Монгол Улсад хүүхэд хамгааллын асуудал “тэг” заачихаад байгааг төрийн тэргүүнээс эхлээд тэтгэврийн хөгшид хүртэл амны зугаа болгож, шүүмжилж шогширч байна. Үүнийг баталья гэвэл хууль хяналтын байгууллагаас гаргасан хэдхэн тоо хэлэхэд л хангалттай. 365 хоногт 1800 хүүхэд гэмтэж, хохирсноос 127 хүүхэд нас барсан. Гэтэл эсрэгээрээ 1000 хүүхэд буруу замаар орсноос 400 нь шүүхээс хариуилага хүлээсэн.
Нийгмийг түгшээж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт 187 хүүхэд өртсөн бол өнгөрсөн оны байдлаар 1000 гаруй хүүхэд машинд мөргүүлж, бэртэж 55 хүүхэд амиа алджээ. Энэ бол өнгөрсөн хугацаанд Монголын төр болоод бодлогыг нь хэрэгжүүлдэг хувь, хувьсгалын арав, зуугаар тоологдох байгууллагуудын бодлого, үйл ажиллагаа, хичээл зүтгэл хэр оновчтой явж ирсний илэрхийлэл. Нэг ёсондоо, хүүхдийн гэх тодотголтой байгууллагуудад тавих хамгийн бодит бөгөөд ил тод үнэлгээ гэж хэлж болно.
Нэг үеийг бодоход хүүхэд хамгаалалд зарцуулах төсөв нэмэгдсэн. Өнгөрсөн жил л гэхэд хүүхдээ хамгаална гэж 800 сая төгрөг төсөвлөж байснаа таван тэрбум болгож огцом нэмэв. Ингэж зургаа дахин нэмэгдсэнд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг их байсан юм. Энэ нь нэг талаас сайшаалтай ч нөгөө өнцгөөс харвал цаасан дээрх төлөвлөгөө хөрсөн дээр хэр хэмжээний үр өгөөжтэй болж буусан. 1.2 сая хүүхдийг хамгаалж чадсан уу гэвэл дэндүү чамлалттай дүн гарсныг олон ч хүн хэлж байна.
Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа “Таван тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдав гэдэгт анхаарал хандуулж шинжилгээ хийж үзсэн, харамсалтай дүн гарсан. 2018 оны төсвийн тайлангаас үзэхэд 3.7 тэрбум төгрөгийг нь байгууллагын үйл ажиллагааны зардал болон эд хогшил, тавилга худалдан авахад зарцуулсан байна. Дээр нь 957.5 сая төгрөгөөр мэдээлэл, урлагийн наадам, тэмдэглэлт ойн өдрүүд зохион байгуулсан, найман хувийг нь сургалт, семинар хийхэд зарцуулсан байна.
Үлдсэн 10-хан нь л хүүхэд хамгааллын ажилд зарцуулагджээ. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулах төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан төрийн албан тушаалтнууд хариуцлага хүлээж, төрийг хохиролгүй болгож, түмний хүүхдийг хамгаалахад төсөвлөсөн мөнгийг гаргаж ирэх ёстой” гэж ярьсан байдаг. Харин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “2018 онд хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хувиарласан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд 700 сая, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 667 сая, дэргэдэх байгууллагуудад 789 сая, салбар дундын үйл ажиллагаанд 1.4 тэрбум төгрөг суусан. Тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон. Тавилга гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төвд нөхөн сэргээх төхөөрөмж, техникийн хангамж хүрэлцээгүй байгаа зарим орон нутагт компьютер, ширээ сандал авсан.
Энэ нь 67.4 сая төгрөг болсон. Мөн “Өнөр бүл” төвд 23 сая төгрөгийн архивын тоног төхөөрөмж авсан” гэж няцаасан байгаа юм. Эндээс нэг л нийтлэг зүйлийг харж болно. Таван тэрбум төгрөгөөр хүүхдээ хамгаалсан юм бол яагаад гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болж буй хүүхдүүдийн тоо улам огцом өсөөд байна вэ. Нэг нь шүүмжлэх, нөгөөх нь шүүмжлүүлээд “нүүрээ” хамгаалахдаа биш юм. Эцсийн үр дүн хүүхдэд ямар өгөөж үлдэж, эрсдэлд орсоор байгаа хүүхдүүдийн тоо хэд дахин багасав гэх баталгаа л шаардах учиртай.
Тиймээс хүүхэд хамгаалалд зарцуулах дараагийн тав, магадгүй арван тэрбум төгрөгийг ирэх жилийн өдийд дахиад л “тавилга” авчээ гэж маргалдаж суухгүйн тулд илүү тооцоо судалгаатай, үр ашигтайгаар “хөдлөх” шаардлага байна. Харин хүүхдийг аюул эрсдэлээс сэргийлэх, гэмт хэрэг хийх сэдэл өгөхгүйн тулд багаас нь зөв хүн болгож, хүмүүжил төлөвшилд нь анхаарах, цаашид дадал хэвшил болгох гарц хамгийн оновчтойг эрдэмтэд аль хэдийнэ судалчихсан.
