Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зардалд 200 тэрбум төгрөгийг зарцуулна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн. Ирэх оны улсын төсөвт сууж буй дээрх зардлаар сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулж, гэр хорооллын 100.000 айлын янданд утаа шүүгч байрлуулах гэнэ.
Яндан тус бүрт 200 ам.доллар буюу 500 гаруй мянган төгрөг зарцуулна. Үүний өртөг нь нийтдээ 54 тэрбум төгрөг болно гэсэн салбарын сайдын мэдээлэл олон нийтийг бухимдуулж байна. Иргэд энэ арга хэмжээг “Төсөл нэрээр төсвийн мөнгө идэх арга” хэмээн шүүмжилж байгаа юм. Харин эрдэмтэд энэ талаар юу хэлэв?
Энэ удаа ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Химийн шинжлэх ухааны доктор Ж.Тэмүүжингийн ярилцлагыг уншигчиддаа хүргэе.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд 100 мянган айлын янданд шүүлтүүр суулгана. Үүнд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж салбарын сайд нь мэдэгдлээ. Та өөрийн цахим хуудастаа энэ төсөлтэй холбогдуулж зөвлөгөө оруулсан байсан. Төслийг хэр өгөөжтэй гэж Та харж байгаа вэ?
-Би сайдын мэдээллийг интернэт орчноос авч, зүгээр л өөрийн бодож санасанаа бичсэн юм. Гэхдээ сайдын хэлж байгаа тухайн шүүлтүүрийг ямар зарчмаар яаж ажиллахыг мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар дутуу шатсан тортогийг дахин шатаахаар тортог нь гарахгүй гэж үзсэн шиг байгаа юм. Тэр төхөөрөмжөө Хятадын компаниас авах юм гэсэн. Би бол төсөлд оролцож байгаа инженерүүдэд хандаж, цахим хуудастаа тортогоос гадна эрдэсүүд цуг гараад байгаа юм. Эрдэсийн хэмжээг хэр зэрэг байна вэ гэдгийг сайн тооцож, багасгах талаар бодоорой гэсэн зөвлөмжийг нийтэлсэн. Төслийн инженерүүд үүнийг тооцож байж ч мэдэх юм. Энэ талаар би мэдэхгүй байна.
-Хүмүүс агаарын бохирдол гэхээр PM-ын хэмжээ нь их, бага байна гэдгээр ойлгодог. PM буюу тоосонцороос гадна агаар бохирдуулагч өөр элементүүд хүний эрүүл мэндэд хэр их нөлөөлдөг вэ?
-Эхлээд агаарын бохирдол гэдэгт юуг авч үзээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй юм. Тухайлбал, АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг гэж байдаг. Тэд агаарын бохирдлыг 6 төрлийн үзүүлэлтээр авч үздэг. Үүнд озон, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор буюу манайхны хэлдгээр PM, хар тугалга, хүхрийн давхар исэл орно. Манайд бол агаар бохирдуулаад, харлаж харагдаад байгаа тэр утаа нь нүүрсний шаталтаас үүсч байгаа юм. Нүүрсний шаталтаас үүсч байгаа бохирдлын нэлээд их хувийг тоосонцор эзэлдэг. Тиймээс манайхан тоосонцорыг гол үзүүлэлт болгон авч үздэг. Миний ажигласнаар тоосонцор нь хоёр зүйлээс бүрдэж байна. Нэгт нь, дутуу шатсан нүүрсний маш нарийн ширхэгтэй хэсэг буюу тортог байна. Хоёрт, органик бус эрдэсүүд орж байгаа юм. Нүүрс шаталтын явцад шатдаггүй, органик бус шаварлаг эрдэсүүд чийгний ууртай хамт агаарт дэгддэг. Тэгэхээр дутуу шатсан нүүрсний тортог, органик бус эрдэсүүд нь агаарын бохирдлыг үүсгээд байна гэж ойлгож болно.
Озон, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл нь хий учраас одоо манайд хэрэглэж байгаа шүүлтүүр шүүх боломжгүй.
Сонирхуулаад ярихад, зарим улсын цахилгаан станцуудад хүхрийн давхар ислийг бариад авдаг. Яаж вэ гэхээр, шаталт явагдаж байхад гарч байгаа хийг шатаасан шохойг усанд хийсэн шохойн уусмал руу шахаад, түүнээс гипс үүсдэг. АНУ-д гэхэд түүгээр гипсэн хавтангийнхаа нийлүүлэлтэд ашигладаг. Гэхдээ эдийн засгийн хувьд төдийлөн ашиггүй учраас хөнгөлөлт үзүүлж байж үйлдвэрлэл нь явагддаг юм гэсэн. Гол нь хүхэрлэг хийнээс шалтгаалсан хүчиллэг борооноос сэргийлэх энэ процесс нь байгаль орчноо хамгаалах ач холбогдолтой учраас хөнгөлөлт үзүүлдэг гэсэн.
-Тэгвэл тортогийг багасгах арга хэмжээ авахаас гадна эрдэсүүдийг нь багасгаж байж агаарын бохирдол багасна гэж ойлголоо. Ийм арга бий юу?
-Миний хувьд агаарын бохирдлыг бууруулахад хоёр төрлийн аргыг санал болгоод байгаа юм. Хагас кокс буюу шахмал түлш ашиглах, нүүрс угаах гэсэн арга бий. Нэг нь тоосонцорыг, нөгөө нь хийн төрлийн нэгдлүүдээ багасгах юм.
1/Хагас коксын арга ашиглахад нүүрсний илчлэг нэмэгдэнэ, органик төрлийн азотын хий, хүхэрлэг хий, ус зэрэг нь багасна. Гэхдээ эрдэсийн хэмжээ хэвээр үлдэнэ. Ус багасахаар эрдэсүүдийг зөөвөрлөх хэмжээ багасна гэсэн үг юм.
2/Угаасан нүүрс гэхээр тоосонцор, эрдэсийг нь угаагаад багасгана гэсэн үг. Гэхдээ энэ аргыг хэрэглэсэн тохиолдолд эрдэсүүд багасч, азот, хүхэрлэгийн хий, ус нь үлдэнэ. Жоохон тоосонцор үлдлээ гэхэд ус түүнийг зөөвөрлөж агаарт дэгддэгээрээ л дэгдээнэ.
Энэ аргуудаар гол нь Улаанбаатарынхаа хэрэгцээг хэр зэрэг хангаж чадах вэ гэдэг нь асуудал юм.
-Нүүрсний чийг их нөлөөтэй юм байна гэж санагдлаа. Ер нь хаанахын нүүрс хамгийн бага чийгшилтэй байдаг бол?
-Монголын нүүрсэнд их хэмжээний ус агуулагддаг. Дунджаар 20-30 хувийн чийг агуулагдаж байдаг. Шивээ-Овоо хамгийн их чийгтэй бол айлуудын өргөн хэрэглээний Алаг толгойн нүүрс харьцангуй бага хэмжээгээр чийг агуулдаг байх жишээтэй.
-Манайд нэг хэсэг бүрэн шаталттай зуух туршсан. Энэ хэр үр нөлөөтэй байсан гэж та боддог вэ?
-Бүрэн шаталттай зуух нөлөөгүй биш, нөлөөтэй юм шиг байсан. Бид нар нүүрс аваад хоёр хуваагаад нэг хэсгийг нь бүрэн шаталттай зууханд, бусдыг нь ердийн зуухан шатаагаад үзэхэд бүрэн шаталттай зуухнаас гарсан үнсний хэмжээ арай бага байсан. Тэгэхээр шаталт нь ердийн зуухнаас арай илүү явагдаж байна гэж ойлгосон. Шаталт нь бүрэн явагдана гэдэг нь агаарт дэгдэх нарийн тортог нь бага байна гэсэн үг.
Гэхдээ агаарын бохирдлыг бууруулаагүй гэж шүүмжилж байсан. Үүний шалтгаан нь усны ууртай дэгдсэн эрдэсүүд байж магадгүй гэж би бодсон. Усны ууртай дэгдээд гарахаар аерозоль гэж мананцар шиг зүйл үүсэх гээд байдгаас болж агаарын бохирдол багасаагүй гэж үзсэн байх. Үүнийг батлахын тулд би АШУҮИС-ийн судлаачтай хамтраад нэг туршилтыг хийсэн юм.
Бид Багануурын нүүрс авч хоёр хуваагаад нэг хэсгийг нь 100 орчим градуст хатаахад 27-28 хувийн чийг нь байхгүй болсон. Ингээд чийгтэй болон чийггүй нүүрсүүдээ хоёр ижил зууханд шатаалт хийж үзээд утаанд нь ижил нөхцөлд агаарын бохирдлыг үздэг шүүлтүүр тависан юм. Тэгэхэд хатаасан нүүрснээс гарч байгаа PM-ын хэмжээ 40 хувь буурсан байсан. Харин шүүлтүүрт цахиур, хөнгөн цагаан, кальцийн төрлийн оксидууд үлдсэн байсан. Үүнээс үзэхэд чийг энэ нэгдлүүдээ агаарт авч дэгддэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.
-Таны бодлоор агаарын бохирдлоос салах хямд төсөр ямар арга байна?
-Туршилтаа хийсний дараа би тоосонцорын хэмжээг хялбар, хямд байдлаар багасгах ямар арга байж болох вэ, нүүрсээ хялбар аргаар хатаах ямар арга байна гэж бодсон. Дулааны цахилгаан станцууд 200 хүртэлх температурын даралттай илүүдэл уур гаргадаг. Тэр уурыг ашиглаад конверн маягийн хатаагч хийчихвэл нүүрсээ хурдан хатаагаад чийг багатай нүүрс гаргаж болох юм болов уу гэж бодсон.
Гэхдээ нүүрсний чийг багасахаар нүүрс бутрамтгай, үйрэмтгий болдог учир хатаасан нүүрсээ нягтаршуулах шаардлага байгаа юм.
Манай цахилгаан станцуудын ойролцоо ихэвчлэн хөнгөн блокын үйлдвэрүүд байдаг шүү дээ. Хөнгөн блокыг автоклав гэдэг зүйл дотор буюу даралттай уурын нөхцөлд бэхжүүлж гаргадаг юм. Түүнд хэрэгцээтэй уурыг цахилгаан станцуудаас гарч байгаа илүүдэл уураас авч ашигладаг юм.
-Шахмал түлшийн үнэ өртөг өндөр гээд айлууд хүрэн нүүрсээ хэрэглэхийг илүүд үздэг. Ер нь илчлэгийн хувьд аль нь илүү вэ?
-Уг нь хатаасан нүүрсээ нягтаршуулаад Н.Алтанхуягийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс нийлүүлж байсан шиг зарж тараах юм бол үр дүнтэй байж болох юм. Зөвхөн Багануурын нүүрс гэхэд л 20 гаруй хувийн чийгшилтэй байдаг гээд бодохоор жишээ нь, нэг айл 1 тн нүүрс авлаа гэхэд 200 гаруй кг нь зүгээр ус авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд чийгтэй нүүрсийг зууханд хийж шатаахаар нэгдүгээрт нүүрсний шаталтаас үүссэн дулаан нь эхлээд чийгээ ууршуулахад зарцуулагдаад байдаг. Чийгтэй нүүрсийг харахаар дутуу шаталт явагдаад хар утаа их гардаг шүү дээ. Тэгэхээр 15-аас багагүй хувиар дулаан нь чийгээ ууршуулахад зарцуулагдаад байх шиг байгаа юм. Үүнийг бид хатаасан нүүрс, чийгтэй нүүрс хоёрынхоо илчлэгийг нь зориулалтын багажаар үзсэн. Гол нь хатаасан нүүрсийг айлууд хэрэглэхэд бутрамтгай учраас хэрэглэхэд тохиромжгүй, хүндрэлтэй. Тиймээс түүнийг зайлшгүй шийдэх хэрэгтэй юм.
Агаарын бохидлыг бууруулах төгс шийдэл бол энэ биш, гал унтраах төдий л арга юм. Төгс шийдэл бол нүүрс түлэхгүй байх.
-Шахмал түлшний үйлдвэрүүд таны хэлээд байгаа аргыг хэрэглэдэг болов уу?
-Тэдгээр үйлдвэрүүд энэ аргыг хэрэглэж байх ёстой. Хагас кокс болгосон нүүрсээ шахаж барьцалдуулаад хэрэгцээнд зориулсан хэмжээгээр үйлдвэрлэж гаргаж байгаа байх. Угаасан нүүрсийг одооноос л Тавантолгой ХК үйлдвэрлээд гаргаж эхэлж байна.
Я.ХУЛАН
1 comment
minii bodloor narnii zain park baiguulj tuunees ailuudad hymd tsahilgaan damjuulj suuliin ueiin baga tsahilgaan hergeleed bdag halaaguur olj niiluuleh heregtei gej boddog ,ingej ajillaj bj daraagiin tohiroh ajilaa saitar sudlaj bolno , hytaduud nuursnii utaag bagasgah talaar iim l ajillagaa yvuulj bgaa yum bnlee ,narnii dulaaniig avch ashilaad uzhed zardal n ydaj baga bh bolov uu!!