Иргэдийг мөс цөмрөх, шар усны үерт автах аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Энэ жил шар усны үерийн хэмжээ олон жилийн дунджаас даруй хоёр дахин их байх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлэв.
Их Хянганы нуруунаас эх авсан Халх голын савд хаврын шар усны үер энэ сарын дундуур хамгийн их хэмжээндээ хүрэх аж. Мөн Халх голд мөсөн хахаа үүсэж үерийн түвшин улам нэмэгддэг онцлогтой.
Хангай нурууны салбар уулс, Булнай нурууны араас эх авах Тэс, Хан Хөхий нурууны Баруунтуруун болон бусад голуудын хаврын шар усны үер энэ сараас эхэлсэн үер ирэх сарын эхний арав хоногт хамгийн дээд хэмжээндээ хүрэх гэнэ.
Гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-20 см нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижсэн байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө 10 хэмийн дулаан байх бөгөөд илүү дулаарах тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэх төлөв ажиглагдав гэж ОБЕГ-аас мэдээлэв.