Өөрөөр хэлбэл, хүүхдийг зөв ойлголт мэдлэг, мэдээлэлтэй болгож, эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахын тулд “толгой”-той нь ажиллах хэрэгтэй байгааг өнгөрсөн хугацаанд хангалттай хэлж, хурал цуглаан дээрээ ярилцсан. Ингэж олон нийтийн сэтгэхүй, ойлголтыг өөрчилж урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийж чадвал таван тэрбум төгрөгөөс хүүхдүүдэд өгөх хүртээмж бодит болно гэдгийг хууль хяналтын байгууллагууд мэддэг, ойлгодог.
Тэгсэн мөртлөө харамсалтай нь нөгөө л сургалт, семинар, тараах хуудас, эд хогшил, тэмдэглэлт арга хэмжээнд гар татдаггүй хэрнээ олон нийтэд ойлголт өгөх хамгийн чухал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тодорхой мөнгө төсөвлөж байсангүй. Үүний хамгийн наад захын жишээ бол цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх төсөл. Төслөөс хүүхдэд үлдэх өгөөж, хүртээмжийг аль болох олон хүүхдэд зөв мэдлэг, ойлголт түгээх гэж тодорхойлсон хэрнээ төслийн 50 саяын үнийн дүнгээс хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд зарцуулах мөнгө гэж тусгайлан тавьж өгөөгүй байгаа юм.
Энэ удаагийн нэг дэвшилттэй тал нь хүүхдийн хамгийн их шимтдэг хүүхэлдэйн суваг, үзэх дуртай баатруудаар нь төсөөлүүлэх мэтээр хэвлэл мэдээллийн үр ашгийг ойлгож байгаа ч энэ байдал учир дутагдалтай хэвээр байна. Төслийн талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д. Будзаанаас тодруулахад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд хүүхдүүдэд аюул, эрсдэлийг нь ойлгуулах хамгийн чухал.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээлэл, сурталчилгаа хамгийн чухал. Хүүхэд эцэг эхийнхээ үгийг тэр бүр тоодоггүй мөртлөө үзэх дуртай нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг дагаж дуурайдаг. Цагдаагийн байгууллага сэргийлэгч хүү, зөвлөгч охин гэсэн дүр бүтээж Өсвөрийн сэргийлэгч төсөл хэрэгжүүлж байна. Хүүхдүүдийн хамгийн их үзэх дуртай dreambox сувгаар дамжуулаад “Танихгүй хүнд битгий хаалгаа тайлж өгөөрэй”, “Ухаалаг утаснаас хол байя”, “Гарцаар гарахдаа ногоон гэрлээр гарч хэвшээрэй” гэх мэтээр аюулгүйн санамжуудыг өгч байна.
Аав, ээж, ах эгч нарын хэлж амжаагүйг энэ дүрээр дамжуулж дадал хэвшил болгохыг хүссэн. Аливаа төсөл хөтөлбөр ширээн дээр цаас болж үлдэхгүйн тулд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо маш чухал. Төсөл цаасан дээр биш 1.2 сая хүүхдэд үлдэх өгөөж8 хүртээмжийг нь бодож хилд 3000 орчим давталттайгаар хүргэнэ” гэсэн юм. Харин бусад сонин, хэвлэл, телевизээр мэдээлэл гаргаж хүүхэд, эцэг эхчүүдэд зөв ойлголтыг өгөх нэн чухал хэрэгцээ, шаардлага байгаа ч төсөв мөнгө байхгүй. Хэвлэл мэдээллийнхэн нийгмийн хариуцлага нэрээр л бидний үйл ажиллагааг сурталчилж өгч байна даа гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн хариуцлага болон Засгийн газрын тогтоолоор заагдсан нийтлэл нэвтрүүлгийнхээ 15-аас доошгүй хувийг соён гэгээрүүлэхэд зориулах үүргээ хангалттай, бүр давуулан биелүүлдэг. Харин одоо хүүхэд хамгаалал зэрэг нийгмийн чухал асуудалдаа бодит ахиц дэвшил гаргахын тулд хэвлэл мэдээлэлтэйгээ хамтраад, сурталчилгаанд багахан төсөв тавьдаг больё. Бүр Зар сурталчилгааны тухай хуульд тов тодорхой заагаад өгчихье.
Хуульдаа төр, хувийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог жигдлээд жилийн эцэст харин үр дүнг нь асууя. Ядаж л тавилга, шатахуун, утасны мөнгөнд хэдэн саяар нь зарцууллаа гэж хэрүүл хийж, нүүрээ улалзуулж суухгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад гурван сая иргэндээ мэдлэг, мэдээлэл түгээсэн гэх хүртээмжийг яриад суухад үр дүн болоод гарц шийдэл арай л өөр харагдана даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга