“Нүд гэдэг бол хүний эмзэг эрхтэн хэдий ч хүрсэн ойртсон бүхнээс шууд өвчлөөд байдаггүй юм” хэмээн яриагаа эхлүүлсэн П.Цэрэндулам эмчийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр “Сүхбаатар эрүүл мэндийн төв”-ийн нүдний ахлах зэрэгтэй эмч бөгөөд түүнтэй хүүхдийн нүдний арчилгаа, хамгаалал, эрүүл ахуйн чиглэлээр маш сонирхиолтой яриа өрнүүллээ. Магад таны урьд өмнө дуулаагүй шинэ содон мэдээллүүдийг өгнө гэдэгт итгэж байна.
-Эцэг, эхчүүдийн сайн мэдэхгүй ч мэдэхэд илүүдэхгүй нярай хүүхдийн нүдтэй холбоотой ямар асуудал элбэг байдаг вэ гэсэн асуултаар яриагаа эхэлье гэж бодож байна?
-Хүний хоёр нүдний дотор талд нүх байдаг шүү дээ. Энэ нүх нь доошоо хамрын хөндий рүү холбогдож байдаг юм. Хүүхдийн анхны уйлалтаар тэрхүү хөндийд байгаа нимгэхэн хальсаар бүрхэгдэж байдаг нулимсны сүв нь даралтын улмаас хагарна. Хэрэв хагарахгүй үлдвэл хүүхэд нулимс гоождог, нуухтдаг өвчтэй болно. Үүний гол шинж нь хүүхэд уйлалгүй хэвтэж байхад, гадаа гарахад л нулимс нь урсаад, нуухтах зовиур.
Хоёрдугаарт, зарим жирэмсэн эх жирэмсний сүүлийн сард доошоо юм гараад байна гэх тохиолдол байдаг. Гэтэл энэ эх ямар нэгэн шинжилгээ өгөхгүйгээр, эмчид үзүүлэлгүйгээр эмгэг төрүүлэгч бактертай байж байгаад хүүхэд хэвийн төрөх замаараа төрөх юм бол нүд халдвар авчихдаг. Үүнээс болж төрсний дараа хүүхдийн нүднээс ногоон нуух гарч эхэлнэ.
Гуравдугаарт, хүүхэд төрөөд гадаад орчиндоо дасан зохицохын тулд нүднээс нуух гарах шалтгаан байж болно.
-Монголчууд хүүхдийн нүд өвдлөө л бол хөхний сүү дусаадаг. Анагаах ухааны талаас үзвэл энэ зөв үү, буруу юу?
-Айхтар ногоон нуух гарч байхад нь дээрээс нь хөхний сүү дусаавал нөгөө муухай бактерыг улам бүр тэжээгээд байдаг. Сүү дусаагаад тэжээлт орчин бүрдүүлж өгчихдөг. Тиймээс хөхний сүү огт дусааж болохгүй. Нүднээс нулимс, нуух гараад, улайгаад байвал заавал нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой. Хэрэв ногоон нуухтай удаан хугацаанд явах юм бол эвэрлэг бүрхэвч /хүмүүс нүдний бор гэдэг/ -ийг өрөвсүүлдэг юм. Улмаар ингэж удаан явсан нярай хүүхдийн нүдэнд цагаа унах эрсдэлтэй. Манайхан өөрсдөө дур мэдээд л сүү дусаана, бас хар өнгийн даавуугаар нүдийг нь даруулж бооно, арчина. Нүд өвдөхөөрөө гялбадаг болчихдог учраас хар даавууг зүгээр л нүд гялбуулахгүй гэж л хэрэглэдэг учиртай байх. Хар домын аргыг би мэдэхгүй юм даа. /сурв: инээв/
-“Нүдний бор” гээд байгаа энэ хэсэг янз бүрийн өнгөтэй байдаг. Энэ ямар учиртай юм бол?
-Уг нь эвэрлэг бүрхэвч буюу нүдний бор бол шил шиг тунгалаг эрхтэн. Энэ нь гэрлийг ойлгоод юмс үзэгдлийг дотогш дамжуулж байгаад нүдний хамгийн арын шар толбо гэдэг эрхтэн дээр цуглуулж боловсруулаад, арагш тархинд мэдээлэл болгон дамжуулдаг юм. Харин өөр өнгөтэй байдгийн тухайд гэвэл солонгон бүрхэвчийн өнгө нь өөр өөр байдагтай холбоотой. Нүдний өнгийг солонгон бүрхэвч тодорхойлдог гэсэн үг.
-Хүүхдийн нүдийг цэвэр байлгахдаа яаж, юугаар угаах ёстой вэ. Эсвэл дан усаар угаах ёстой юу?
-Сүүлийн үед хүүхдийн нулимс гаргадаггүй шампунь, нүдэнд орсон ч хорсгодоггүй бие угаагч байдаг болсон. Тийм л бүтээгдэхүүнээр хүүхдээ угаахад зүгээр дээ. Нүдийг байнга цэвэр л байлгах хэрэгтэй. Бохир гараар угааж болохгүй. Нүдний өвчин гэдэг нэгнээсээ нөгөө рүү халдварлан өрөвсөх магадлал өндөр байдаг.
-Угаалга, арчилгаанаас гадна сүүлийн үед нэг зүйл нэлээд анзаарагдаад байх боллоо. Юу вэ гэхээр, солир, хялар нүдтэй багачууд, нялх нярай хүүхдүүд цөөнгүй таараад байна. Энэ юунаас болдог юм бол?
-Нүдийг зүг бүрт харуулж байдаг нүдний 6 төрлийн булчин бий. Дээр, доор, хоёр талд, хоёр ташуу гэсэн 6 булчингийн аль нэгнийх нь бэхэлгээ, жишээлбэл нүдний бороос төчнөөн хэмжээний зайд байрлах ёстой байтал тэр хэмжээ нь алдагдсан тохиолдолд гадагшаа, эсвэл дотогшоо татагдаад хялар болно. Тэгэхээр энэ бол төрөлхийн хялар. Хэвлий доторх хортой нөлөөнөөс булчингийн байрлал өөрчлөгдөх магадлалтай. Энэ бол булчингийн байрлалтай холбоотой хялар өвчин.
Мөн хасах, эсвэл нэмэх шилний гажигтай хүүхдүүд байдаг. Эмчид үзүүлж, шинжилгээ хийлгээд хасах, эсвэл нэмэх шилээ зүүхгүй бол хялар болно. Ийм шилний шаардлагатай хүүхдүүд шилээ зүүхгүй бол хялар болно, шилээ зүүгээд байвал хялар нь засагддаг.
Булчингийн байрлалтай холбоотой хялар хүүхдүүд заавал эмчлүүлж, засуулахгүй бол мохос хараа гэж үүснэ. Нэг нүдээрээ харсаар байгаад нөгөө нүд нь хөгжилгүй болдог. Бүр насан туршдаа засагдахааргүй мохос хараатай болно гэсэн үг. Манайхан залхуу нүд ч гэдэг. Мохос хараатай болох л юм бол хүн өөрийгөө нэг нүдтэй л гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүд шил зүүгээд ч засагдахгүй л бол яаралтай эмчилгээнд орох хэрэгтэй.
-Зовхи унах өвчин гэж бас байдаг. Энэ бас юунаас болох вэ?
-Энэ бас л төрөлхийн болон олдмол гэж байна. Зовхийг дээш нь татаж байдаг булчингуудын саажилтаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, булчинг өргөж байдаг мэдрэлийг гэмтээвэл зовхи унах өвчтэй болно. Эсвэл доторх ургийн гажигтай холбоотойгоор үүсдэг. Ингэхээр бас л хүүхдийн хараа хааж байгаа учраас залхуу хараа үүсэх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийн нүдийг торох юмгүй байлгаж байж хөгжүүлэх учиртай.
-Гэтэл өнөөгийн нийгэмд хүүхдийн нүдэнд өөр байдлаар торох юм их болж л дээ. Өөрөөр хэлбэл, дэлгэц, таблетын талаар ярих гэж байна. Бид өчнөөн ярьж хэлээд, сануулж анхааруулаад нэмэргүй байна.
-Энэ бол маш чухал асуудал. Хүүхэд өнөөдөр нэг газраас гараад л нөгөө газар луу орчихож байна. Ийм дөрвөлжин, хязгаарлагдмал орчинд байгаа хүүхдийн хараа яаж хөгжих билээ. Дээр нь гар утас, телевиз, компьютер, элдэв таблет гээд хүүхдүүд ганцаардмал орчинтой болж байна. Уг нь хол, ойрыг харж байж хүүхдийн нүдний булчин хөгжиж, алсын хараа сайжирдаг. Сүүлийн үед харааны гажигтай хүүхдүүд маш их нэмэгдэж байна. Шилтэй хүүхдийн тоо эрс ихсэж байна. Энэ бол ерөөсөө л хотжилттой холбоотой. Анагаахын хэллэгээр бол хасах, нэмэх шилний гажигтай гэж ярьдаг зүйлийг хүмүүс хол, ойрын хараа муутай гэж хэлдэг юм. Хүүхдүүдийн дунд хасах шилний гажигтай буюу холын хараа муудах явдал илүү их нэмэгдэж байгаа.
-30 минут зурагт үзэх юм уу, компьютер шагайгаад, эсвэл хичээлээ хийгээд заавал нүдээ амраа гэж зөвлөдөг. Гэтэл үнэндээ энэ хэзээ ч амьдрал дээр биеллээ олох боломжгүй. Тэгэхээр өөр ямар нэгэн арга бий юу?
-Боловсролын системд 45 минут хичээллээд 5-10 минут завсарладаг чинь үүнтэй холбоотой юм шүү дээ. Хүний нүд 35-45 минут болоод цуцдаг эрхтэн юм байна. Миний бодлоор хичээл дээр харааны эрүүл ахуйн дэглэмийг оруулж өгмөөр байгаа юм. Нүдний дасгал хийлгэнэ гэсэн үг. Хүүхдүүд өөрсдөө хийхгүй юм чинь багшаар нь удирдуулаад дасгал хийлгэж нүдний булчинг суллаж амраах хэрэгтэй. Тэгэхгүй бол булчин цуцсанаас болж хараа мууддаг юм.
-Хараа нь муудсан хүүхдийн хараа жил ирэх тусам улам муудаад байдаг. Үүнд зориулсан эмгүй эмчилгээ гэж байх уу?
-Тийм зүйл огт байхгүй. Хүүхдийн нурууны өсөлт нэмэгдэх тусам харааны шилний хэмжээ нэмэгдэх магадлал өндөр байдаг. Эцэг эх нь гадуур тоо томшгүй болсон шилний дэлгүүрээр очиж харааг нь шалгуулсан болоод шил авч өгөөд зүүлгэчихдэг. Үнэндээ тэр газруудад нүдний нарийн мэргэжлийн эмч огт байдаггүй юм. Бас харааг нь яг цав тогтоох хэрэгсэл ч тэнд байхгүй. Тийм газраас нүдний хараанд нь тохироогүй шил авч өгөхөөр хараа нь улам муудахаас яахав.
-Хараа тодорхойлж, шил хийж зардаг том том төвүүдэд нүдний чиглэлийн эмч огт байхгүй гэж үү. Хараа шалгаад байдаг санагдах юм?
-Тэд компьютерийн аргаар л хүүхдүүдийн харааг тогтоодог. Энэ бол маш буруу. Хүүхдийн нүдний цуцсан булчин дээр тэр компьютер хэзээ ч зөв гардаггүй. Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр тийм юм хийгээд байдаг. Тэнд мэргэжлийн хүмүүс байхгүй. Тэгээд хүүхдийн хараны шилийг дандаа дутуу хийнэ. Дутуу шил зүүснээс жилээс жилд хараа нь улам мууддаг юм. Яг нүдний нарийн мэргэжлийн эмчтэй газар Монголд тун ховор. Одоо манай Монголд нүдний шил тааруулдаг нарийн мэргэжлийн хүн бэлтгэх гээд ярианы түвшинд байгаа юм билээ. Шил тааруулна гэдэг маш том шинжлэх ухаан.
-Тэгэхээр хүүхдийн харааны бодит хэмжээг яаж тогтоолгож шил авах ёстой вэ?
-Ер нь эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд 16 нас хүрээгүй хүүхдэд худалдааны газруудаас шил тааруулж огт болохгүй. Үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Хүүхдийн нүдний булчинг сулладаг тусгай уусмалыг дусаагаад тодорхой хугацааны дараа бүрэн суларсан үед хүүхдийн харааг шалгахад үнэн зөв, бодитой гардаг. Тэр уусмалыг эмийн санд ч зардаггүй, эмнэлгийн журмаар захиалж авчирдаг. Тиймээс нүдний нарийн мэргэжлийн эмчид хандаж, зориулалтын дагуу харааг нь шалгуулж тогтоолгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Эцэст нь сонирхож асуухад, гоо сайхны мэс ажилбар манайд нэлээд дэлгэрч байгаа. Тэгвэл хүүхдэд давхраа оёхыг зөвшөөрч болох уу. Хэдэн нас хүртэл нь нүдэнд нь хүргэж болохгүй вэ?
-Би үүнийг тодорхой хэлж мэдэхгүй ч, хүний ясны хэлбэр хөгжиж тогтох хүртэл 25 жил үргэлжилдэг. Тэгэхээр нүүрний хэлбэр ч өөрчлөгдөнө. Ингээд бодохоор 25 наснаас хойш л энэ тухай ярьсан нь дээр болов уу. Тэрнээс манай хүүхдүүд ингэж явах дэмий байх.
-Сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө өгч ярилцсан танд их баярлалаа.
-Та бүхэн мөн хүний эрүүл мэндийн төлөө хамтран ажиллаж байгаад талархлаа.
Эцэст нь сонирхуулахад, хүүхэд эхээс дөнгөж төрөөд л нүдээ нээдэг боловч хоёр сар хүртэл нүдний бүтэц нь гүйцэт хөгждөг байна. Тэгэхээр 2 сартайд хүүхдийн нүд тогтоно гэсэн үг юм. Харин түүнээс хойш 6 нас хүртэл хараа бүрэн хөгждөг ажээ.
Я.ХУЛАН
1 comment
Баярлалаа, их хэрэгтэй мэдээлэл байна. Энгийн эрүүл мэндийн боловсролоос их зүйлийг мэдэж авна, ийм мэдээлэлийг эцэг эхчүүд болон иргэдэд их өгч байх хэрэгтэй байна даа.