-АРЬС ЦАЙХ ӨВЧТЭЙ ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ГҮН ХЯМРАЛД ОРСОН БАЙДАГ-
Сүүлийн үед манай улсад арьс цайх /витилиго/ өвчлөл маш хурдацтай тархаж, бага насны хүүхдүүд эл өвчнөөр ихээр өвчлөх болсон. Арьс цайрах өвчний үүсэх шалтгааныг дэлхийд эцсийн байдлаар тодорхойлж чадаагүй ч өндөр хөгжилтэй ганц нэгхэн улсад эмчилдэг юм байна. Гэвч харамсалтай нь энэ өвчнийг маш өндөр өртгөөр эмчилдэг учраас арьс цайх өвчтэй хүмүүс тэр болгон гадаад руу эмчилгээнд явж чаддаггүй. Саяхнаас уг өвчнийг Монгол Улсад “Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлэг эмчилж эхэлсэн гэх таатай мэдээ сонсогдох болсон. Тиймээс бид тус эмнэлгийг зорин очиж арьсны эмч Г.Ундрахтай ярилцаж, эмчилгээний үйл явцтай танилцлаа.
Монгол хүн эх орондоо, гэртээ, ажил, сургуулиа таслахгүйгээр, мөн гадагшаа явж ихээхэн зардал чирэгдэл гаргахгүйгээр арьс цайх өвчнийг эмчилдэг болсон нь бахархууштай санагдсан юм.
-Монгол Улсад арьсны өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн статистик мэдээлэл байна. Тэр тусмаа арьс цайх өвчний тархалт эрс нэмэгджээ. Тиймээс энэ өвчний учир шалтгааны талаар яриагаа эхэлье?
-Арьс цайх өвчин маш олон төрлийн шалтгаанаар үүсгэгдэг. Дэлхий нийтэд арьс цайх өвчин ийм учир шалтгааны улмаас үүсээд байна гэдгийг нарийн тодорхойлоогүй, өнөөдрийг хүртэл эрдэмтэд судалсаар л байна. 10 гаруй жилийн өмнө дотоод шүүрлийн булчирхайнаас үүдэлтэй юм болов уу гэж ярьж байсан. Өнөөдөр эрдэмтэд хэт ягаан туяанаас үүсэлтэй байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Эрдэмтдийн ажигласнаар бүтэн өдөржингөө наранд ажил хийдэг, нарнаас хамгаалах тос хэрэглэлгүй биеэ наранд шардаг хүмүүст илүү тохиолдож байна гэсэн таамаглал гаргасан байна.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд энэ өвчнөөр их өвчилж байгаа гэсэн. Танай эмнэлэгт ирж буй хүүхдүүдийн ихэнх нь Улаанбаатар хотод амьдарч байна уу?
-Бага насны хүүхдүүд их ирж байгаа. Хөдөө орон нутгаас ч гэсэн ирж байгаа. Энэ өвчин урт хугацааны тууштай эмчилгээ шаарддаг болохоор хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс 2-3 сараар хотод эмчилгээ хийлгэх хүндрэлтэй байдаг л даа. Гэхдээ л нэг үеэ бодвол арьс цайх өвчний эмчилгээ гэрийн хаяанд ирчихлээ шүү дээ. Өнөөдөр ийм өвчтэй хүмүүс тэр болгон АНУ, Япон руу эмчилгээнд явж чадахгүй. Бололцоотой нэг нь Хятад улс руу эмчилгээнд явдаг. Гэхдээ эмчилгээ нь тэр болгон үр дүнтэй байдаггүй. Арав хоногийнх нь эмчилгээ хамгийн багадаа 13-15 сая төгрөгийн өртөгтэй байдаг юм билээ.
-Арьс цайх өвчний эмчилгээ хэдэн сар үргэлжилж үр дүн нь гардаг вэ?
-Хүн бүрийн арьс өөрийн гэсэн онцлогтой байдаг. Зөвхөн нүүрний нэгээхэн хэсэгт арьс нь цайсан бол харьцангуй хурдан эмчилгээ авдаг. Бүтэн биеийг 100 хувь гэж үзвэл 70-80 хувь нь цайрчихсан бол нэлээд удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байж үр дүн нь гарна. Манай эмнэлэгт ирж буй ихэнх хүмүүсийн биеийнх нь 70-80 хувь цайчихсан байдаг.
-ХИМИЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАЖ ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН
ХЭРЭГЛЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ-
-Монголчууд арьс цайх өвчнийг, арьс хуурайшиж цахлайтахтай андуураад байх шиг санагдаад байдаг. Энэ хоёрын ялгааг сайн тайлбарлаад өгөөч?
-Арьс цайх өвчин ганцхан өдрийн дотор цагаан болж цайдаггүй. Арьс цайх өвчний шинж тэмдэг хэд хэдэн янзаар илэрч болно. Ихэнхдээ тэр хэсгийн арьс ягаан туяатай эсвэл тэр хэсэгтээ загатнаж эхэлдэг. Зарим хүмүүс арьсаа цайж байгааг ч анзаардаггүй. Биеийнх нь бусад хэсэгт цайрсан ч гэсэн нүүрэн дээр минь гарсангүй ээ гээд ярьдаг л даа. Гэхдээ оношилгоо хийгээд тусгай гэрлээр харахад нүүрнийх нь арьсан дээр энэ өвчний процесс явагдаад эхэлчихсэн байдаг. Арьс хуурайшиж цахлайтах ихэвчлэн хүүхдэд тохиолддог. Мөн нас биед хүрсэн хүмүүс нүүрээ арчлахгүй хэт их хуурайшсан тохиолдолд цахлайтдаг. Цахлай хэсэг газартаа цайж эхлэхээс гадна арьс нь хуурайшсан байдаг. Харин арьс цайх өвчин эхэлж байх үедээ тэр хэсэг газартаа цахлай шиг хуурайшдаггүй.
-Танай эмнэлэг арьс цайх өвчнийг эмчилж буй тоног төхөөрөмжөө Япон улсаас оруулж ирсэн гэл үү. Та бүхний ашигладаг технологийг дэлхийн аль орнуудад ашиглаж байна?
-Манай эмнэлэгт ашиглаж буй тоног төхөөрөмжийг өндөр хөгжилтэй орнууд ашигладаг. Гэхдээ Солонгос, Хятад улсад байдаггүйг мэднэ. Манай эмнэлэгт ашиглагдаж буй Vtrac 308 эксимер лазер аппаратыг АНУ-ын салбартаа тэргүүлэгч ФотоМедекс /PhotoMedex/ корпорацийн эмч, мэргэжилтнүүд, Харвардын Анагаахын сургуулийн Анагаах ухааны доктор Рокс Андерсон болон Бостоны Фотоанагаах Веллман төвтэй хамтарсан судалгааны баг арьс цайх болон хайрст үлдийг богино хугацаанд, үр дүнтэй эмчлэхэд тусгайлан зориулан бүтээсэн. Хэт ягаан туяаны гэрлийн нэг өнгийн долгионыг /308 нанометр/ гаргах эксимер лазер нь одоогоор хүний биед хамгийн сөрөг нөлөөгүй нь батлагдсан. Тухайлбал, эрүүл арьсанд ямар нэгэн гэмтэл учруулахгүй, жирэмсэн, хөхүүл, бага насны хүүхдийг эмчилж болдог. Арьс цайх өвчтэй хүмүүс хятад спирт, кубын ихсийн түрхлэг түрхдэг. Өөрөөр хэлбэл, механикаар нөсөө үүсгэдэг. Харин энэ аппарат арьсыг тэжээж, дархлаатай байлгадаг эсүүдийг өдөөн сэргээдэг. Нэг ёсондоо унтаа байдалд орсон эсүүдийг сэрээж өөрөөр нь ажлыг нь хийлгүүлж нөсөө үүсгэн эмчилж байна гэсэн үг. Арьс цайх өвчнийг эсийн түвшинд эмчилдэг.
