УИХ–ын дарга М.Энхболд өнгөрөгч гуравдугаар сард захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллах шийдвэрийг гаргасан. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ажлын хэсгийг ахлахаас татгалзаж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва түүний оронд ахлахаар болсон билээ.
Тун удахгүй Оюутолгойн ажлын хэсгийнхэн УИХ-д ажлаа тайлагнах аж. Нөгөөтэйгүүр, албан бус эх сурвалжийн хэлж буйгаар ажлын хэсэгт багтсан зарим гишүүд өөрийн хүсэлтээр татгалзаж, гарах хүсэлтээ өгчээ. Учир нь УИХ-ын намрын чуулганаар Валютын сангийн тухай хууль болон Татварын тухай багц хуулийн өөрчлөлтөд Оюутолгойн ордын үйл ажиллагааг дэмжсэн заалт байгаа учраас энэ талын лоббид автсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Б.ПҮРЭВЖАВ