Орчин цагийн анагаах болон генетикийн шинжлэх ухааны ололт, амжилт бидний хойч үе илүү сайн, урт удаан амьдрах байх гэсэн бодлыг бидэнд төрүүлж буй. Хүний наслалт нэмэгдэж, удахгүй шинжлэх ухаан мөнхийн залуу байлгах шидэт бэлдмэлийг зохион бүтээх байх гэсэн найдлага олон хүнд төрж буй. Тэгвэл Вашингтоны их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачдын бэлтгэсэн илтгэлд бүх зүйл маш олон тооны хүчин зүйлээс хамааралтай гэдгийг онцолжээ.
Дэлхийн 195 орны хүн ам 20 жилийн дараа дунджаар хэд наслах вэ гэсэн асуултад хариу өгөхийн тулд судлаачид хүмүүний эрүүл мэндэд нөлөөлдөг янз бүрийн 79 хүчин зүйлийг шинжилсэн байна. Мөн тухайн улс, орнуудын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг ч авч үзжээ. Ингээд 2040 он гэхэд хүний наслалт яаж өөрчлөгдөхийг урьдчилан таамагласан аж. Хамгийн урт удаан амьдардаг хүмүүстэй орны жагсаалтыг Испани эзэлжээ. 2040 онд энэ улсын хүн ам дунджаар 85,8 наслах аж. Хоёр жилийн өмнө Испани 82,9 жил гэсэн үзүүлэлттэйгээр дөрөвдүгээр байрт бичигдэж байсан юм.
Харин уг жагсаалтын одоогийн манлайлагч Япон 2040 онд 85,7 жил гэсэн үзүүлэлттэйгээр удаалах гэнэ. Сингапур, Швейцарийн ард иргэд дунджаар 85 наслах бол Португал, Итали, Израиль, Люксембург, Австрали зэрэг орны хүмүүс 84 жил амьдарна. Дэлхийн 59 улс, оронд хүмүүсийн дундаж наслалт 80-аас дээш жил байх юм. Манай урд хөрш Хятадад хүмүүсийн дундаж наслалт таван жилээр нэмэгдэж, 82 насанд хүрэх төлөвтэй байна. Харин хойд хөрш ОХУ жагсаалтын 116-р байрт 75,6 жил гэсэн үзүүлэлттэйгээр оржээ. Африкийн Лесото Улсын ард иргэд дунджаар ердөө 57,3 жил амьдрах аж. Хөгжил буурай Афганистан, Зимбабве, Сомали, Папуа-Шинэ Гвиней улсууд жагсаалтын сүүлийг мушгиж байгаа аж.