-Та ярилцлагын эхэнд монголчууд арьс цайх өвчнийг гадаад нэлээд өндөр дүнгээр эмчлүүлдэг гэж дурдсан. Харин танай эмнэлгийн нэг өдрийн эмчилгээ хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ?
-Өндөр технологийн эмчилгээ учраас өндөр үнэтэй байдаг л даа. Японд л гэхэд нэг өдрийнх нь эмчилгээ 50 ам.доллар байдаг. Ижил төрлийн лазер аппаратаар арьс цайх эмчилгээ хийдэг Солонгост л гэхэд нэг өдрийнх нь 100 мянган төгрөгөөс дээш үнэтэй байдаг. Манайх энэ эмнэлгийг бизнесийн зорилгоор байгуулаагүй учраас монголчуудын амьжиргааны түвшид тохирсон үнээр өдрийн 40 мянган төгрөгөөр эмчилж байгаа.
-Хүүхэд нь арьс цайх өвчнөөр өвчилсөн бол эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Арьс цайх өвчтэй хүүхдүүд миний ажигласнаар бусдаас өөрийгөө ялгаатай өөр гэж бодоод сэтгэлзүйн маш хүнд дарамтад ордог. Тэр тусмаа 7-13 насны хүүхдүүд маш эмзэг, сэтгэлзүйн гүн дарамтад ордог. Хүүхдүүд л болсон хойно найз нөхөд нь “Чиний нүд, хөмсөг, гар чинь цагаан юм” гэж асуудаг. Зарим нь шууд шоолдог. Арьсны өвчнийг эмчилнэ гэдэг амьдралын чанарыг нь сайжруулж өөртөө итгэх итгэл, бусдаас дутахааргүй нийгмийн харилцаанд орж эхэлдэг. Манай эмнэлэг наймдугаар сарын 01-нээс эхний үйлчлүүлэгчээ аваад хоёр сарын хугацаанд эмчилгээ хийж байна. Хүүхдүүдэд энэ эмчилгээ маш үр дүнтэй байна. Манай эмнэлэгт ирж буй хүүхдүүдийн ихэнхэд нь арьс цайх өвчний тархалт их, 4-6 сарын эмчилгээ шаардлагатай байдаг. Таны хүүхэд арьс цайх өвчнөөр өвчилсөн бол бухимдуулахгүй, сэтгэл санааг нь тайван өөдрөг байлгаж, бусдаас дор биш, энэ өвчин эдгэрдэг, хэнд ч халдахгүй гэдгийг ойлгуулж маш сайн унтаж амраах хэрэгтэй. Мөн гар утас цахилгаан соронзон долгионоос хол байлгах нь хамгийн чухал. Чанартай мах, сүү, таргийг нь хангалттай өгч хүүхдэдээ стрессээ тайлах хобби үүсгэх хэрэгтэй.
-Арьс цайх өвчтэй хүмүүс ямар нэгэн хоолны дэглэм барих шаардлагатай юу?
-Амьдралын зөв дэглэм буюу архи, тамхинаас татгалзах хэрэгтэй. Унтах цагтаа унтаж ажиллах цагтаа ажиллаж дархлаагаа сайн байлгах хэрэгтэй. Нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй. Энгийн хүмүүс ч гэсэн нарны хэт ягаан туяанаас өөрийгөө хамгаалах нь чухал. Химийн гаралтай бүтээгдэхүүн, хоол хүнснээс татгалзаж органик бүтээгдэхүүн хэрэглэх. Арьсны өвчтэй хүмүүс нийлэг материалтай хувцаснаас татгалзаж цэвэр даавуун хувцас өмсөх хэрэгтэй гэдгийг япон эмч нар зөвлөдөг.
М.АМАРЖАРГАЛ