөрөх, зохисгүй контент үзэх, дэлгэцэнд донтох, мэдээллийн хэт урсгалд автах, хувийн мэдээллээ алдах, цахим гадуурхал, доромжлолд өртөх, хүчирхийлэл, садар самуунд уруу татагдах, цахим орчны гэмт хэргийн золиос болохоос сэргийлэхийн тулд эцэг эх, багшийн ойлголт хандлагыг дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна.
Харин үүнд цахим орчинд хүүхдийг хамгаалах онцгой зохицуулалт шаардлагатай байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллах боломж юм. Төрийн үйлдэл, бодлогыг нэгэн зэрэг хамгийн хурдтай, үр дүнтэйгээр гурван сая иргэнд түгээх, ойлгуулахаас өөр өгөөж гэж хаана байхав.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин