Хураагдсан 1.3 сая ам.доллар Вангийн мөнгө биш Янгийн мөнгө…

Алт, мөнгөний ордын лиценз эзэмшиж байсан жирийн нэг иргэний гэрээс АТГ-ын мөрдөгчид 1.3 сая ам.доллар хураасан хэрэг нийтийн анхаарлын төвд байна. Энэ тохиолдол уул уурхайн ордыг дамлан наймаалцдаг этгээд болон тэдэнд ашигтай шийдвэр гаргаж өгсөнийхөө шанд их хэмжээний авлига авдаг байх магадлалтай хууль хүчний байгууллагуудын нууцлагдмал сүлжээг чамлахааргүй хэмжээнд ил гаргасан явдал болов.

Хэргийг тойроод олон арван тодорхойгүй асуултууд хөвөрч байна. Ээдрээтэй асуултыг мухарлахаас өмнө харин гэмт хэргийн бүлэглэлүүд шуурхай хөдлөж, шалгалт явуулж байгаа байгууллагуудыг, цаашлаад иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлэх замаа засаж байх шиг.

Хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэргийн үйлдлээ нуун далдлах үйлдлийг урт удаан хугацаанд тогтвортой явуулж, нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Үүндээ хэвлэл мэдээллийг ч татан оролцуулах сонирхолтой байх шиг.

1.3 сая ам.доллар иргэн Г.Жаргалангийн гэрээс олдсон. Г.Жаргалан гэгч этгээд  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь алт, мөнгөний нөөцтэй Салхитын ордын лицензыг эзэмшиж байгаад 2012 онд Хятадын иргэний “CCMX” компанид 2 тэрбум орчим төгрөгөөр худалдсан байдаг.

Гэхдээ энэ орд газар Г.Жаргалангийн өмч байгаагүй. Тэр 2010 онд өөрийн хадам ах Ш.Мөнгөншагайгийн хамт “Жи пи эф” нэртэй компани байгуулан Салхитын мөнгөний ордын 7991Х, 12772Х, 12773Х тоот хайгуулын гурван лицензийг “Их монгол майнинг” компаниас 80 мянган ам.доллараар худалдан авсан байх аж. “Жи пи эф” компанийн 40 хувийг Г.Жаргалан, 60 хувийг Ш.Мөнгөншагай эзэмшдэг. Ш.Мөнгөншагай Дундговийн гаралтай алдарт уяач.

Гэвч Г.Жаргалан Салхитын мөнгөний ордын лицензийг 2012 онд “CCMX” компанид зарсан. Харин Ш.Мөнгөншагай нь хүргэн дүүгийнхээ энэ үйлдлийг огт мэдээгүй. 2015 онд олж мэдээд шүүхэд хандсан. Энэ цагаас хойш Монголын шүүх Ш.Мөнгөншагайн “Хүргэн дүүдээ гомдсон гомдол, Хятадын компани бол Салхитын ордын эзэмшигч биш. Би эзэн нь юм байгаа юм” гэсэн гомдлыг гурван жил хэлэлцэж байгаа.

Шүүхээс энэ хооронд 5 удаагийн шийдвэр гарсан ч маргаан эцэслэгдээгүй. АТГ-ын 1.3 сая ам.долларын “олдвор”-той зэрэгцэн Монголын цагдаагийн дарга нар, хурандаа тэргүүлж, тасгийн дарга, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гадаадын иргэн харьяатын дарга нар авлигын хэрэгт сэжиглэгдээд байна. Энэ бол хэргийн товч түүх.

Хэвлэлүүд хэрэгт Төмөр замын цагдаагийн газрын дарга Б, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон, ХУД-ийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга н.Алтан-Очир, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга н.Адилбаяр, ахлах шинжээчид холбогдсон тухай мэдээлж байв. Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хэрэгт мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, дүүргийн цагдаагийн дарга, өөр нэг аймгийн цагдаагийн дарга, дахиад нэг тусгай цагдаагийн дарга шалгагдаж байгаа гээд мэдэгдчихсэн.

Харьяа агентлагуудын эрх бүхий албан тушаалтнууд нь 1.3 сая ам.доллартай холбоотой авлигын гэмт хэрэгт холбогдчихсон  үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэрэгт хэн хэнийг шалгаж байгаа вэ гэдгийг нэрлэсэн хэдий ч зарим хууль хяналтын байгууллагууд нэр холбогдсон албан тушаалтнаа буруугүй хэмээн зарлаад амжсан.

Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл буюу Монголын баялагийг Хятадын Ван, Ян нэртэй хоёр иргэн булаацалдсан. Хууль хяналтынхан Янгийн тал, Вангийн тал гээд талцчихсан байж байна” гэсэн утгатай мэдээллийг өгчихөөд байгаа.

Ерөнхийлөгч авлигын гэмт хэргийн хавтаст хэргийг сөхсөн мэт ярьж, бараг л “Хураагдсан мөнгө бол Вангийн мөнгө биш Янгийн мөнгө” гэх мэт ялгаад хэлчихсэнгүй. Зэрэгцээд хэрэг шалгагдаж дуусахаас өмнө цагдаагийнхан нэг хурандаагаа нэр холбогдоогүй гэж мэдэгдээд буй. Одоо тэдний араас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гадаадын иргэн харьяатын газар хөдлөөд эхэлбэл хэргийн хувь заяа хаашаа эргэх вэ?

Түүнчлэн хадам ах, хүргэн дүүгийн маргааныг анхлан хэлэлцэж, таван өөр шийдвэр гаргасан шүүгчдэд ч арьсаа хамгаалах бодол нуугдаж байгаа болов уу. Ийм үйл явдал өрнөвөл Ерөнхийлөгчийн тусламжтай олж мэдсэн, хураагдсан 1.3 сая ам.доллар Вангийн мөнгө үү, Янгийн мөнгө үү. Үүнийг хэн хэнд хэрхэн хуваарилах гэж байсан бэ гэсэн асуулт эзэнгүй үлдэж мэдэх юм.

Их хэмжээний мөнгөөр Монголын хууль хяналтын байгууллагын алба хаагчдыг худалдаж авах гэсэн үйлдлийг илэрсэн дээр нь таслан зогсоож чадаагүйн хор уршигийг нийтээрээ амсахаас өмнө ашиг сонирхлоо зогсоовол ямар вэ, албан тушаалтнууд аа!

Я.ХУЛАН

5 thoughts on “Хураагдсан 1.3 сая ам.доллар Вангийн мөнгө биш Янгийн мөнгө…

  1. Mongol 2018-10-20 08:04 at 08:04

    Mash uruvdultei huuli shuh huchnii baiguullaguud. Ene ulsiig ta nar dampuuruusan shu

    Хариулах
  2. mgl 2018-10-20 20:47 at 20:47

    энэ улс орон өнгөрчээ, төрийн албан хаагч нар нь ингээд харийнхантай сүлбэлдээд, баялагаа хямдхан зараад сууж байдаг, улсаа дуусгаад харийн боол болох нь дээ.

    Хариулах
  3. zochin 2018-10-21 03:45 at 03:45

    hurgen ah duu hoyoriin margaan yasan ih gazar avaa ve yamar olon hun holbogdoo ve zarsan ordoo ih yumtaig medeed ireheeree butsaaj deeremdeh gej ulairtsgaagaad yerenhiilugch ni hurtel oroltsood uneheer sunutsun uls yumdaa ingeed l gadnii hurungu oruulagchdiig urgeegeed bgaa shuudee yer ni bank uul uurhai ashigtai yamar l biznes bna gaigui ajillaad ireheer ni deeremdeed avchihdag boljdee

    Хариулах
  4. төрөө цэвэрлэе 2018-10-21 17:27 at 17:27

    ЭХ ОРНоо зархад ч бэлэн авлигачид, луйварчид төр барьж байна. АРД түмэнд тэмцэх л ганц зам байна

    Хариулах
  5. mongol 2018-10-22 10:28 at 10:28

    Ene oilgomjtoi yam bish uu ah duu hoeriin margaan garaad irenguut ni tuuniig huuli hyanaltiin humuus dalimduulan uursudduu ashig oloh zorilgo taviad ter ni daamjirsaar iim baidald hurgesen bn tegvel odoo ene heregtei holbogdson buh huniig tusgaarlaad shineer ajliin heseg tomilood shalgah heregtei shuu dee

    Хариулах

mongol-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн